Өчигдөр Хятад улс Камбож, Вьетнам, Мьянмар, Тайланд, Лаос зэрэг урд талын хөршүүддээ 3 тэрбум гаруй долларын зээл, тусламж санал болгов.
Хятадын ерөнхий сайд Ли Көцянг нэг тэрбумыг дэд бүтэц хөгжүүлэхэд, 490 саяыг ядуурлыг бууруулахад, 1.6 тэрбумыг Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадлыг экспортлоход зориулан тусгай зээл болгон өгөх саналыг тавьжээ.
Энэ саналыг Бангкок хотод тав дахь удаагаа болж байгаа Их Меконг мөрний Бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр танилцуулсан байна.
Үүнээс гадна Хятадын талаас байгалийн гамшгаас сэргийлэхийн тулд Меконг мөрний дагуу усны суваг байгуулахад зориулж 16.4 сая доллар гаргахаа амлажээ.
Ерөнхий сайд Ли “Энэ бол Хятад-АСЕАН-ы хамтын ажиллагааны чухал хэсэг. Бид эдгээр таван оронтой шинэ зорилгын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, шинэ түвшинд гаргахад бэлэн байна” гэжээ.
Баасан гарат Хятадын тал Тайландад 867 км төмөр зам тавих, хоёр сая тонн цагаан будаа Тайландаас худалдаж авах болсноо зарласан юм.
Ер нь Хятад улс Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зориулж 20 тэрбумын зээл гаргах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн сард Мьянмарт болсон бүсийн уулзалтан дээр зарлаад байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Хятад улс Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Африкийн орнуудад нийтдээ 120 тэрбумын хөрөнгө оруулалт амлаад байгаа нь Бээжин маргаантай асуудлуудаа зөөллөх замыг эдийн засгийн аргаар гүйцээх сонирхолтой байгааг нь харуулж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!