ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дугаартайгаа шилжих үйлчилгээнээс хэн хожих вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Засгийн Газрын өнгөрсөн Бямба гарагийн хуралдаанаар Монгол Улсад гар утасны хэрэглэгч дугаараа хадгалан оператор хооронд шилжих технологийг нэвтрүүлэхийг дэмжих тухай шийдвэр гарсан. Уг технологийн албан ёсны нэрийг MNP (Mobile Number Portability) гэдэг.

Тэгвэл 2011 онд Энэтхэг улс ийм системд шилжсэнээр ямар үзэгдэл өрнөж байсан талаар Wall Street Journal-д гарсан нийтлэлийг хүргэж байна.

 

Пүрэв гарагаас эхлэн Энэтхэгийн гар утасны хэрэглэгчид дугаараа хадгалан оператор хооронд шилжих эсвэл үүрэн холбооны технологио солих боломжтой боллоо.

Үнэндээ MNP нь Энэтхэгт өнгөрсөн 11 сараас эхэлсэн юм. Гэхдээ энэ нь зөвхөн Харяна мужийг хамарч байсан бол одоо бүх Энэтхэг даяар 600 сая хэрэглэгчийг хамарч байгаагаараа онцлог.

Нэг оператороос нөгөө операторт шилжих тун энгийн. Бүх хэрэглэгч өөрийн дугаарыг SMS-ээр 1900 дугаарт илгээнэ. Ингэсний дараа хэрэглэгч бүр давтагдахгүй код (porting code) хүлээж авах гэнэ.

Түүнээс цааш шинэ дугаар авч байгаатай адил процесс явагдах юм.

Энэ системд шилжсэнээр оператор компаниудад шинэ хэрэглэгчдийг татах боломж гарч байгаа ч бас байгаа хэрэглэгчээ алдах айдас бий болдог.

Analysys Masons India телеком зөвлөх үйлчилгээний фирмийн захирал Кунал Бажаж хэлэхдээ “MNP илүүтэйгээр дундаас дээш, өндөр төлбөр төлдөг хэрэглэгчид рүү чиглэнэ. Тэдний сонирхол бол дугаараа солилгүйгээр илүү дэвшилтэт үйлчилгээ хэрэглэх юм” гэжээ.

Өөрөөр хэлбэл ихэнх MNP шилжилт хөдөлгөөн дараа төлбөрт хэрэглэгчдийн дунд өрнөх гэнэ.

Энэ нь Vodafone Essar India Ltd., Bharti Airtel мэтийн том компаниудад эрсдэл учруулахаар байна. Бажаж “тэдэнд ихэнх дараа төлбөрт, үнэ цэнэтэй хэрэглэгчид байгаа тул тэднийгээ алдахгүйн тулд бүх арга хэмжээг авах болно” гэлээ.

Харин эсрэгээрээ жижиг компаниудад (Idea Cellular, Tata Communications, Reliance Communications зэрэг) сайхан боломж олгож байна.

Гэхдээ том компаниуд ч бас үүнийг боломж гэж харж байгаа гэнэ.

Vodafone Essar-ын стратеги хариуцсан захирал Самареш Паридагийн үзэж байгаагаар хэрэглэгчийн шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл нь үнээс илүү чанар байх ажээ.

Парида “Хүчтэй брэндтэй, дээд чанартай сүлжээтэй, шинэлэг, ялгаатай үйлчилгээ үзүүлдэг компаниуд л хэрэглэгчийн эрэлтийг сайн хангаж чадна. Тиймээс үнэ цэнэтэй хэрэглэгчид чанар муутай сүлжээтэй, найдвартай бус үйлчилгээ үзүүлэгчид рүү шилжихдээ тун болгоомжтой хандах нь тодорхой” гэж ярьжээ.

MNP рүү шилжих үеийн эрсдлээс зайлсхийхийн тулд бүх оператор компаниуд эрчимтэй маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал Vodafone-ий сурталчилгаа “Everybody’s welcome” уриатай байгаа бол Idea компанийх “Switch to Idea” ажээ.

Жижиг компанийхаа хувьд Idea нь бусдаас түрүүлж хэрэглэгчдийн анхаарлыг татах арга хэмжээ авч эхэлжээ.

Жишээ нь тэдний TV сурталчилгаанд алдартай жүжигчин Абишек Бахчан хүмүүст “No Idea, Get Idea” гэж уриалдаг бол тэд хамгийн түрүүнд шилжих хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх утасны шугам нээсэн байна.

Гэхдээ бүгд ийм идэвхтэй байсангүй. Bharti Airtel гэхэд хэвлэлийн төлөөлөгч нь MNP-ыг “сайхан боломж” гэж нэрлэсэн ч одоо болтол сурталчилгаагаа эхлээгүй л байгаа юм.

Гар утасны хэрэглэгчдээс авсан судалгаагаар тэдний 45.4 хувь шилжих төлөвлөгөөтэй байгаа гэсэн бол 22 хувь нь шилжихгүй, 32.7 хувь нь операторууд юу санал болгохоос хамаарна гэж хариулжээ.

Үйлчилгээ илүү өрсөлдөөнтэй болох нь тодорхой, харин бизнесийн үр ашигт яаж нөлөөлөх бол?

Оператор хооронд шилжих босго тийм ч өндөр биш, зардал нь 19 рупи (0.40 $) ба хугацааны хувьд таван өдөр орчим болно.

Түрүүлж нэвтэрсэн Харяна мужийн хэрэглэгчдээс MNP нь эерэг үнэлгээ авч эхэлжээ. Тэнд бүр урьдчилсан төлбөрт хэрэглэгчид хүртэл шилжилт хийж төлбөртөө багтаан илүү үйлчилгээ авахыг эрмэлзэж байгаа гэнэ.

Саяхны Хиндустан Таймс сонинд гарсан судалгааны дүнгээс харахад гар утасны зургаан хэрэглэгч тутмын нэг нь шилжилт хийхийг хүсч байгаа ажээ. Мөн Bharti Airtel, Vodafone Essar зэрэг том компаниуд илүү хожих төлөвтэй байгааг дурдсан байна.

Дэлхий дахинд MNP амжилттай түүх дагуулж Европын олон оронд нэвтэрсэн байгаа. Харин Энэтхэгийн зах зээл энэ хандлагыг хадгалах үгүйг харах үлдлээ.