Сурвалжлагын эхний хэсгийг энд дарж уншина уу.
Алтран шаргалтах элсэн манхан дунд торойн байх Замын-Үүд суманд ажилласан хоёр дахь өдрөө “Бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй” гэх чин зүрхний халуун тангарагтай ажиллаж буй гаальчдынхаа аж амьдрал, ажил байдалтай нь багахан ч болов танилцах завшаан олдсон юм.
Манай улсын хамгийн том боомт болох Замын-Үүдийн гааль багагүй өнгө зэсээ зассан нь өөрийн эрхгүй нүдэнд тусч байсныг хэлэх ёстой. Өмнө нь тус газрын хүнд суртал хэрээс хэтэрлээ гэж байнга л хэл ам таталдаг байсан.
Замын-Үүдэд жижиг машин нэг урсгалаар, том машин нэг урсгалаар явдаг болж, хуучны бөөгнөрөл нь арилсан.
Арга ч үгүй би дээ. Өдөртөө хэдэн мянган хүн, хэдэн зуун машин дамжин өнгөрдөг том боомт болохоор олны хөл ихтэй, тэр хэрээр ч хэл амтай байх нь аргагүй.
Өнөөдөр Замын-Үүдэд жижиг машин нэг урсгалаар, том машин нэг урсгалаар явдаг болж, хуучны бөөгнөрөл нь арилсан байв. Техникийн хүчин чадлаараа тэд бүх газрыг машинаар, "I pad"-аар хянаж хил дээрх бөөгнөрөл, хүнд суртал ч багассан нь харагдаж байсан юм.
Тэгээд ч түм түчигнэж байнга л хэл ам дагуулдаг байсан гаалийн ажлыг сайн болсон хэмээн зорчигчид ч үнэлэлт өгөх болжээ. Мэдээж энэ бүхэнд Гаалийн удирдлагын арга барил өөрчлөгдөж, дамжин өнгөрүүлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Өнөөдөр энэ их айлыг бидний сайн мэдэх Улаанбаатар хотын Гаалийн дарга байсан Б.Хишигбат гэх эрхэм удирдан чиглүүлж явна.
Тэрбээр Замын -Үүдийн Гаалийн газрын даргаар томилогдож очихоосоо өмнө Улаанбаатар хотын гаальд хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт зоригтой ажлууд хийж удирдлагуудаасаа “Онц” үнэлгээг авч Замын-Үүдийн Гаалийг яг хотын гааль шиг болго гэсэн үүргийг орлогч дарга Солонгын хамт аван ийнхүү Замын-Үүдийн гаалийн зүг хөлгийн жолоо залжээ.
Тухайлбал, өмнө нь тус газрын гаальчид цайны цаг гээч зүйлийг огт мэддэггүй байсан бол одоо харин тэд энэ бүхнийг зохицуулан бага боловч өөрсдийн эрүүл мэнд, зөв хоололт дээр анхаарал тавьдаг болсон шүү хэмээн гаальчид хэлж байв.
Бид л гаальчид гэдэг чинь авлигачид, хүнд сурталтай гэж дандаа үгээр баалж, хийсэн ажлыг нь харлуулдаг байсан. Тэгвэл нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад үзвэл энэхүү бодол санаа огт эсрэгээр эргэсэн юм.
Учир нь Улаанбаатараас томилогдож ирсэн хоёр дарга гааль дээр ил тод байдлыг нэвтрүүлэхийн тулд бүхий л зүйлийг мэдээллийн самбарт байршуулснаар иргэд болон зорчигчдод төөрч будилахгүй ихээхэн амар болж. Түүнчлэн гаальчдынхаа амьдралын баталгааг сайжруулахын тулд тэдний орон байр, цалин гээд бүх л зүйлийг нь аажим, аажмаар дэс дараатай сайжруулж байгаа нь авлигаас хол байлгах гэсэн бас нэг санаа байжээ.
Өмнө нь тус гаальд ажиллаж байсан маш олон байцаагч авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Харин одоо энэ байдал бараг л байхгүй болж тэдний хангамж сайжирсан учраас байцаагчид хууль бус зүйлтэй хутгалдахаа больжээ. Замын-Үүд хэдий сум ч гэсэн хилийн боомт, улсын үүд хаалга гэдэг утгаараа их онцлогтой гэдгийг хүн хэнгүй мэднэ.
Замын-Үүд хэдий сум ч гэсэн хилийн боомт, улсын үүд хаалга гэдэг.
Өөрөөр хэлбэл, тус газар хамгийн хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, иргэд бизнес эрхлэгчдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр шуурхай зорчуулдаг орчинг зайлшгүй бүрдүүлэх ёстой хэмээн онцгой анхаарсны үр дүнд түгжрэл, бөөгнөрөл иргэдийн бухимдал мэдэгдэхүйц буурсан нь бидний гайхширлыг төрүүлсэн юм.
Учир нь гаалийн удирдлагууд тухайн байцаагчийг өөрийн хийж буй ажлаа дуусгасан цагтаа дараагийн байцаагчид ажлаа хүлээлгэж өгөх хатуухан шаардлагыг тавьснаар ачаалал эрс багасчээ.
Өөрөөр хэлбэл, автозамын шалган нэвтрүүлэх цэгийн шинэ байр ашиглалтад орж, түүгээр зөвхөн ачааны автомашин орж, гардаг болсон бол хуучин байраар суудлын тэргээр зорчигчид үйлчлүүлдэг болжээ. Ингэснээр наймаачдыг олон цагаар хүлээлгэдэг байсан чирэгдэл бага боловч арилжээ.
Түүнчлэн олон төрлийн материал таньж чаддаг рентгенийг гурван сарын өмнөөс ашиглалтад оруулсан байна. Хуучин рентгентэйгээ нийлээд хоёр рентгенийг зэрэг ажиллуулж эхэлснээр хяналт шалгалт чанаржаад зогсохгүй ар, араасаа дараалан зогсох ачааны автомашины урсгал хоёр дахин буурсан байна.
Харин нэг асуудалтай зүйл нь иргэд өөрсдөө мөнгөө буруу зарцуулснаас болж гааль дээр ихээхэн чирэгдэл учруулаад зогсохгүй тэдний нэр хүндийг унагаадаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тухайн иргэн 10сая төгрөгийн барааг улсын хилээр оруулж ирсэн мөртлөө тодорхой хувь заасан татварыг өгөхгүй “Гаалийн байцаагчид биднээс их мөнгө нэхэж байна. Муу сайн авлигачид” хэмээн цоллож тэдний нэр хүндэд халддаг гэнэ.
Бас нэгэн авууштай зүйл нь тус гааль хүний биед үзлэг хийдэг рентген төхөөрөмжтэй болсон байна. Энэ аппаратыг байрлуулснаар ялангуяа, хүний биеийн дотор болон гадна нуусан хориотой зүйлсийг илрүүлэхэд ихээхэн дэвшил гарчээ. Товчхондоо Замын-Үүдийн гаалийн тоног төхөөрөмжийн талаар дурьдаад байвал сонины зай хүрэлцэхгүй. Бас нэг ажиглагдсан зүйл нь “Гаальтай машин” огт харагдахаа ч больжээ.
Учир юу вэ гэвэл “Гаальтай машин” –ыг гаалийн байцаагч нартай “найзууд” болсон нэг ёсны дархлаатай нөхдүүд барьдаг байсан бөгөөд тэр машинаар орж ирж байгаа иргэдийн ачаа тээш ногоон гэрлээр гардаг байж. Товчхондоо бол хилээр дугаар дараалалд оролгүй хурдан гардаг, хяналт шалгалт бараг хийгддэггүй, хамгийн бага татвар төлдөг машинууд байж. Энэ тогтолцоог ашиглан нэг аж ахуйн нэрийн өмнөөс нэлээд олон хүн, эсвэл нэлээд олон аж ахуйн нэгжийн өмнөөс нэг хүн гаалийн бүрдүүлэлт хийдэг байв. Өнөөдөр энэ буруу тогтолцоо алга болж хууль ёсны бичиг баримтыг нь үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийдэг болжээ. Хэрвээ бичиг баримтгүй бол үнэлгээний бусад аргыг хэрэглэн үнэлгээг тогтоодог болсноороо ихээхэн онцлогтой аж. Мөн татвараас бултах дуртай наймаачид хүртэл татвараа яс төлдөг болжээ.
Ямар ч байсан Замын-Үүдийн гааль өөрчлөлт, шинэчлэлтээр амьсгалж байна. Бас нэг хэлэхгүй байхын аргагүй нэг зүйл нь манай гаальчдийн өмссөн дүрэмт хувцас үнэхээр золбоолог гал цогтой харагдаж байв. Өмнө нь тэд ижилсэх биш солонгын долоон өнгөөр хувцаслаж, гаальчдийн нэр хүндийг унагаж байсан. Тэгвэл эх орны нүүр царай болсон хилийн боомт дээр тэд ижилхэн дүрэмт хувцасаар гангарсан нь өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байв. Эцэст нь хэлэхэд Замын-Үүдийн гааль дээр хүнд суртал, авлига хээл хахууль устан алга болж байна.
Ажлынхаа үр дүнг даруухан дүгнэх Замын-Үүдийн гаалийн дарга Б.Хишигбат “ Миний мундагийнх гэж юу байх вэ. Сэтгэл нийлсэн хамт олон байгаа болоод л бидний ажил өөдлөн дэвжиж байна. Мянга сонсохоор нэг үз гэж сайхан үг байдаг. Та бүхэн газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан учраас бид өөрсдийгөө дөвийлгөх шаардлагагүй.
Ямар ч байсан манай хамт олон Монгол Улсын үүд хаалга болсон Замын-Үүдийн гаалийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө ажиллаж байна” гэв. Тэрбээр өнгөрсөн хугацааны энэ бүх ололт амжилтыг ГЕГ-ын удирдлага болон баг хамт олныхоо нөр их хичээл зүтгэлээр олж авсан гэдгийг дахин дахин онцлон хэлж байлаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын гаалийн байгууллагыг өөрчилж, Монгол Улсын Гаалийн байгууллагын түүхэнд шинэчлэлийн зоригтой алхмууд хийсэн Б.Хишибат дарга Замын-Үүдийн гаальд шинэчлэлт, өөрчлөлтийн хүчирхэг салхи сэвэлзүүлээд эхэлж. Өөдлөх айл үүднээсээ гэдэгсэн дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!