ГХЯ-ны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран хоёр өдрийн турш сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр Олон улсын байгууллагын газрын дарга Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн сургалтын зорилго нь юу вэ. Анх удаа манай улсад зохиогдож байна уу?
-Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит тав дахь удаагийн хамтарсан сургалт, семинарыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Биологийн зэвсэг тээвэрлэх үед хорт бодис алдагдсан тохиолдолд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө.
НҮБ-ын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа юм.
Тэр утгаараа энэ удаагийн сургалт нь биологийн болон химийн гаралтай аюултай, хортой бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах цаашлаад устгах асуудлыг хэрхэн зохицуулах талаар Молдав улсын туршлагад үндэслэн судлах зорилготой.
Улмаар энэ чиглэлээр олон улсын стандартыг хэрхэн мөрдөх вэ гэдгийг манай яам, агентлагуудын төлөөлөгч, оролцогчдод тайлбарлан таниулах учраас ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
-Яагаад заавал Молдав улсын туршлагаас судална гэж?
-Молдавын мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад маш идэвхтэй оролцож байна. Тухайлбал, энэ удаагийн сургалтад БНМУ-ын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн, хурандаа Мариана Грама оролцож, бидэнтэй туршлагаасаа хуваалцсан.
Түүний яриагаар бол 2003 онд Молдав улс аюултай бараа бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх талаар судалгаа хийсэн юм билээ.
Мөн биологийн зэвсэг байгаа бол түүнийгээ өөрийн улсад бус гадаад орнуудад аваачиж, устгах талаар ихээхэн туршлагатай орон юм. Тиймээс Монгол Улсад хэрвээ биологийн зэвсэг, хорт бодис байгаа бол түүнийгээ гадаад руу тээвэрлэж, устгахыг бидэнд зөвлөсөн.
Түүнчлэн биологийн зэвсэг тээвэрлэх үед хорт бодис алдагдсан тохиолдолд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Тиймээс сөрөг үр дагавраас зайлсхийх талаар сургалт явуулж байна.
Эхний ээлжинд биологийн хорт бодис тээвэрлэх үедээ өөрийн орны хууль болон олон улсын конвенцуудаас алийг нь дагаж, мөрдөхөө эхлээд тодорхойлох хэрэгтэйг ч энэ үеэр сануулж байгаа юм.
Химийн гаралтай бараа, бүтээгдэхүүний хадгалалтын асуудал дээр онцгой анхаарах ёстой.
Техник, технологи өндөр хөгжсөн газар химийн бодис устгах нь учирч болзошгүй хөнөөлийг бууруулдаг учраас тус улс өөрийн нутаг дэвсгэр дээрх химийн хорт бодисыг Украйнаар дамжуулан Польш улсад гаргадаг юм байна.
Харин тээвэрлэлт хийх үедээ Молдав, Украйн, Польш улсын хуулийг хэрэгжүүлдэг. Мөн олон улсын стандартыг мөрддөг тухайгаа хэлж байна.
-Тэгвэл манай улс энэхүү конвенцод хэдэн онд элссэн юм бэ. Конвенцийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ирсэн бэ?
-1972 онд Монгол Улс энэхүү конвенцод нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцод нэгдэн орсноор хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болсон. Үүнээс гадна манай улс энэхүү конвенцийг дотооддоо хэрэгжүүлэх хууль эрхзүйн тогтолцоог бий болгох үүрэг хүлээсэн байдаг юм.
Хэдийгээр энэхүү конвенцийг хэрэгжүүлэх асуудал 10 гаруй хууль, тогтоомжийн хүрээнд тодорхой хэмжээнд хамаарагдах боловч бие даасан хууль одоогоор байхгүй байна.
Тиймээс энэ конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд бие даасан хууль байх шаардлагатай эсэхийг хэлэлцэж, өнгөрсөн аравдугаар сард сургалт зохион байгуулсан байгаа. Улмаар бие даасан хууль байх нь зүйтэй юм биш үү гэсэн саналыг манай яам, агентлагуудаас гаргачихаад байна.
-Ер нь Монгол Улсад биологийн болон химийн гаралтай хортой, аюултай хог, хаягдлыг хадгалах, тээвэрлэх асуудал ямар төвшинд байдаг юм бэ?
-Хамгийн гол нь энд хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Дээрээс нь энэ төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй харьцдаг хүмүүсийнхээ нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарч ажиллах шаардлагатай талаар олон улсын байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн байдаг. Энэ удаагийн сургалт бол НҮБ-ын санхүүжилтээр зохион байгуулагдаж байгаа цуврал сургалтын нэг.
Тэгэхээр химийн гаралтай бараа, бүтээгдэхүүний хадгалалтын асуудал дээр онцгой анхаарах ёстой. Ялангуяа химийн гаралтай бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд анхаарал хандуулах шаардлагатайг холбогдох албаны хүмүүс ярилцаж байна. Манай хоёр хөрш энэхүү конвенцод нэгдсэн байдаг.
Тэгэхээр химийн болон биологийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй технологиор устгалд оруулах шаардлагатай. Харамсалтай нь манай улсад байгальд ээлтэй технологиор устгалд оруулах боломж, бололцоо хомс.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!