Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайхан: Амьдралд болохгүй юм гэж үгүй, чадахгүй зүйл л гэж бий

Б.Төрбат
2014 оны 8 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа олон түмэндээ “Хасар Жагаа” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Жаргалсайханыг урьж ярилцлаа. 


-Урлаг, тэр дундаа драмын тайзан дээр амьдралынхаа ихэнх цагийг зарцуулж яваа тантай уулзаж байгаадаа баяртай байна?

-Баярлалаа. 

-Яагаад ч юм тантай уул­захаасаа өмнө ярилцлагаа ямар асуултаар хэрхэн эхлүүлэх талаар их бодлоо. Тэгээд нэрний тань өмнө байнга л бичигдэж, дуудагддаг “Хасар”-ын тухай асууя гэж шийдлээ. Хасар Жагаа гэхээр нэг л ширүүн, догшин дүр төрх буух юм. Та тийм догшин, ширүүн хүн үү?

-Яалаа гэж. Харин ч эсрэгээрээ хүн шүү дээ. /Инээв/

-Та Хасар жанжны дүрийг гурван ч удаа бүтээсэн. Найруулагчид яагаад ганцхан таныг сонгоод байдаг юм бэ?

-Би ч гэсэн заримдаа гайхдаг л юм. Уг нь өөр шинэ, залуу жүжигчдийг тоглуулж болох бай­сан. Гэхдээ л тэгээгүй. Найруу­лагч­дын өөрсдийнх нь бодсон бодол гэж байх шиг. Тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар, Л.Эрдэнэбулган нар хоёулаа надад нэг үг хэлж байсан. 

-Ямар үг?

-“Хасарын дүрд өөр жүжигчин тоглуулах гэхээр чи л буугаад байх юм. Чамаас өөр хүн Хасараар төсөөлөгдөхгүй байна. Тиймээс чи л тоглох ёстой” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Энэ бол жүжигчин хүний бахархал шүү дээ. Нөгөө­тэйгүүр маш том үүрэг, хариуцлага. 

-Тэгэлгүй яах вэ, жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олон түмэндээ хүндлэгдэн хайрлагдах шиг сайхан зүйл гэж хаана байх вэ?

-Тийм ээ, ямар азаар би Хасарын дүрд тоглов оо. Ямар их хувь заяагаар Балжинням найруулагч намайг сонгов оо. Одоо ч гэсэн ийм сайхан дүрд тоглосондоо баярлаж явдаг. Харин гурван удаа Хасарын дүрийг бүтээхдээ нэг л зүйлийг бодож байсан. 

-Юуг тэр вэ?

-Хүн гэдэг амьтанд маш олон ааш аяг бий. Өнөөдөр уйлж байхад маргааш инээх жишээтэй. Хасар гэдэг хүнд ч гэсэн олон зан чанар, ааш аяг байсан байж таарна. Тиймээс аль болох нэг нэгнээс нь ялгаж, салгаж өгөхийг хичээж дүрээ бүтээсэн дээ.

-Одоо дахин тийм дүрд тоглох болов уу? 

-Харин л дээ.

-Гэхдээ танд мөрөөдлийн дүр байхгүй гэж үү?

-Байна аа. Оюутан байхад ма­най багш “Би насаараа “Лийр ван” жүжигт тоглохыг мөрөөдлөө. Даан ч энэ муусайн найруулагчид намайг Лийр вангаар ерөөсөө харж чаддаггүй” гээд инээдэг байж билээ. Харин би “Лийр ван”-гийн бүх үгийг цээжээр мэднэ. Тэр ч битгий хэл хамтрагчийнх нь үгийг хүртэл үг, үсэггүй мэднэ. Одоо л Лийр вангийн дүрд тоглох юмсан гэж боддог. 

Гэтэл манай найруулагчид намайг Лийр вангаар бас төсөөлж, харахгүй л байгаа юм даа. /Инээв/

-Зөвхөн Хасарын дүрээр л хараад байна уу?

-Харин тийм. /Инээв/ Би боддог л юм. Тэр том, мундаг багшийнхаа мөрөөдөж байсан дүрд тоглох юмсан гэж. Насны хувьд ч гэсэн энэ том дүрд тоглоход бололцооны шүү дээ.

-Уучлаарай, нэг гөжүүд ч гэмээр асуулт байна. Яагаад заавал “Лийр ван”-гийн дүр гэж?

-Их мундаг жүжиг шүү дээ. Лийр вангийн дүр бол жүжигчин хүнээс асар их авьяас шаарддаг. Мэргэжлийнх нь хувьд нэг шат ахиулах том боломж юм. 

-Ингэхэд урлагийн ажлыг нас богинотой гэж ярьдаг?

-Чи намайг тэтгэвэртээ гарах болоогүй юу гэж л асуугаад байна аа даа. /Инээв/

-Яалаа гэж дээ?

-Үнэнийг хэлэхэд наад үгтэй чинь санал нийлэхгүй байна. Зарим нь тэгж ярьдаг л юм. Гэхдээ драмын урлагт нас хамаагүй шүү дээ. Жүжигчид өөрт тохирсон дүрээ бүтээгээд л явдаг. Харин миний насны хүмүүс юм юманд үсчээд явах нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд олон жүжигт, маш сайхан дүр бүтээлээ. 

Нөгөөтэйгүүр, тоглосон дүрүү­дээрээ үзэгч түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явна. Энэ утгаараа нэлээн даацтай, чансаатай дүр л бүтээхийг хүсч байна. Миний нөөц бололцоог шавхсан тийм л найруулагч нартай ажиллахыг хүсч байна даа. 

-Гэхдээ нэртэй найруулагч, жүжигчидтэй уулзахаар зарим нь “Би найруулагч, жүжигчинч болох хаа байсан юм” гэж ярьдаг. Өөрийгөө хэзээ “жинхэнэ жүжигчин боллоо” гэж үнэлж байв?

-Сонин асуулт байна. Би 1987 онд Москва хотын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэр үед өөрийгөө “Би жүжигчний мэргэжил эзэмшлээ” гэж бодсон. Тиймээс би бол жүжигчин Яах вэ, “Ээ, миний жүжигчин болох хаа байсан юм” гэж зарим нь ярьдаг л даа. Гэхдээ тухайн хэлж байгаа жүжигчин, найруулагч бүр өөрийгөө ”Би жүжигчин, найруулагч болсон шүү” гэж дотроо бодож л байгаа. Энэ нууц биш шүү дээ. Нөгөөтэйгүүр хүнд даруу зан байх хэрэгтэй.

-Та драмын театрт ажиллаад олон жил болж байна. Ахмад уран бүтээлчтэй уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй нь?

-Юу тэр вэ.

-Уран бүтээлчдийн ихэнх нь л төр, засгаас урлагийг дэмжихгүй, хөсөр хаяж байна гэдэг. Үнэхээр санаанд тань хүртэл дэмждэггүй хэрэг үү?

-Дэмжилгүй яах вэ. Бид л илүү ихийг хүсээд байгаа юм. Гэхдээ улам чанартай уран бүтээл хийхийн тулд тэгж байгаа хэрэг. 

Аливаа зүйл чинь хөрөнгө мөнгөний дэмээр л явдаг, ураг­шилдаг. Төр, засгаас биднийг дэмжиж байгаа.

-Тийм гэж үү. Тэгвэл ур­лагийнхны ихэнх нь л “дэм­жих­гүй байна, болохгүй байна” гэж гом­доллодог? 

-Үгүй шүү дээ. Дэмжилгүй яадаг юм бэ. Дэмжиж байгаа болохоор бид цалин авч байна. Дэмжиж байгаа болохоор сайхан сайхан жүжиг тавьж байна. Тий­мээс дэмжихгүй байна гэж ерөөсөө хэлж, ярьж болохгүй. Миний нэг бодож явдаг бодол байдаг юм.

-Ямар?

-Сая чиний асуусан шиг дэмжихгүй байна. Юм өгөхгүй байна. Амьдрал муу байна. Ажил олдохгүй байна гэж зарим нь ярьдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө ажил хийдэггүй л байхгүй юу. Гэтэл нийгэм маань биднийг ажил хийж амьдралаа залгуулахыг л шаардаж байна шүү дээ. Урлагийнхан “Дүр биднийг голно уу гэхээс дүрийг бид голохгүй” гэдэг шиг ажил биднийг голно. Бид ажлыг голохгүй. Тийм биз дээ. 

-Тийм ээ, тантай санал нэг байна?

-Чи бод л доо. Би жүжиглэхээс өөр ажил хийж чадахгүй. Би гагнуурчин хийж хэзээ ч үзээгүй. Угаасаа чадахгүй. Үүнтэй адил мэргэжил болгонд өөр өөрийн гэсэн онцлог бий. 

Тиймээс хүн өөрийн хийж чаддаг ажлаа уйгагүй л хийж байх хэрэгтэй. Дахин хэлэхэд энэ хорвоод чинь болохгүй юм гэж байдаггүй. Харин чадахгүй зүйл гэж бий. Болохгүй юмыг болгож, бүтээхийн төлөө амьдрах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол хая. Тэрнээс хийж үзээгүй байж чадахгүй гээд хаях ёсгүй. Заавал чадахын төлөө явах ёстой. 

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ирэх есдүгээр сарын 5-нд тайзнаа тавигдаж, үзэгчдийн хүртээл болох “Буруугүй буруутан” жүжиг нээлтээ хийнэ. Энэ жүжигт та ямар дүр бүтээж байна вэ?

-Энэ жил манай театрын хамт олон долоон найруулагчийн долоон өөр жүжиг дээр ажиллаж байна. Эхний таван жүжиг нь наадмын өмнөхөн үзэгчдийн хүртээл болсон. 

Харин ирэх сарын 5-нд зургаа дахь жүжиг болох “Буруугүй буруутан” тайзнаа тавигдана. Миний хувьд энэ жүжгийн гол дүрд тоглож байна. Одоогоор уншлага, тайзны ажиллагаа гээд эхлэлийн байдалтай л явж байна даа.

-Жүжгээр дамжуулж үзэгчдэд ямар мессэж өгөхийг зорьж байна вэ?

-Ямар ч хүн өөрийн амьдарч буй орчиндоо, тухайн хийж буй үйлдлээ бүгд л буруугүй гэж боддог. Магадгүй буруу үйлдэл хийж байсан ч гэсэн ямар нэг зорилготойгоор хийж байгаа бо­лохоор өөрийгөө буруугүй гэж үздэг байх. Гэтэл хэдэн жилийн дараа нөгөө өнцгөөс нь харахад буруугүй атлаа буруутан болж байх жишээний. 

Мөн “Буруугүй буруутан” жүжгийн хэлэх гэсэн санаа нь хүний амьдралын утга учир, хувь заяаны тухай, магадгүй залуу сайхан насандаа амьдралаа сайн сайхнаар төсөөлж, хэзээ ч хагацаж салахгүй гэж бодож явсан хосуудын амьдрал нэг л өглөө орвонгоороо эргэнэ. Гэвч ямар ч аав, ээж үр хүүхдийнхээ төлөө муу үйл хийхийг бодохгүй шүү дээ. 

Түүнчлэн үнэнч хайр дурлал хэзээ ч хуучирдаггүй. Олон жи­лийн өмнө салсан ч гэсэн учрах ёстой бол учирдаг л байхгүй юу. Гагцхүү дунд нь тэр хүн ямар ч амьдрал туулсан байж болно. Гэхдээ л учрах, уулзах ёстой бол нэгэн цагт учирдаг л байхгүй юу. Үүнээс гадна аливаа гэр бүл үр хүүхэдтэй байх ёстой. Үр хүүхэдтэй байна гэдэг тухайн айл гэрийн аз жаргал байдаг. Энэ асуудал ч гэсэн хөндөгдөж байгаа. 

Ингээд яриад байвал дуусахгүй л дээ. Жүжиг маань их олон санааг дэвшүүлсэн хүнд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн олон ааш аягийг сайн болон муу талаас нь харуулсан. 

-Яг ийм сэдвүүдийг хөндсөн жүжиг өмнө нь тавигдаж байсан уу?

-Үгүй ээ. Миний санаж бай­гаагаар яг ийм сэдвийг хөндсөн жүжиг өмнө нь тавигдаж байгаа­гүй. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Юу вэ гэвэл үзэгчид театрт жүжиг үзэхдээ ямар нэгэн зүйлийг бодож, олж авах хэрэгтэй. Энэ жүжгийг үзсэнээрээ юуг ойлгож авав гэдэг нь их чухал. Үнэнч сайхан хайр сэтгэлээрээ гэрлэсэн хүмүүсийн амьдрал нь хүртэл сайн сайхан байдаг. 

Өнөөдөр чи гачигдаж дутагдах зүйлгүй байж болно. Гэхдээ чамаас өөр хэн нэгэн зовж, зүдэрч яваа гэдгийг л байнга бодож явах хэрэгтэй.

-Сүүлийн асуулт. “Буруугүй буруутан” жүжгийг шинэ, залуу найруулагч найруулж байгаа. Залуу хүний удирдлаган доор ажиллах ямар байх юм бэ?

-Манай Э.Ёндоншарав бол нэлээн ул суурьтай бодож най­руулж байгаа гэж бодож байна. Зөвлөх найруулагчаар Б.Баатар ажиллаж байгаа. Манай Б.Баатар найруулагч бол олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм. 

Дээр нь жүжигчид маань зохиолоо маш сайн ойлгож байгаа. Найруулагчийн хувьд анх удаа том жүжиг дээр ажиллаж байгаа ч гэсэн өмнө нь олон жүжиг дээр туслах найруулагчаар ажилласан. Олон ч жүжигт бид хамтарч ажилласан. Энэ утгаараа бие биеэ ойлгоход маш хялбар байна. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

-Маш их баярлалаа. Танай сонины хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. 

Зураг