УИХ-ын чуулганаар Засгийн Газрын бүтцийг баталсан. Өнөөдөр шинэ сайдуудын нэрсийг УИХ-д өргөн барина. Нам, эвслүүд сайд нараа албан ёсоор тодруулаагүй ч аль хэдийнэ хэн аль яамны сайд болох нь яригдаад эхэлсэн. Энэ талаар зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Г.Уянга: Сайдын суудлын төлөө байлдаж байна

Өмнөх МАНАН-гаас ялгаагүй МАНАН татаж байгаа учраас “Шударга ёс” эвсэл энэ Засгийн Газарт орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг сайдаа хоёр, зүгээр яамаа Шадар сайд болгох гээд улайрч байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Олон нам, эсвэл Засгийн Газарт орж байгаа.
Тэд бүгдээрээ том сайд, том мөнгө зарцуулдаг салбар авах гэж хичээж, тэмцэлдэж байна. Ийм тэмцэлдээнд “Шударга ёс” эвсэл орох шаардлагагүй. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан. “Шударга ёс” эсвэл 2012 оны сонгуулиар ард иргэдийн 23-24 хувийн саналыг авч орж ирсэн. Үүндээ таарсан байр сууриа эзлэж явах нь шударга ёсонд илүү нийцтэй.
Харамсалтай нь яам, сайд хувиарлах болохоор тэр зарчим алдагдаад, хэн нь ямар, хэдэн яам авах вэ гэдэг байлдаан руу ордог юм байна. Эвслийг Шадар сайдын суудал авах гэж улайрч байгаа гэх мэдээлэл их байна. Энэ бол МАХН-ын байр суурь. Намын байр суурьт бүлгийг ашиглаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сайдуудын 50 хувь нь дан дээлтэй байх ёстой

-Өнөөдөр амжаад сайд нараа томилно гэсэн. АН-ын хувьд оногдсон квот дээрээ сайдуудаа ярьсан уу. Сайдуудыг гадна, дотноос томилох дээр ямар зарчим баримталж байна вэ?
-Өчигдөр Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг баталсан. Үүнтэй холбогдлуулж Засгийн Газрын бүрэлдэхүүнд орж байгаа намууд сайд нарынхаа нэрсийг Монгол Улсын Ерөнхий сайдаар дамжуулж УИХ-д оруулж ирнэ. Өнөөдөр хуулийн эцсийн хугацаа. Сайд нарын нэрс өнөөдөр өргөн баригдах ёстой.
АН-ын хувьд үндсэн чиглэлийн сайдууд буюу дөрвөн яамны сайд дотроосоо байх нь зүйтэй. Бусад буюу чиглэлийн яамны сайдуудыг гаднаас томилоё гэсэн байр суурьтай байгаа.
-Фракцуудын хувьд сайдын суудлыг хэрхэн хувааж байгаа вэ?
-Фракцуудад тавь тавин хувь байна гэсэн зарчмыг Ерөнхий сайд өгсөн гэж би сонссон. Би өнөөдөр фракцын хуралдаа сууж амжаагүй байна. Ажлын хэсэг дээр ерөнхий ойлголцол, тохироонд хүрсэн. Ямар ч байсан фракцуудад хувиарлагдаж байгаа сайдуудын 50 хувь нь дан дээлтэй байх ёстой гэсэн зарчим барьж байгаа.
-Ойлголцож тохирч чадахгүй байна гэсэн зүйлийг зарим нэг гишүүн ярьж байсан. Тийм зүйл байна уу?
-Ойлголцож таарна. Хууль хугацаатай. 100 хувийн ойлголцол гэж байхгүй. 80 хувийн ойлголцолтой байхад асуудал урагшилна.
-Нэрсийн хувьд ямар байдалтай байна. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар дахин томилогдох уу?
-Хүний нэр хэлмээргүй байна. Ямар ч байсан Засгийн Газрын бүтцийг ажиглахад боломжийн зүйл харагдаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яамыг Спортын яамтай нэгтгэж байгаа нь бодлогын хувьд зөв гэж харж байгаа. Хүнд үйлдвэрийн яамыг тусад нь гаргаж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн гэж бодож байна.
Яамгүй сайдын асуудалд шүүмжлэлтэй зүйл харагдаж байгаа ч эхлээд шинэ Засгийн Газрыг яаж ажиллахыг нь харах хэрэгтэй байх.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Шударга ёс” эвсэл Монгол Улсын сайдыг авахгүй гэсэн

-Сайдуудын суудалд хэн хэний нэр яригдаж байна вэ?
-Засгийн Газарт хамтарч байгаа бүлэг, эвслүүд өчигдөр орой батлагдсан бүтцийн дагуу аль аль салбар яамдууд оногдохыг өнөөдөр шийдэж, холбогдох сайд нарынхаа нэрийг УИХ-ын даргад өргөн барих учиртай. Манай намын хувьд Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, намын бүлгээр ярилцаад өргөн барих байх. МАН-ын бүлгийн хувьд үндсэн чиг үүргийн яам манайд оногдох юм бол бага хурал дотроосоо, бусад сайд нарыг гаднаас бүрдүүлье гэсэн зарчим баримталж байгаа.
-Танай намд ямар ямар яам ногдож байна вэ?
-Үндсэн чиг үүргийн хоёр яам, Сангийн яам, Байгаль орчны яам оногдох байх. Бусад яамны хувьд бүрэн тодорч амжаагүй байна.
-Сангийн сайдаар Я.Содбаатар Ж.Эрдэнэбат нарын хэн нь яригдаж байгаа вэ?
-Би хувьдаа мэргэжлийн хүн байх болов уу гэж бодож байна. Энэ асуудалд албан ёсоор нэр тодорч, намын бүлгээр хэлэлцэгдээгүй байна.
-Монгол Улсын сайдын суудал танай намд очиж байгаа гэх яриа байна. Энэ хир үнэний ортой вэ?
-”Шударга ёс” эвсэлд энэ суудлыг өгье гэж ярьсан ч тэд өөр яам авмаар байна гэсэн санал хэлж байгаа юм шиг билээ. Энэ асуудлыг ярилцаж байгаад шийдэх байх. Шадар сайдын албан тушаал манай намд оногдоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!