Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

БНАСАУ-ын тэргүүний тусгай элч Орост айлчилж байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос Оростой харилцах дипломат харилцаагаа дахин идэвхижүүлж эхлэжээ. Энэ жил Хойд Солонгос гурав дахь удаагаа өндөр дээд албаны төлөөлөгчөө ОХУ-руу илгээсэн байна. Тодруулбал БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгчдийн төлөөлөгч, Төв хорооны нарийн бичгийн дарга Цой Рён Хэ Ким Жон Уны тусгай элч болон Орост айлчлах долоо хоногийн айлчлалаа эхлүүлжээ. 

Харин өнгөрсөн хоёрдугаар сард Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Ким Ён Нам Орост айлчилж байсан бол 10 дугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ён айлчилж байжээ. 

Цой Рён Хэгийн айлчлалын үеэр улс төрийн яриа хэлэлцээрийн түвшнийг дээшлүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх арга зам, Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөгдөж байгаа хэмээн Оросын дипломат албанаас мэдээллээ.

Түүнчлэн хамтын ашиг сонирхлыг төлөөлөх олон улсын зарим асуудлуудыг авч хэлэлцэх гэнэ. Цой Рён Хэ айлчлалынхаа үеэр Хабаровск болон Владивостокт зочлох юм байна.

Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков өглөө. “Айлчлалын үеэр гурван багц асуудал яригдана. Нэгдүгээрт, цөмийн хөтөлбөр, тодруулбал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэтийн төлөв яригдана. Хоёрдугаарт, Зүүн Хойд Ази дахь аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй ярилцана. Энэ бүс нутагт асуудал багагүй бий. Түүнчлэн Москва болон Пхеньяны хоорондын хоёр талт асуудлуудыг хэлэлцэх юм” хэмээн Рябков мэдэгджээ.



Орос-Хойд Солонгосын харилцаа, ялангуяа худалдаа эдийн засгийн салбар нь сүүлийн саруудад шинэ түвшинд гарч ирсэн юм. Орос улс БНАСАУ-ын өрийг цайруулж, 2020 он гэхэд бараа эргэлтийг 1 тэрбум ам. долларт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн талууд харилцан тооцоондоо рубль ашиглахаар болжээ.