Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд Солонгос дахь Монгол сургуулийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо.
Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн шилжилтийн хүндрэл бэрхшээлтэй, хууль бусаар оршин суугч иргэдийн үр хүүхэд суурь боловсрол эзэмших нөхцөл боломжгүй байсан цаг үед Монгол сургууль анх үйл ажиллагаагаа эхэлж, өнөө хүртэл тасралгүй ажиллаж өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсныг тэмдэглэв.
Солонгос дахь Монгол хүүхдүүд монгол, хэл соёлоосоо тасрахгүй байх, уламжлал, ёс заншлаасаа байнга суралцахад Монгол Улсын Боловсролын яамны сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий боловсролын байгууллагын хувьд Монгол сургуулийн цаашдын тасралтгүй үйл ажиллагаа чухал болохыг онцлов.
Энэ үүднээс Монгол сургуулийн сургалтын хөтөлбөрийг стандартад нийцүүлэн сайжруулах, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх болон мэргэжлийн ном сурах бичгээр хангах чиглэлээр ЭСЯ-наас анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Солонгос дахь бүрэн дунд боловсролын сургалт бүхий Монгол сургууль нь 1999 онд 8 сурагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж байсан.
2006 онд Монгол Улсын Боловсролын яамнаас сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 120 гаруй сурагч төгссөн бөгөөд одоогоор нийт 160 сурагч суралцаж байна.
Арга хэмжээнд тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Хан Гил, Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пак Рэ Хак, Хотын боловсролын газрын дарга Ким Мүн Сү, Гванжин дүүргийн дарга Ким Ки Дон, ИТХ-ын дарга Пак Сам Рэ, Монгол сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!