Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Илтгэл тавихдаа ашиглах ДӨРВӨН хэлэмж

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Биеийн хэлэмж болон хоолойны өнгө нь аливаа харилцаанд ихээхэн нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Бидний цөөн хувь нь л тайзан дээр гараад хийх үйл хөдөлгөөнөө давтдаг. Харин ихэнх нь илтгэлийн агуулгыг цээжлэхэд анхаарлаа хандуулдаг билээ. Ингэснээр бид сайн илтгэл бэлддэг ч онцгой байж чаддаггүй. 

Индэр дээрээс бүхнийг алмайруулж, өөрийн төсөөллөө үзэгчдэд бий болгож чаддаг илтгэгчдийг бид харж л байсан. Гэхдээ хүн бүрт ийм байх боломж бий гэдгийг санах хэрэгтэй. Үнэндээ бол энэ чадварын ихэнх хэсгийг биеийн хэлэмж бий болгож байдаг юм. 

Цугласан олныг байлдан дагуулж, илтгэлээ амжилттай тавихыг хүсвэл биеийн хэлэмжийн дараах дөрвөн дүрмийг баримтлаарай.

 

 

Агуулгаа нүдээрээ илэрхийл
Мундаг илтгэгчдийн тухай дурсахдаа хүмүүс ихэвчлэн илтгэгч ярьж байхдаа түүн рүү ширтэж байгаа юм шиг санагдсан гэдэг. Энэ бол үргэлж тохиолддог зүйл. Тодруулбал илтгэгч өөрийн харцаараа хамгийн чухал зүйлээ хэлж байдаг гэсэн үг юм. Гэхдээ үүнийг хийхэд амархан бөгөөд энгийн хэдэн дүрмийг баримтлахад л хангалттай. 

Юун түрүүнд илтгэлийн цаас болон тэмдэглэлүүдээ аль болох нуу. Эдгээр нь таны анхаарлыг үзэгчдээс өөр тийш хандуулах төдийгүй тэдэнд та илтгэлээ бэлдээгүй, уйтгартай хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийхээ оронд харцаа үзэгчид рүү чиглүүлээрэй. 

Мөн ярьж байхдаа харцаа зүүн-дунд хэсэг-баруун гэсэн дарааллаар шилжүүлэх хэрэгтэй. Ингэж байхдаа чухал санаан дээрээ түр зогсож, дараа нь харцаа шилжүүлэх зарчмаар явна. Түр зогсох нь таныг чухал санаа хэлж байгаа гэдгийг үзэгчдэд ойлгуулдаг.  Танхимд байгаа үзэгчдийг итгүүлж, тэдний оюун бодлыг эзэмд.

 

 

Гараа оролцуул
Ямар нэгэн гайхалтай зүйл ярьж байхдаа илтгэгчид гараа хэрхэн хөдөлгөж байгааг та анзаардаг уу? Гарын хөдөлгөөн нь анхаарлыг өөртөө татаж, илтгэлийн агуулгаа илүү ойлгомжтой болгоход тусладаг. 

Илтгэл тавьж байхдаа гарын хөдөлгөөнөө урд болон ард талаасаа эвгүй харагдаж байгаа эсэхийг сайтар анзаарах хэрэгтэй. Робот эсвэл хөшөө шиг зогсоод байж болохгүй. 
Гараа хөдөлгөх нь танд өөрийн санаагаа амжилттай илэрхийлэхэд тусална. Мөн таныг илүү натурал, өөртөө итгэлтэй байдлаар үзэгчдэд харагдуулдаг. 

 

 

Өөрийгөө нээ
Биеийн хэлэмжийн тусламжтайгаар үзэгчдэд өөрийгөө нээх боломж бий. Ингэхийн тулд юун түрүүнд тайзны ирмэгтэй ойрхон зогс. Үзэгчидтэй ойр байснаар тэд болж буй үйл явдалд өөрийгөө буйг мэдэрнэ. Өөр нэгэн арга бол үзэгчдийн өмнөөс гар, өвдгөө хумьж зогсохгүй байх юм. Товчоор бол илүү нээлттэй харагдахаар зогс.  

Ялангуяа гараа зөрүүлээд цээжээ хумиж зогсох нь зохимжгүй байдаг. 
Энэ зөвлөгөөг дагавал та илүү нээлттэй бас үзэгчдийг байлдан дагуулсан илтгэгч байж чадна. 

 

Инээмсэглэ
Сэтгэл зүйн хувьд маш олон давуу талуудыг бий болгож чадах арга бол инээмсэглэх. Нэгдүгээрт, өөртөө итгэх итгэл чинь сайжраад ирнэ. Индэр дээр гарахын өмнөх айдсыг үгүй болгоход амархан тусална. Та энэ мэдрэмжийг мэдэрч л байсан байх. Дотор чичирч, зүрх түг түг хийдэг. Ахин ийм мэдрэмж төрмөгц л инээмсэглэх хэрэгтэй гэдгийг санаж ав. 

Ингэснээр та тайвширч, илтгэлдээ илүү төвлөрөх боломжтой болно. Үзэгчдэд ч гэсэн тогтуун, тайван харагдаж эхэлнэ. Ер нь инээмсэглэж байгаа хүмүүс өөртөө итгэлтэй, аз жаргалтай харагддаг шүү дээ. 

Дэлхийн шилдэг илтгэгч нар амьдралдаа хэзээ ч гуниглаж байгаагүй мэт харагдаж чаддаг. Ингэснээрээ тэд хамгийн мундаг борлуулагч, гайхалтай байлдан дагуулагчид болж чадсан юм.

Эх сурвалж: BusinessInsider