Дугаартайгаа шилжихэд бэлэн үү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баяр, наадмын өмнөхөн хэлэлцэж, баталсан билээ.
Хэдийгээр хууль “бөөндсөн” хэмээн хэвлэлээр “баалуулсан ч” иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан хуулиуд батлагдсан юм.Тухайлбал, Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэд дугаартайгаа шилжих эрхтэй болсон.
Энэ нь хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болж байгаа юм. Харин энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Эдүгээ үүрэн холбооны зах зээл дээр “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи-Мобайл” /компани/ гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь харилцаа холбооны салбарт өрсөлдөөнийг бий болгож буй ч үнэ тарифын хувьд харилцан адилгүй байдаг.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4.247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн төвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр гэсэн үг аж. Тиймээс олон улсад өргөнөөр ашигладаг зарим нэр төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхээс өөр аргагүй болсон байна.
Ингэхийн тулд өнөөгийн хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулах шаарддага тулгарчээ. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны сүлжээнд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”г нэвтрүүлснээр хэрэглэгчдэд шинэ тутам үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээний соёл, чанарын төвшин шинэ шатанд гарах аж. Тиймээс ч дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ удаагийн “Нэг сэдэв, өөр өнцөг” буландаа онцолж байна.
ТӨРИЙН БАЙР СУУРЬ
Б.Болор: Дугаартаа "барьцаалагдсан” хэрэглэгчид олон бий
/УИХ-ын гишүүн/
-Өнөөдөр манай улсад үүрэн телефоны хэрэглэгчид оператор компаниа солихоор шийдсэн үедээ шинэ гар утас, шинэ дугаар авахаас өөр аргагүй байдалд ордог. Үүнээс болоод гар утас хэрэглэснийхээ төлөө өндөр төлбөрт унаж байх жишээтэй.
Гэтэл энэ асууддыг Европын орнуудад маш хялбараар шийдсэн байдаг юм. Үүрэн телефоны хэрэглэгчид оператор компаниа солихдоо өөрийн дугаарыг тухайн сонгосон оператор компани руугаа шилжүүлэх боломжтой байдаг. Ямар ч асуудалгүй. Өөрөөр хэлбэл, тухайн дугаарыг өмчлөгч нь өөрийн хүссэнээрээ ашиглах эрхтэй байдаг гэсэн үг.
Олон жил хэрэглсэн ч юм уу өөрийн дуртай дугаараа солихгүйгээр өөрт нь та оператор компаний үйлчилгээг сонгоод явах боломжтой болно.
Техникийн хувьд энэ маш амархан зүйл. Бусад улсад болж байгаа юм чинь Монголд болохгүй гэсэн асуудал байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлыг шийдэх боломжтой. Гар утасны бүх дугаарын өмнө ямар нэгэн орон нэмэхэд л хангалттай. Би Бельги улсад олон жил суралцсан.
Тухайлбал, тэнд гар утасных нь бүх дугаар 04-өөр эхэлдэг байх жишээтэй. Ийм байхад тухайн хэрэглэгч ямар үүрэн телефоны компанийн хэрэглэгч хэнд ч мэдэгдэхгүй. Хэрэв энэ үйлчилгээг нэвтрүүлчихвэл манайхан олон жил хэрэглсэн ч юм уу өөрийн дуртай дугаараа солихгүйгээр өөрт нь та оператор компаний үйлчилгээг сонгоод явах боломжтой болно.
Би ингэж. ярьж байгаараа өөрийгөө бодсондоо биш шүү дээ. Нийт хэрэглэгдийг аль болох амар хялбараар үүрэн телефоны компаниудын үйлчилгээг хүртэж, дэлхийн жишигтэй хөл ниилүүлэн алхаж, нэг ч гэсэн асуудлаасаа салаасай гэж бодсоных юм. Би “Мобиком”-ын үйлчлүүлэгч. 9911-тэй дугаар барьдаг. Энэ дугаарыг би 15 жил барьж байна.
Монголд анх нэг компани монополь эрхтэйгээр үүрэн телефоны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед нь дугаар авчихсан хүмүүс өнөөдөр дугаараа сольж чадахгүйгээсээ болоод барьцаалагдаж байгаа тохиолдол маш олон бий. Тухайн компани нь ч гэсэн хуучин хэрэглэгчдээ дугаараар нь барьцаалчихаад санаа амар байж байдаг.
Ингэж болохгүй шүү дээ. Яагаад өнөөдөр 9911-тэй дугаар 30 сая төгрөгт хүрчихсэн байхад 9585-тай дугаар 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гэсэн атлаа энэ хоёр дугаарт үзүүлэх үйлчилгээний үнэ нь яг л адилхан байдаг шүү дээ.
Ингэж дугаартаа барьцаалагдчихсан Монголын хэрэглэгчдийн зарим нь өнөөдөр дөрвөн утастай явж байна шүү дээ. Энэ чинь тухайн хэрэглэгч санхүү цаашлаад эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй биздээ. Монголоос өөр хаана ч ийм асуудал байхгүй.
МЭРГЭЖИЛТНИЙ БАЙР СУУРЬ
Б.Балгансүрэн: Гарааны нэг шугамнаас дахин өрсөлдөх боломж бүрдэнэ
/Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга/
-Энэ үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор үүрэн болон суурин холбооны операторуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Уг ажлын хэсгийн хүрээнд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үйлчилгээнд ашиглагдах мэдээллийн бааз буюу клеринг хаусыг байгуулах асуудлыг шийдвэрлэх, операторуудын хувьд нэмэлтээр хөрөнгө оруулалтын гаргах, холбогдох техникийг шийдлийг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Эдгээр нь хийгдсэний дараа уг үйлчилгээний туршилтыг хийх төлөвлөгөөтэй байна.
“Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-ний сайн тал нь зах зээлд хэзээ орсноос үл хамааран гарааны нэг шугам дээрээс дахин өрсөлдөх боломж олгож байгаа юм.
Ингэхээр хамгийн сайн чанартай үйлчилгээтэй, хамрах хүрээтэй, түргэн шуурхай, соелтой үйлчилгээг санал болгож буй оператор компанийг сонгох боломж хэрэглэгчид олгож буй юм.
Энэ нь зах зээл дээр шударга өрсөлдөх боломжийг дэмжинэ гэж ойлгож болно.
Л.Гантулга: 21.4 тэрбум төгрөгтэй дүйх өгөөжийг хүртэнэ
/Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга/
-Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч буй оператор компаниа өөрчилсөн тохиолдолд ашиглаж буй дугаараа солихгүйгээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломж олгодог хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, эрх ашгийг нь хамгаалсан, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгод чиглэдэг.
Нөгөөтэйгүүр шударга өрсөлдөөн бий болгодог. 1990- ээд оны дунд үеэс нэвтрүүлж эхэлсэн энэ үйлчилгээг 2013 оны байдлаар дэлхийн 78 oронд ашиглаж байна.
Энэ үйлчилгээг Монголд хэрэгжүүлэх болсон нөхцлийг судлах ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос байгуулж, суурь судалгаа хийсэн.
Үүний дүнд үүрэн холбооны сүлжээнд энэ үйлчилгээг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргасан юм. Xууль батлагдангуут энэ үйлчилгээг хэрэглэнэ гэж ойлгох нь учир дутагдалтай юм.
Технологийн шийдлийг эцэслэнэ. Үүнээс гадна оператор компани тоног төхөөрөмждөө тодорхой хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай.
Дугаартайгаа шилжих үйлчилгээний явцад үүсэх асууддыг зохицуулах журам боловсруулж, батална. Тэгэхээр тодорхой хугацаа шаардлагатай. Зохицуулах хорооны зүгээс энэ ондоо багтааж, үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. 2013 оны эцсийн байдлаар Монголын үүрэн холбооны салбар нийт 4.2 сая хэрэглэгчтэй болсон.
Дугаартайгаа шилжих үйлчилгээний явцад үүсэх асууддыг зохицуулах журам боловсруулж, батална.
Хэрэглэгчдийн ашгийн үүднээс үзвэл энэ нь ашигтай шийдвэр. Монголын үүрэн холбооны хэрэглэгчид жилд дунджаар 21.4 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өгөөжийг хүртэх боломжтой гэж тооцож байгаа. Донор буюу одоогоор ашиглаж буй компани ресипиент буюу шилжүүлж хүлээн авч байгаа компаниуд хооронд тодорхой үйл явц шаардагдах юм.
Дугаартай шилжих үйлчилгээ нэвтрүүлэх шалгарсан арга дэлхийд 3-4 бий. Эдгээрээс хамгийн их хугацаа хэмнэх, оператор компаниуд болон хэрэглэгчийн хувьд хамгиин хялбар байх нэг аргыг одоогоор сонгоод байгаа. Гэвч хараахан эцэслэн шийдвэрлээгүй байна. Үүрэн холбооны оператор компаниудын удирдлагуудтай хэлэлцэж байж шийдвэрлэнэ.
Одоогийн бидний сонгоод буй технологийн шийдлийг ашиглавал шилжихийг хүсэж байгаа үүрэн холбооны оператор компанидаа хандаж бүртгүүлээд л болох юм. Дугаартайгаа шилжих үйлчилгээг дунджаар ажлын дөрвөн өдөрт шийдвэрлэдэг дэлхийн жишиг бий. Харин Европын холбооны улсуудад ажлын нэг өдөрт багтаадаг. Бидний хувьд түүнээс богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээний үр ашгийг тооцох аргачлалууд бий.
Бид олон улсад нэлээд түгээмэл ашиглагддаг “Нера Смит” компанийн аргачлалаар тооцож үзсэн. Тухайн улсын үүрэн холбооны нийт хэрэглэгчийн тав ба түүнээс дээш хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг апшгласан тохиолдолд эдийн засгийн үр ашигтай гэж үздэг юм билээ.
Монгол Улсын хувьд нийт хэрэглэгчийн 33.5 хувь нь энэ үйлчилгээг ашиглахад бэлэн байна гэж тооцож буй. Нөгөө талаар өгөөжийн тухай ойлголт бий. Монголын үүрэн холбооны хэрэглэгчид жилд дунджаар 21.4 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өгөөжийг хүртэх боломжтой гэж тооцоолж байгаа.
ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ
Д.Далхаасүрэн: Хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Миний хувьд “Мобиком” компанийн хэрэглэгч. Олон жил тууштай хэрэглэж байна. Гэвч сүүлийн жилүүдэд үйлчилгээний үнэ, тариф өндөр болсноос гадна шүүмжилж, хэлэх олон зүйл байгаа. Ер нь иргэд өөр үүрэн телефоны оператор сонгох гэхээр заавал шинэ дугаар, цаашилбал, шинэ гар утас худалдаж авах шаардлага тулгарч байна шүү дээ.
Техник, технологийн шинэчлэлээ хийгээд амьдрал дээр бодит биелэлээ олох хэрэгтэй
Тухайлбал, би Мобикомоос татгалзаад юнител эсвэл скайтелыг сонгоё гэхээр заавал шинэ дугаар худалдаж авна. Энэ чинь халааснаасаа дахиад л мөнгө гаргах болчихож байгаа юм. Миний бодлоор Монголын зах зээл дээр нэг компани хэтэрхий монополь байдал тогтоосон гэж боддог. Яагаад шударгаар өрсөлдөж болдоггүй юм бэ.
Тиймээс ч би дугаартайгаа шилжих үйлчилгээг дэмжиж байна. Хууль батлагдсан даруйд хэрэгжүүлэх боломжгүй гэж албаны хүмүүс хэлсэн байна билээ. Техник, технологийн шинэчлэлээ хийгээд амьдрал дээр бодит биелэлээ олох хэрэгтэй байна.
Үүнийг Монголын гар утас ашигладаг бүх хэрэглэгчид дэмжинэ гэж бодож байгаа. Татгалзах хүн ховор бизээ. Яаж ч бодсон хэрэглэгчдийн хувьд хамгийн оновчтой шийдвэр. Би ямар сайндаа л найзууддаа “Намайг энэ шулаач Мобикомоос салгаад өгөөч” гэж хошигнож байх вэ дээ.
Д.Оюун-Эрдэнэ: Энэ бол компаниудынхувьд шударгаар өрсөлдөх боломж юм
/Баянгол дүүргийн иргэн/
-Би скайтел болон юнителийн хэрэглэгч. Аль, алиных нь үйлчилгээ аятайхан санагддаг болохоор хоёр гар утас цүнхлээд л явж байна. Ер нь 2-3 гар утастай хүмүүс олон. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр иргэдэд хамгийн оновчтои хэлбэрийн сонголт дутагдаж байгаагийн илэрхийлэл гэж боддог. Би одоогоос 10 жилийн өмнө мобикомын хэрэглэгч байсан.
Тухайн үедээ болоод л байгаа юм шиг санагддаг байж. Энэ салбарын өрсөлдөөн харьцангуй бага байсан болохоор тэр биз. Харин юнител гэдэг үүрэн телефоны оператор компани гарч ирснээр тариф нь хямд, үйлчилгээ нь ч боломжийн санагдах болсноор дугаараа сольсон.
Юнителийн зэрэгцээ скайтелын үйлчилгээ давгүй санагддаг учраас ашиглаж байгаа юм. Гэхдээ надад аль, алиныг нь ашиглахын тулд заавал шинэ дугаар, шинэ гар утас худалдаж авах шаардлага тулгарч байна л даа.
Тиймээс орчин цагийн иргэдэд дугаартайгаа шилжих үйлчилгээ хамгийн хэрэгтэй зүйл гэж бодож байна. Хэрэв би жи-мобайлтай болохыг хүсвэл дугаартайгаа л шилжиж болно гэж ойлгож байгаа. Яг одоогийн нөхцөлд бол амьдралын боломжтой нь мобиком, масс юнителийн дугаар ашигладаг гэсэн ойлголт нийгэмд бий болчихоод байна.
Үнэндээ бол хэрэглэгчид аль аятай, таатай үйлчилгээтэйг нь сонгоно шүү дээ. Тэгэхээр энэ бол компаниудын хувьд шударгаар өрсөлдөх боломж. Харин иргэдийн хувьд сонголт хийх боломж гэж харж байгаа. Миний хувьд хэрэв дугаартайгаа шилждэг болчихвол заавал хоёр гар утас цүнхлэх шаарддагагүй болно. Скайтел, юнителийн аль нь хамгийн аятайхан юм бэ гэдгийг харж байгаад л дугаартайгаа шилжинэ шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
