Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ачигч машины үнийг бууруулсан нь сайн ч, ачдаг арга нь буруу хэвээрээ байна

Р.Саруул
2014 оны 11 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Нэгдүгээр эгнээний зам дээр тавьсан болон зорчих хэсэгт саад учруулан байрлуулсан машинийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн өвлөөс эхэлж журамлан ачдаг болсон.

Энэхүү журмын хэрэгжилт төдийгүй мөнгөн дүнг өндөр байна гэж иргэд их л ундууцаж байсан юм. Иргэдийн гаргасан уг гомдол саналыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл анхааралдаа авч өчигдрөөс эхлэн ачигч машины төлбөрийг 55 мянган төгрөг болгож журамд өөрчлөлт орууллаа.

Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болжээ. Өмнө нь ингэж ачиж тээвэрлэсэн зардлыг хувь хүнээс гаргуулж 70 мянган төгрөгний үнэтэй байсан нь иргэдийн амьдралд тийм ч бодиттой үнэ биш гэж үзээд ийнхүү хямдруулсан үнээр ачихаар болсон гэсэн үг. 

Дээрх дүрэм журам гарснаараа автомашинаа нэгдүгээр эгнээнд байрлуулсан бол ачигч машин ачаад журмын хашаанд хийдэг болсноос хойш энэ байдал арай л цэгцтэй болж ирсэн гэдэгт хүн бүр санал нийлэх байх. Хэдийгээр өнөөдөр ачигч машины төлбөрийг 55 мянган төгрөг болгосон ч ачилтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй гэдгийг иргэд биднээр дайн уламжлуулсан юм.

Ачигч машины төлбөрийг 55 мянган төгрөг болгосон ч ачилтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, энэхүү ажил урагштай байгаа хэдий ч зарим нэг газраа хууль дүрэм нь үйлчлэхгүй байна гэх гомдол санал олноор ирэх боллоо. Уг нь аливаа нэг хууль журам хэн хэндээ тэгш шударга үйлчилж байх ёстой.

Хэрэв тэгш үйлчлэхгүй бол хэрүүл маргаан, баян хоосны ялгаа, гарч ирдэг нь бичигдээгүй хууль. Гэтэл иргэдээ алаг үзэж байгаа юм шиг зэрэгцээд зогссон хоёр машиныг марк дугаараар нь ялган ачих, мөн булан тохойны ард орж нуугдаж байгаад эзнийг нь явангуут машиныг нь ачдаг байдал хэрээс хэтэрлээ хэмээн машинаа ачуулсан иргэд гомдоллож байна. 

Уг нь замын хөдөлгөөний дүрмэнд байдаг түр зогсолтын таван минут ч үүнд хамаарахгүй байгаа учраас иргэд ийнхүү гомдоллох болсон гэсэн үг. Яг үнэндээ нийслэлд машинаа тавьчих олигтойхон зогсоол байхгүй гэдгийг дарга нар бүгд мэдэж байгаа. Хамгийн асуудалтай нь машин ачигч нар нийслэлийн хамгийн их ачаалалттай байдаг авто зогсоолын газруудыг онилж байгаад иргэдийн машиныг ачаад явдаг нь нууц биш.

Тухайлбал, хотын төв хэсэг болох Соёлын төв өргөөнөөс өөр нийслэлд нэгдүгээр эгнээгээр машин чихээд тавьчихсан газар зөндөө бий. Тэдгээр газруудад машин ачдаг НИТХ-ын тогтоол хэрэгжихгүй байна гэсэн үг. Энэхүү үйлдэл нь замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, зөвхөн машин ачиж мөнгө олох нэг хэрэгсэл нь болчихоод байгаа юм.
Жишээ нь, машин ачигч нар “Өгөөмөр”, “Нарантуул”, Да-Хүрээ техникийн захын аль ч талын нэгдүгээр эгнээнд машинаа тавих, зогсох ямар ч боломж байдаггүй. Эдгээр газруудад замын түгжрэл, Соёлын төв өргөөнийхөөс ч илүү ихээр үүсдэг. Гэтэл машин ачигч нөхдүүд тус газраас нэг ч удаа машин ачиж байгаагүй гэдгийг олон хүн гэрчилж буй юм.

Учир нь машин ачигч нар ердөө ганцхан байрлалд отолт хийж байгаад машин ачиж төлбөр авдаг учраас жолооч нар ийнхүү бухимдах болсон юм. Уг нь эхлээд дэд бүтэц, дараа нь ийм арга хэрэгсэл байвал болох ч үнэндээ үүнийгээ анхаараагүй хэрнээ мөнгөн торгуулийн ийм бизнес байгааг олоод харчихсанд хотын дарга, НИТХ-ынханыг энэхүү дүрэм журамдаа өөрчлөлт оруулахыг шаардаж байсан юм. 

Тиймээс л нэг удаагийн сануулга өгөхгүй ийм мөнгөний төлөө ажил явуулж байгаа хотын удирдлагуудын энэ журам нэрийн дор хэрэгжүүлж байгаа мөнгөний ажлаа цэгцлээч гэсэн саналыг иргэд маш олноор илгээсэн учраас өнөөдөр ийнхүү төлбөрийн асуудал дээр хотын захирагч арга хэмжээ авсан гэсэн үг. Автомашинаас авсан бүхий л татвар Улсын төсөвт 100 хувь ордог ч эргээд энэ мөнгөөр 50 машины зогсоол барих бүрэн бололцоо байгаа гэсэн судалгаа ч байдаг юм билээ. 

Эцэст нь хэлэхэд ард олны нэрийг барьсан хэрнээ халаасан дахь мөнгөтэй нь илүү харьцаад байгаа, хаа хаанаа хүрч чадахгүй автомашин ачих тэгш бус үйлчилгээ бизнес болчихсон байна гэдгийг Хотын дарга Э.Бат-Үүл та анхааралдаа авч бас нэгэн шинэ алхам хийнэ гэдэгт нийслэлчүүд итгэн хүлээж байна.

Зураг