Хуулийг гууль болгосон хэсэг нөхдийн мөнгө олох арга улам нарийсч Монголын залуу хойч үеийг ёстой л нэг архин далайд живүүлэх шиг болж байна аа.
Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газрууд хууль ёсоор бол шөнийн 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх хуультай.
Гэтэл зарим газрууд өглөө болтол ажиллаад зогсохгүй, үйлчлүүлэгчдийнхээ биед хүртэл халдсан хэрэг хэд хэд гарч байсан юм.
Эдгээр газрын нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Стелла” баар гэдгийг хэлэх гэсэн юм. Тус шөнийн цэнгээний газар нь ресторантай, мөн караоке баар зэргээр үйлчилдэг юм.
Тус газар нь өглөө болтол иргэдэд үйлчилдэг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчийн эд зүйлсийг барьцаанд авдаг, дээрээс нь үйлчлүүлэгчээ зодож гэмтээнэ гээд үйлчилгээний байгууллагад байж боломгүй олон хууль бус үйлдэл тус баарнаас гарч байсан гэдгийг баттай хэлэх байна.
Үйлдэгдэж буй гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар гарч байна гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байсан.
Хамгийн гол нь шөнийн 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй гэсэн хуулийг тус баарны эзэд мэддэг хэрнээ яагаад ийнхүү хууль зөрчин үүрийн 05:00 цаг хүртэл ажиллаж байна вэ.
Яг үнэндээ шөнийн 00:00 цагаас хойш тус шөнийн цэнгээний ойр орчмоор зочлоод үзэхэд дэндүү эмгэнэлтэй гэмээр дүр зургийг харах болно. Ингээд манай сурвалжлах баг тус баарны байр байдлыг сонирхоод очтол тэр орчим газарт яг л өдөр шиг үйл явдал өрнөж байх юм.
Машинууд дүүрэн эгнэн зогссон байх бөгөөд хоёр гурваараа ярилцсан инээлдсэн хүмүүс, мөн хоорондоо муудалцсан согтуу, зодоон цохион гээд үгүй юм тэнд алга. Шүлэг нойрын цагаар буюу шөнийн 00:03 цагт ийнхүү ойр орчимд орших оршин суугчдын тав тухыг ч алдагдуулж байсан юм.
Энэ баар бүр өглөөний 00:05 цаг хүртэл ажилладаг гэдгийг мэдэж аваад дотогш орж суулаа. Хөлчүүс тамхиныхаа утааг сарнитал чанга, чанга ярих инээх, завхуул зайдан үгс гээд шөнийн цэнгээний газрын байдаг л нэг дүр төрх угтана. Харин бусдаас илүү зүйл гэвэл хавьгүй олон суудалтай юм.
Над руу ирсэн үйлчлэгчээс “танай баар хэдэн цаг хүртэл ажиллах вэ” гээд цаг хяламхийвэл “үйлчлүүлэгч байгаа цагт өглөө болтол ажиллана” хэмээгээд цааш одов. Сайх үйлчлэгчийг ахиад ирэхээр нь “шөнийн цэнгээний газруудыг чинь 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлүүдэггүй биз дээ” хэмээн инээхэд өөдөөс сэжиглэнгүй харснаа “Хүмүүс юм аа захиалаад байхад яах юм бэ” хэмээн их л уурсангүй одон цаашаа бидний сууж буй зүг рүү гараараа дохин ярьж байсан юм.
Ингээд булиа байрын хэдэн залуус бидэн рүү харц салгахгүй байсан учраас сиймхийг нь харж байгаад хурдхан шиг гарч одсон юм. Ямар ч байсан “Стелла” гэх баарны цаана нөлөө бүхий эрхэм байдаг юм байна гэх бодол маань ч улам лавшрав. Эндээс гарахад үүрийн 03:05 цаг болж, ид жавар тачигнаж байхад хөлчүү хүмүүсийн дуу “Стелла”-гийн гадаа ид цуурайтаж байлаа.
Мэдээж биднийг зургийн аппарат болон камертай дотогш оруулахгүй учраас бусдыгаа гадаа үлдээж хоёр хүн нь дотогш орсныг дурьдах нь зүйтэй байх. Биднийг гадаа гартал тус баарны үүдэнд согтуу залуус, охид бүсгүйчүүдийг ичээгээд зогсохгүй өөр хоорондоо нударга зөрүүлж байсан юм. Тус дүүргийн цагдаагийнхан ч тус баарны энэ үйлдлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг нь үнэний ортой.
Тиймээс л ийм газрын ар талд томоохон албан тушаалтан байдаг болоод л тэр биз гэж хардахад хүргэж буй юм. Харин тус газрын ойр орчмын оршин суугчдын хэлж буйгаар “Стелла”-ийн ар талд цагдаагийн нөлөө бүхий эрхэм байдаг тухайг хэлсэн юм.
Тиймээс энэ газарт зодоон нүдээн гарсан ч нэг их арга хэмжээ авдаггүй.
Баар цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш согтууруулах ундааг зарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна.
Аргаа бараад бид орой үдэш ажлаа тараад ирж буй охин хүүхдээ тосч авдаг хэмээн хэлж байв.
Тиймээс л хотын дарга аа гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг “Стелла” гэх шөнийн цэнгээний газарт анхаарлаа хандуулах цаг болсон бололтой.
Учир нь тус цэнгээний газар таны гаргасан тушаал шийдвэрийг зөрчөөд зогсохгүй шөнийн 00:00 цагаас хойш олон нийтэд согтууруулах ундаа зарсаар байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл биш гэж үү.
Энэ талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн дээр ч тус дүүрэгт гэмт хэргийн нөхцөл байдал 19.1 хувиар өссөн үзүүлэлттэйг ч дурьдсан. Үйлдэгдэж буй гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар гарч байна гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байсан. Түүнчлэн өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрынхан тус шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хэд хэдэн удаа цуцалж байсан ч ямар нэгэн аргаар буцаагаад сэргээлгээд авчихдаг тухайг ч хэлж байсан.
Юутай ч хуулийн дээгүүр гишгиж чаддаг “Стелла”-д арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хаах цаг нь болсон юм биш үү. Уг нь бусад баар цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш согтууруулах ундааг зарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэсэн таны гаргасан тушаал шийдвэр цагаан дээр хараар буусан захирамж ч байна. Мэдээж, тэдний ар талд хэн нэгэн улстөрч ч юм уу, эрх мэдэлтэн байдаг учраас л тэд ийнхүү хууль зөрчин суудаг нь дамжиггүй.
Түүнээс биш, жирийн нэг бизнесмэн ийн хууль зөрчсөн бол эрх дархтанууд аль хэдийнээ очоод торгохоос эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авчихсан л байгаа.
Хэрвээ энэ хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бол “Стелла”-г ч гэсэн хуулийн дагуу ажиллуулах хэрэгтэй. Хэрвээ болдоггүй юм бол бүгдийг нь адилхан өглөө болтол ажиллуулж архийг заруулах хэрэгтэй бус уу. Юутай ч хууль эрх тэгш үйлчлэх ёстой учраас үүнийг сануулсан юм Хотын дарга аа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!