Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Богино хугацаанд хямралаас гарах нь л чухал байна

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

 

АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та Ерөнхий сайд болбол цаашид авч хэрэгжүүлэх ажлаа эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг гэж тодорхойлсон байсан. Яг юунаас ажлаа эхлэх вэ? 

-Өнөөдөр АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Энэ шийдвэрийг УИХ-аас баталгаажуулах ёстой. Түүний дараа шинэ Засгийн газар ямар байх, үйл ажиллагаагаа явуулах гол чиглэл нь юу байх вэ гэдгээ ард түмэндээ зарлах ёстой. Тэр үед л асуудлаа багцалж хүргэнэ. Намын ҮЗХ дээр хийх ажлуудынхаа хүрээ, зорилго, чиглэлээ хэлсэн. Эдийн засаг тал руу анхаарна. Эдийн засаг хямралтай байна. Богино хугацаанд яаж хямралаас гарах вэ, хэрхэн хурдан шийдвэрлэх вэ гэдэгт шинэ Засгийн газар хамгийн түрүүнд анхаарах болно.

-Та Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, гал тогооны ажлыг нь үүрч байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх үү? 

-Мэдээж 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөөр энэ дөрвөн жилд явна. Энэ Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлтэй үед хэрхэн оновчтой арга хэмжээ авч явах вэ гэдгээр Засгийн газрын үйл ажиллагаа тодорхойлогдоно.

-УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болж, таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх хардлага байна? 

-Тохироо байсан бол би 90-100 хувиар гарна. Гэтэл тэгээгүй. ҮЗХ-ны гишүүд итгэл үнэмшлээрээ, зүрх сэтгэлээрээ саналаа өгсөн гэж ойлгож байгаа. 

-Шинэчлэлийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө татан унагасан. Таны тэргүүлэх Засгийн газрыг АН-ын бүлэг санал нэгтэйгээр дэмжиж ажиллах боломжтой юу? 

-Энэ үл ойлголцолд санаа зориг, ажил хэргээрээ, Засгийн газрын үйл ажиллагаагаар хариулт өгнө.

-Та сая өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Үүнийгээ УИХ дахь АН-ын бүлэг дээр яагаад танилцуулаагүй юм бэ?

-АН-ын бүлэг дээр Ерөнхий сайдыг тодруулах эсэх нь маргаантай байсан учраас мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж байгаагүй. Өнөөдөр Д.Эрдэнэбат даргад бүлгийн гишүүдийг цуглуулах боломж байгаа юу гэсэн. Байхгүй гэсэн. Тэгээд л сая боломж гарч мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

-Таны мөрийн хөтөлбөрийн гол онцлог юун дээр чиглэгдсэн бэ. Ер нь та Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдвол ажлаа юунаас эхлэх вэ?
-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг гэсэн зүйлд дээр л анхаарна.

Мөн шинээр байгуулагдах Засгийн газар нэгдүгээрт, дэмжлэгтэй, хоёрдугаарт, үйлдийн засгийн газар байх, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх ёстой. Эдийн Засгийн асуудлыг шийдэхэд Засгийн газар штабын зохион байгуулалттай ажиллах ёстой юм. Үндэснийхээ эрх ашгийг бодож улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой. Бид хонины найр их хийлээ.

Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна.

Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон, одоо өөрсдөө гарах ёстой. Урт хугацааны хөгжлийн асуудал. Нартай өдөр налайж, бороотой өдөр найрладагаа болих ёстой. Засгийн газрын ажил хувийн хэвшил дээр тулгуурлаж байж амжилттай явна.

-Их эрх мэдэл хүнийг эвддэг гэж Монголчууд зүгээр ч нэг хэлцдэггүй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би ямар ч албан тушаалд очсон Ч.Сайханбилэг хэвээрээ л байна. Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, ҮЗХ-ны гишүүтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна. Түүнээс гадна би Амаржаргал гишүүнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Нөгөөтэйгүүр үнэхээр их ажил намайг хүлээж байгааг сайн ойлгож, мэдэрч байгаа. 

-Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх танхимын хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү, өөрийн гэсэн бодлого зорилго дэвшүүлэн ажиллах болов уу?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд оролцохдоо АН “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” уриатай “Монгол хүн” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөр дараагийн сонгууль буюу 2016 он хүртэл үргэлжилнэ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн бүх сайн ажил, тухайлбал том том бүтээн байгуулалт, манай сайд нарын ажил, үүргийнхээ төлөө хагас бүтэн сайнгүй зүтгэдэг тэр ажилсаг чанар бүхэн нь шинээр байгуулагдах Засгийн газарт үргэлжлээд явна.

Дахин хэлэхэд шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө тулгарч байгаа энэ тэргүүний зорилт бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гарах, аажимдаа эдийн засгаа сэргээхэд оршино. Давын өмнө өнөөдрийн эдийн засгийн хүндрэлээс гарах нь л чухал байна. 

Зураг