Дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтэн
Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдөр өнгөрсөн сарын 27-ны өдөр тохиож, эрдэмтэд, шинжлэх ухааны салбарын ажиллагсад болон шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
Түүгээр ч барахгүй “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Х.Намсрайд төрийн дээд тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээсэн нь эрдэмтэн судлаачдын бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, бүтээн туурвих зориг эрмэлзэл бадраасан үйл явдал болсон юм.
Түүнчлэн дэлхийн чинадаас нэгэн сайхан мэдээ дуулдсан нь Дэлхийн Шинжлэх ухааны Академи 2014 оны “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр Монгол эрдэмтнийг тодруулсан явдал байлаа.
Профессор Г.Цэрэнчунтын бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг.
Тодруулбал, “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Г.Цэрэнчунт тодорчээ. Дэлхийн болон АНУ-ын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, анагаах ухааны доктор, профессор тэрбээр 2006 онд Монгол Улсын “Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарч байсан нэгэн аж.
Тиймээс түүнийг “Монголын мэдээ” сонин “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд Монгол эрдэмтэд маань дэлхийд үнэлэгдэх болсон. Жишээ татахад, эдүгээгээс зургаан жилийн өмнө “Дэлхийн шилдэг 1000 эрдэмтний нэг Монгол эрдэмтэн” хэмээн Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатарын тухай бичиж байв.
АНУ-ын намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Great Minds of the 21st Century” номд Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатарын намтар шалгарснаар Альберт Эйнштейн, МаркТвэйн, Мартин Лютер Кинг, Далай лам, Маргарет Тэтчер, Жон Ф.Кеннеди зэрэг суут хүмүүсийн нэрсийн дэргэд Монгол эрдэмтний нэр багтаж чадсан юм.
Дараахан нь ПГУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор, Б.Пүрэвтогтох мөн л Англи улсын Кембриж хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын намтар судлалын төвөөс эрхэлж гаргадаг "TOP 100 Scienstists-2008” буюу "2008 оны ТОР 100-эрдэмтэн" номд нэрээ дуурсгаж байв.
Өнгөрсөн жил ч мөн Дэлхийн шилдэг эрдэмтдийн эгнээнд Монгол эмэгтэй багтсан тухай шуугиж байв. ЮНЕСКО болон дэлхийн алдарт ЛОреал корпораци хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргаж байгаа олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх 40000 ам.долларын тэтгэлэгт шагналыг олгодог бөгөөд энэхүү шагналыг ЭХЭМҮГ-ийн судлаач, их эмч Д.Энхмаа хүртэж байсан юм.
Харин энэ удаад Дэлхийн Шинжлэх ухааны Академи 2014 оны "Дэлхийн шилдэг эрдэмтэн"-ээр Монгол залуу эрдэмтнийг тодрууллаа. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн академич, анагаах ухааны доктор, профессор Г.Цэрэнчунтад 2001 оноос олгогдож эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн олгодог “Оны шилдэг залуу эрдэмтэн” шагналыг хүртээж байжээ.
"Хавдрыг үүсгэх шалтгаан" судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн.
Тэрбээр иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн байна.
Эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хавдрыг эсийн, молекулын төвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношлож чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгожээ. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр болон үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлжээ.
Профессор Г.Цэрэнчунтын зөвхөн сүүлийн найман жилд олон улсын олон нийтийн хяналттай, IF-өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг аж. Хавдрын эрин зуун хэмээн нэрлэгдэж, хортой болон хоргүй хавдраар шаналж буй Монголчуудаа анагаах хүсэл нь түүнийг дэлхийд үнэлэгдэх зам мөр болон дурайжээ гэхэд хилсдэхгүй биз.
Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн жирийн нэгэн Монгол залуу Г.Цэрэнчунт 1999 оноос хойш эдүгээг хүртэл сурч боловсорсоор Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртэж чаджээ.
Тэрбээр ХБНГУ-ын Гумболдтын их сургуульд зочин профессор, Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессороор ажилладаг түүнийг Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч гэдгийг тэр бүр Монголчууд мэдэхгүй биз ээ.
Ямартай ч дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтнийхээ ачаар тун удахгүй хавдар гэдэг аймшигт өвчнөөс хагацаж чадах найдвар төрсөнөө энд дурьдая.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
