Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайхан: Өвлийн өвгөн олон нийтийн өмч

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсын гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайханыг “Амьдралын тойрог”-тоо урилаа. Түүнийг хүмүүс Хасар Жагаа хэмээдэг. Харин сүүлийн үед өвгөн Жагаа гэж нэрлэх нь олон болжээ.

Арга ч үгүй юм. Монголын түүхэнд ХХ зууны өвлийн өвгөн хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуайн халааг авсан болохоор тэр.

Г.Гомбосүрэн гуайн өвөрмөц дотно дуу хоолой, сайхан төрх, уран бүтээлийг нь одоо ч хүмүүс санан дурсдаг.

Өвлийн өвгөн болсон нь миний амьдралд хайрласан нэгэн гэрэл гэгээ.

Ер нь Монголын ард түмэн энэ эрхмийг мөнхөд дурсах нь лавтай. Энэ л хүний амьдралын нэгээхэн хэсэг болсон өвлийн өвгөн болох чухал үүргийг Б.Жаргалсайхан үргэлжүүлэх болсон.

Тэгэхээр түүнийг ХХI зууны өвлийн өвгөн хэмээн нэрлэхэд болохгүй зүйл үгүй санагдана. Тэрээр энэ тухайгаа “Өвлийн өвгөн болсон нь миний амьдралд хайрласан нэгэн гэрэл гэгээ юм.

Оюутан байхдаа Харшийн сүлд модны наадам дээр Г.Гомбосүрэн гуайн дуу хоолойг сонсоод сэтгэл огшдог байлаа. Нулимс гармаар ч юм шиг санагддаг байж билээ.

Тухайн үед хэзээ нэгэн цагт би энэ эрхмийн оронд зогсч байна гэж санаанд ч ороогүй. Тэр хүн бол Монголын ард түмэнд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн хүн. Тиймээс би үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэх ёстой” хэмээж байв.

 

ӨВЛИЙН ӨВГӨН БОЛООД АРВАН ЖИЛ БОЛЖЭЭ

 

 

Г.Гомбосүрэн хэмээх эрхэм хүмүүнийг өнгөрсний дараахан Хүүхдийн ордноос Б.Жаргалсайханд өвлийн өвгөн болох санал хүргүүлсэн гэдэг. Сэтгэлдээ жаахан эмзэглэнгүй хүлээн авчээ. Их хүмүүнээс эмээж, мөн өвлийн өвгөн болоход нас залуу байна гэж бодоод хариу өгөлгүй нэлээд явж.  

Гэтэл түүний гэргий Г.Урнаа “Энэ сайхан хүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү” хэмээн түүнд саналыг хүлээж авахыг зөвлөсөн гэдэг. Тэгээд гэрт нь очиж хадаг тавин нэр хүндтэй алдрыг хүлээн авчээ. Тэрээр өмнө нь Г.Гомбосүрэн гуайтай “III Ричард хаан”, “Отелла” жүжигт хамтран тоглож байжээ.

Европ өвгөнөөс аль болох ялгарч, хэлж ярьж байгаа үгэндээ Монгол ахуйгаа илүү тусгахыг хичээнэ.

“III Ричард хаан”-д тоглохдоо Г.Гомбосүрэн гуай бараг 80 нас хүрсэн байсан гэдэг. Б.Жаргалсайхан тэр агуу хүнтэй нэг жүжигт тоглож, дуу хоолойг нь сонсч бүтээл дээрээ яаж ажилладаг вэ гэдгийг нь багахан хугацаанд ч гэсэн мэдэрсэн гэдэг.

 Тэрээр өвлийн өвгөн болоод арван жил болжээ. “2004 онд би анхны шинэ жилдээ орж байлаа. Сандрах нь гайгүй байсан санагдана. Харин сүүлийн жилүүдэд бүр их хичээгээд байгаа болохоор ч тэр үү жаахан сандрах гээд байдаг болжээ. Шинэ жил дөхөөд ирэхлээр хэлэх үгээ зохионо. Энэ жил ямар үгийг онцлон ард түмэндээ хүргэх вэ гэдгээ ярина.

Европ өвгөнөөс аль болох ялгарч, хэлж ярьж байгаа үгэндээ Монгол ахуйгаа илүү тусгахыг хичээнэ гээд л бэлтгэнэ шүү дээ. Өөрөө өөрийгөө уядаг морь шиг л бэлдэж эхэлнэ дээ” хэмээнэ. Өнгөрсөн жил тэрээр “Эрүүл энх байж, сурч мэдэхийг хичээгээрэй” гэж захиж байв.  Харин энэ жил хэлэх үгээ бэлтгэсэн ч нууцаа задлахгүй байхаар шийджээ.

Тэрээр “Гадны зарим оронд тухайн жилдээ үйлчлэх бүх л өвлийн өвгөн нь цуглаад ямар үг хэлэхээ ярьдаг юм билээ. Монголд надаас өөр өвлийн өвгөн болж байгаа хүн олон байна. Тэднийг цуглуулаад ярьж хөөрнө гэж юу байх вэ.  Миний үгийг ч тоохгүй биз” хэмээн инээмсэглэв.

 

ӨВГӨН ЖАГААГИЙН ЗАХИАЛГА ЭХЭЛЖЭЭ

Биднийг ярилцах зуур түүний утас дуугарлаа. Тэрээр “Аан за. Сайн байна уу. Мөөн мөн” хэмээн инээмсэглэнэ. Ярианаас нь сонсоход өвлийн өвгөний захиалга эхэлсэн бололтой. Тэрээр яриагаа дуусгаад арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл хүмүүс Хасар Жагаа юу гэнэ. Харин түүнээс хойш Өвгөн Жагаа юу гээд л ярина.

Бахархалтай биш гэж үү. Би ингэж дуудуулаад арван жил өнгөрсөн байна” хэмээн инээмсэглэв. Ерөнхийдөө түүний энэ жилийн бэлтгэл дууссан гэнэ. Хэлэх үгээ бэлдэж, хувцсаа ч эвхэж тавиад дэлгэн өмсөх тэр өдрийг сэтгэл догдлон хүлээж суугаа нь илт байв.  Тэрээр өвлийн өвгөн болсон эхний хоёр жилээ Г.Гомбосүрэн гуайн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг өмсч байжээ.

“Буян хишиг нь надад шингээсэй” хэмээн ихэд бэлгэшээн хэрэглэсэн гэдэг. Гурав дахь жилээс өөртөө хувцас бэлтгүүлэн, эрхэм хүмүүний хувцсыг нандигнан хадгалах болсон байна. Гэхдээ нөмрөгийг нь хэрэглэсэн хэвээр байгаа аж. Түүний өвлийн өвгөний хувцсыг УДЭТ-ын оёдолчин Н.Оюунчимэг урласан байна. Ер нь Монгол өвгөний хувцас ихэд утга учиртай ажээ.

Цагаан өнгө ариун цагаан сэтгэл, цагаан цэнхэр нөмрөг уужим саруул амар амгалан байдлыг илтгэнэ. Харин урт цагаан сахал нь урт насыг бэлгэднэ. Малгайных нь орой улаан залаатай, энэ нь улаан залаатай монголчууд  гэсэн утга ажээ.  

Б.Жаргалсайхан “ Ийм сайхан утга учиртай хувцас өмссөн хүний амнаас уур уцаар дагуулсан үг гарна гэж байхгүй. Сайн сайхан юм бодно. Амнаас ч сайхан үг гарна. Хийж байгаа үйлдэл маань сайхан.  

Энэ нь миний амьдралд эргээд эерэг уур амьсгалыг авчирч байгаа мэт санагддаг. Бодоод үз л дээ. Хүн амьдралынхаа нэг жилийн нэг сарыг нэг ч уурлахгүй дандаа сайн сайхан юм бодож өнгөрөөнө гэдэг. Хүнд нэг л сайхан тайвшралыг авчирч байгаа биз дээ. Би өвлийн өвгөн гэсэн эрхэм үүргээ энэ өнцгөөс нь хараад ч бахархдаг” гэв. 

 

ГЭР БҮЛЭЭРЭЭ ШИНЭ ЖИЛЭЭР 100 ХҮҮХЭД БАЯРЛУУЛДАГ

 

 

Тэрээр өвлийн өвгөн болсноосоо хойш гэр бүлийнхээ зүгээс жил бүр 100 хүүхдэд бэлэг өгч баярлуулдаг болжээ. Асрамжийн газар, хорих анги гээд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэдний бэлэг хүрдэг гэнэ. Үүний гол санаачлагч, зохион байгуулагч нь түүний гэргий Г.Урнаа ажээ.  Мөн гурван хүүхэд нь. Шинэ жил дөхөхөөр “За энэ жил ямар бэлэг сонгох уу, сонгосон бэлгээ боож баглах гээд л” тэдний гэр бүлд иймэрхүү уур амьсгалтай болдог гэнэ.

Мөн гурван хүүхэд нь аавыгаа өвлийн өвгөн гэдгээр ихэд бахархдаг. Одоо тэдний хамгийн том хүү 26 настай. Харин бага охин нь наймдугаар анги юм байна.  Хүү нь “ACE хэмээх студи байгуулан ажилладаг гэлээ. Саяхан Азийн наадмаас шилдэг зурагчин хэмээх өргөмжлөл хүртэн гэр бүлийнхнийгээ баярлуулжээ.

Өвлийн өвгөн гэдэг нийтийн өмч гэдгийг ойлгодог болсон.

Харин удаах охин нь төрийн байгууллагад ажилладаг. Б.Жаргалсайхан “Бага охиноо бид урлагийн хүн болгох талаар ярьж байна. Уг нь эгч нь жүжигчин болно” гэж ярьдаг байлаа. Бид хоёр бүгдээрээ урлаг гэж яваад юу хийх вэ гээд зөвшөөрөөгүй. Харин багадаа мэргэжлээ өвлүүлэх бодол бий” гэв.  Аав нь энд тэнд хүүхэд залуус баярлуулж явсаар гэр бүлдээ он гарсны дараа ирэх нь ч бий.

 Гэсэн ч хүүхдүүд нь баярлан хүлээгээд л сууж байдаг ажээ. Тэрээр “Ер нь сүүлийн жилүүдэд дандаа л гадуур он гаргалаа. Өнгөрсөн жил гэхэд он солигдох мөчид талбай дээр цагаан лимузин машин унаад нийслэлчүүдтэйгээ он гаргасан даа. Хүүхдүүд маань бага байхдаа ирэхгүй болохоор гомддог л байсан байх.

Харин том болоод өвлийн өвгөн гэдэг нийтийн өмч гэдгийг ойлгодог болсон” хэмээв.  Одоо харин хоёр ач нь өвөөгөөбайхгүйд ихэд үгүйлдэг гэнэ.  Утсаар “Өвөө хурдан ирээрэй” гээд шулагнах нь өвлийн өвгөнд бас нэгэн баяр баяслыг авчирдаг бололтой. Тэрээр хүүхдүүд болон ах дүү нартаа он солигдохоос өмнө очиж чадахгүй бол нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл хэсч бэлгээ тараадаг гэнэ.

Тэрээр “Би нэг удаа төрсөн ахындаа бэлэг тараачихаад улаан уутаа мартчихаж билээ. Гэтэл дүү маань “Өвөө улаан уутаа мартчихлаа” гээд үнэнээсээ зовоод байсан гэсэн. Он гарсны дараа уутаа авах санаатай ахындаа очтол “Өвөө уутаа мартчихаад явчихсан. Цас мөсний орноос ирж авна гэсэн” гээд үнэнээсээ яриад байж билээ. Дараа жил нь өнөөх уутаа үүрээд очтол “Өвөө уутаа олчихож” гэж баярлаад сүйд болсон. Намайг гэж огт мэдээгүй. Хүүхдийн цагаан сэтгэл гэдэг сайхан юм даа” гэж байв.

 

МАНАЙ ӨВГӨНИЙ ДҮР ТӨРХ Ч  ШАШИН ТАЛААСАА ГАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Өнгөрсөн жилийн цагаан сараар өвлийн өвгөн маань Буриадын Улаан-Үд хотод уригджээ. Тэд жил бүр орон орны өвлийн өвгөдийг урьж, ёс заншлаа танилцуулж, туршлага хуваалцдаг уламжлалтай юм байна. Буриадууд өвлийн өвгөнөө цагаан өвгөн гэж нэрлэнэ.  Шинэ жилээр цагаан өвгөн нь ирэхгүй. Харин цагаан сараар хүүхэд залуустаа бэлгээ гардуулж урмын үгээ хайрлана.

Тэр уламжлалынхаа дагуу энэ удаа Монгол өвлийн өвгөнийг урьж, Б.Жаргалсайхан очоод иржээ. “Тэндхийн цагаан өвгөн нь тусгай гэртэй байна лээ. Тэр гэрийн гадаанаас Японы Санта Клаусийн гэр хүртэл тэдэн км гээд л ирсэн өвгөн болгоны туулсан замыг тэмдэглэдэг.  Үүнийг баяжуулан музей болгох хүсэлтэй байгаа юм билээ” хэмээв.

Мөн тэрээр “Буриадууд цагаан өвгөнөө сонгохдоо цам бүжиг хийдэг цагаан өвгөн болон, нэгэн бурханаас сэдэвлэн гаргасан юм билээ. Манай өвгөн ч гэсэн шашин талаасаа гарч ирсэн байж болох юм. Би тэгж бодсон шүү” хэмээв.  Ер нь тэгээд өвлийн өвгөн болсноор маш олон зүйлийг бодож амьдралыг үзэх үзэл нь ч ихэд өөрчлөгдсөн тухайгаа ярьж байв.

 “Хүн хамгийн нэгдүгээрт хүн байх хэрэгтэй юм байна. Сайхан цайлган сэтгэлтэй байх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Хүн хар амиа бодож явах хэрэггүй билээ. Нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгийнхээ төлөө гэдэг үг байдаг даа.

Энэ уриа лоозон юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ их чухал үг юм билээ. Хүн бүхэн өөр өөрийн түүхтэй байдаг. Тэр түүхээ сайн, сайхан байлгах нь л чухал юм. Тийм байлгахын тулд бүтээлч байгаасай” хэмээж байв.

 

“ГУТАМШИГТ МУУ ҮЙЛ ҮЛ УЧРАЛДАЖ, БАДРАЛ САЙН ҮЙЛ БОЛГОН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ”

 

 

Түүнийг хүмүүс Хасар Жагаа, өвгөн Жагаа хэмээнэ. Харин Бэх-Очирын Жаргалсайхан гэдгээр нь цөөхөн хүн мэднэ. Тэрээр аавынхаа тухай нэг их яриад байдаггүй юм билээ. Түүний аав Бэх-Очир  нутаг усандаа бичгийн хүн хэмээн хүндлэгддэг. Сургуульд сураагүй ч гэлээ оюунлаг хүн байсан гэдэг.

Аливааг мартаж, уучилж байх ёстой юм байна гэдгийг уран бүтээлээсэй ухаарсан.

Дундговь аймгийн Дэрэн сумыг байгуулахад анхных нь нарийн бичиг байсан гэдэг.  Харин  ээж нь насаараа тогоочийн ажил хийжээ. Тэрээр “Аавын маань оюунлаг байсан ээжийн маань хүнтэй эв найртай, ажилсаг зан нь надад нөлөөсөн байх.

Ер нь тэгээд ийм хүмүүсийн дундаас гарсан хүүхэд муу байж болохгүй гэж бодож хичээдэг байсан. Би ах эгч хоёртой. Тэд маань ч сайн сайхан явна” хэмээв.  Түүний аав 1994 онд өөд болжээ.  Тэр үед Б.Жаргалсайхан хэд хэдэн жүжиг кинонд тоглосон байж. Үзэгчдийн дунд Хасар Жагаа гэдэг нэрээрээ ид мандаж байжээ. Харин ээж нь 2008 онд бурханы оронд очжээ.

Гавьяат цол авахад нь маш их баярлаж байсан гэдэг. Тэрээр “Хоёр буурайдаа ямар ч гэсэн сайн яваагаа амьдад нь харуулж чадсандаа баяртай явдаг юм. Хүн төрөлхтөн гэдэг угаас өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс юм. Тэгэхээр мандан бадарч л амьдрах хэрэгтэй. Олон дунд мандан бадрахдаа ч биш. Сэтгэлдээ мандан бадрах гэж юм бий” хэмээж байв.  

Түүний амны уншлага болсон нэгэн үг бий. Тэр нь “Гутамшигт муу үйл үл учралдаж, бадралт сайн үйл болгон дэлгэрч байх болтугай” гэж. Тэрээр энэ үгийг өөртөө болон бусдад ямагт хэлдэг.  “Би өнгөрсөн хугацаанд сайнтай муутай л явлаа. Олон янзын дүрд тоглосон.  Болохгүй зүйл гэж байхгүй. Харин чадахгүй зүйл гэж байдаг. Аливааг мартаж, уучилж байх ёстой юм байна гэдгийг уран бүтээлээсэй ухаарсан” гэлээ. 

 

“ТЕТРАА МУУЛСАН ХҮМҮҮСТ ШИЙТГЭЛ НЬ ОЧНО”

Бидний энэхүү яриа Улсын драмын эрдмийн театрын жижигхэн өрөөнд өрнөсөн юм.

Энэ л ягаан байшин уран бүтээлчийн маань хоёр дахь гэр орон.  Энд тэрээр ханьтайгаа учирч, зовлон жаргал, баяр хөөр хийгээд амьдралынхаа бүхий л мөчийг өнгөрүүлсэн. Тэрээр  “Би 28 жил энд амьдарч байна. Хүн нэг зүйлдээ үнэнч байж түүнийхээ төлөө амьдрах хэрэгтэй. Ийм байсны хүчинд би мэргэжлээрээ амьдралаа бий болгосон.

Театр ашгийн байгууллага биш. Ард түмнээ соён гэгээрүүлэх эх урлагийг ойлгуулахаар оршин тогтнож байна. Үүний нэг эд эс нь байгаадаа би баярладаг.

Би өөр ажил хийвэл хийгээд л явна. Манайд ажиллаж байгаад нэр хүндийг олоод гарч байгаа хүн олон байна. Энэ театраас гарсан гэдгээ битгий март. Гуйгаад ирж байгаагүй юм шиг загнаж театраа муулдаг хүмүүс бий гэж сонссон.  Болохгүй шүү дээ. Шийтгэл нь очино. Бурхад байгаа газар шүү дээ. Энэ мэтчилэн надад энд хоргодох шалтгаан олон байна” хэмээв. Саяхан УДЭТ-ын түүхэн жүжгийн сар өндөрлөжээ.

Тэрээр:

  • “Тэмүжиний бага нас”,
     
  • “Саранхөхөө”,
     
  • “Тамгагүй төр”,
     
  • “Идеп хаан” гээд дөрвөн түүхэн жүжигт тоглосон байна.  

Долоон найруулагчийн долоон жүжиг гэсэн төсөл дээр ажиллаж “Буруугүй буруутан” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа ажээ. Энэ төсөл дуусмагч Театр маань нэг хэсэгтээ л нам жим байна.

Учир нь арванхоёрдугаар сарын 15-наас хойш уран бүтээлчдээ түр чөлөө олгон, шинэ жилд оролцох боломж олгодог ажээ. Б.Жаргалсайхан ч энэ хугацаанд олон газраар явж, хүмүүс баярлуулах ажлаа эхлэхээр бэлтгэлээ базаажээ. 

Зураг