Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт хэзээ шийдэгдэх вэ?

WWW.GAULI.MN
2014 оны 11 сарын 17
Gauli
Зураг зураг
Рио Тинто

МУ-ын ЗГ огцорсноос хойш Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэх хугацааг тодорхойлох тухай асуудал уг төслийн ирээдүй, хувьцааны ханшид улам бүр чухал нөлөөтэй болоод байна. Иймээс бидний энэ удаагийн анализ нь энэхүү хугацааг тодорхойлоход чиглэх болно.


 

Рио Тито группын гүйцэтгэх захирал Сэм Уолш: 

МУ-ын Засгийн газар огцорсны дараа мэдэгдэл хийхдээ “Монголын засгийн газрын тэргүүн солигдох нь Оюу Толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдэхэд эерэг нөлөөтэй байж магадгүй. Засгийн газрыг шинээр бүрдүүлэхээр болсон нь эерэг өөрчлөлтийг дагуулна. Олон нийт Оюу Толгой төслийг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтэйг нотлох зүйл олон байгаа” гэжээ.

 

TRQ-ийн гүйцэтгэх захирал Kay Priestly:

Компанийн III улирлын санхүүгийн тайланг хэлэлцэх хурлын үеэр шинжээчдэд хандан хэлэхдээ “Ерөнхий сайд огцорч, шинэ засгийн газар байгуулагдахаар болсон нь бидний хэлэлцээрийн цаг хугацаанд нөлөөлөх төлөвтэй байна. Бид улс төрийн асуудлаар өөрсдийн үзэл бодол, таамаглалыг дэвшүүлэх боломжгүй. Харин нөхцөл байдлыг ажиглаж, хүлээж, асуудал хэрхэн шийгдэхийг харж байна. Харин шинэ удирдлага гарч ирэх үед хамтран ажиллахдаа бэлэн байна” гэжээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Deutsche Bank өөрсдийн хийсэн Оюу толгойн талаарх судалгаагаа олон нийтэд зарлав.

Уг судалгаанд “Далд уурхайн санхүүжилтын асуудал ирэх улирлын дотор шийдэгдэх боломжтой. Тодруулбал, Рио Тинто нь далд уурхайн санхүүжилт хийхтэй холбоотой бүх зөвшөөрлийг 2015 оны I улиралд багтан хүлээн авах боломжтой” гэж үзжээ.

Ийнхүү нэг жил хагасын хугацаанд гацаанд ороод байгаа далд уурхайн санхүүжилт ирэх оны эхний улиралд багтах боломжтой байгаа нь хөрөнгө оруулагчдын мэдэгдэл болоод судалгааны үр дүнгээс харагдаж байгаа юм.

Харин Монголын эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөл байдал, 2016 оны сонгууль дөхөж буй зэргийг харгалзан үзвэл төслийг аль болох түргэн үргэлжлүүлэх нь улам бүр чухал болоод байна гэж бид үзнэ байна.

 

Хоёр талын нэгдсэн байр суурь

Өнгөрсөн хугацаанд Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талын дээд албан тушаалтнууд төслийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дарааллан илэрхийлсээр байсан. Энэ нь тэдний нэгдсэн байр суурь болж байгаа нь маш чухал юм. Харин тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд далд уурхайн санхүүжилттэй холбоотой холбогдох асуудлыг шийдэх шаардлагатай байгаа билээ.

 

Санхүүжилт хийх байгууллагууд бэлэн үү?

Oюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад зээлийн баталгаа гаргасан 15 зээлдэгчийн баталгааны хугацаа дууссан талаар "Turquoise Hill Resources" өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэхдээ эдгээр банкны зарим нь баталгааны хугацаагаа сунгахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хөрөнгө зээлийн баталгааны хугацаагаа 12 дугаар сарын 31 болгож хойшлуулснаа мэдэгдсэн байна. Энд, дэлхийн хэмжээний том төсөлд санхүүжилт хийх сонирхолтой олон байгууллага байгааг дурьдах нь зүйтэй.

 

Ханшийн хэлбэлзэл ямар байна вэ?

Монгол улсын засгийн газрын тогтвортой байдал Оюу толгой төслийн ирээдүйд чухал нөлөөтэйг засгийн газар огцорсон үеийн хувьцааны ханшийн уналтаас тод харж болно. Засгийн газар огцорсноос хойшхи дараагийн гурван өдөрт хувьцааны ханш 14 хувиар унаж 2.93 ам.долларт хүрсэн. Гэхдээ ханш эргээд сэргэж 3.59 ам.долларт хүрээд байна. Ийнхүү өсөхөд

  • Ерөнхий сайдад нэр дэвших хүн тодорхой болсон,
  • III улирлын санхүүгийн тайлан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сайжирсан,
  • Deutsche Bank-ний Оюу Толгойн талаарх судалгаа олон нийтэд зарлагдсан зэрэг хүчин зүйлс нөлөөлөв.  

 

Урт хугацаанд хэд хүрэх вэ?

Дээрхээс графикаас харахад TRQ-ийн хувьцааны ханшид Монголын улс төрийн тогтворгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчтэй нөлөөлсөн байна. Компанийн хувьцааны ханш болон зэсийн үнэ 2012 он хүртэл нягт хамааралтай байсан бол 2012 оны эхний хагаст хамаарал алдагдан, эргээд 2012 оны хоёрдугаар хагасаас нэмэгджээ.

Эндээс Монголын улс төрийн эрсдэл эрс нэмэгдсэн нь ханш унахад хүчтэй нөлөөлсөн гэж дүгнэж болох юм. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд хувьцааг хямд худалдан авах боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байна. Хувьцааны одоогийн ханш зах зээлийн бодит үнэлгээнээс даруй 2-3 дахин бага байгаа юм.

Мөн 3-3.1 ам.долларын орчимд хүчтэй дэмжигч шулуун байгаа нь компанийн санхүүгийн суурь үзүүлэлтүүд, үнэлгээтэй холбоотой байна. Харин 3 ам.долларыг сэтлэн доош унавал уналт үргэлжлэх эрсдэлтэй байгаа юм.

Цаашид Нэгдүгээрт: Далд уурхайн санхүүжилт хэзээ шийдэгдэх цаг хугацааг зөв тодорхойлж, Хоёрдугаарт: Зэсийн суурь судалгааг чанартай гүйцэтгэснээр амжилттай хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна.

Г.Мөнх-Эрдэнэ /Хөрөнгө оруулалтын шинжээч/

www.gauli.mn