Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Лүн сум өнгө засчээ

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Төв аймгийн сумдад бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Манай сурвалжлах баг тус аймгийн зарим сумаар явж танилцсан юм.

ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Энэ оны төсвийн тухай хуулиар 16 сумын төвийг шинэчлэхээр болсны дагуу Төв аймгийн Лүн суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжиж байгаа юм. Тус сум баруун аймгуудын зангилаа цэг гэдэг утгаараа худалдаа үйлчилгээ нэлээд хөгжсөн. Бүрий болж байхад сумын төв холоос гэрэлтэж байсан нь бусад сумыг бодоход гэрэлтүүлгээрээ жишиг гэдгийг илтгэнэ.

Лүн суманд сумын төвийн шинэчлэлийн хүрээнд зургаан тэрбум 170 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийх юм. Нутгийн иргэдийн олонхи нь мал аж ахуй эрхэлдэг учраас сумаас малчдыг ихээхэн дэмждэг юм байна.

Тухайлбал багуудад худаг гаргаж өгөх, мал угаалгатай, мал эмнэлэгийн үйлчилгээний байр барьж өгөх зэргээр дамжиж байна. Сумын төвийн шинэчлэлийн хүрээнд багийн нэгдсэн төвийн дулаан цэвэр усны шугамын системийг бүрэн сольж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Тамгын газар зэрэг төсвийн таван барилгын халаалтыг шийджээ.

Мөн үерийн далай барих, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн эхний ээлжийн баригдаж байгаа таван айлын орон сууцыг ашиглалтад оруулах зэрэг жилд сумын иргэдийг ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангажээ. Энэ жил нутгийнхан сумынхаа 90 жилийн ойг тэмдэглэхдээ олон бүтээлч ажил хийсэн юм байна.

Тэр дотор ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж, бэлчээрийн худаг, цэцэрлэгийн цэвэрлэх байгууламж, наадмын талбай зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаагаа сумын Засаг дарга Б.Наранбат хэлж байлаа. Тус сумын малчид өөрсдөө хадлан тэжээлээ бэлтгэж өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Сумын төвийнхөн худалдаа үйлчилгээ түлхүү эрхлэхээс гадна туслах аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд үйлчилгээний газруудад өндөг нийлүүлдэг 200 гаруй тахиатай аж ахуй байна. Мөн малчдаас ноосыг нь худалдан авч зах зээлд нийлүүлдэг эсгийний үйлдвэртэй болжээ.

Бас сумынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа бетон хавтангийн үйлдвэр ч байлаа. Бүрэн техник ажиллагаатай уг эсгийний үйлдвэр өдөрт таван метрийн урттай 20 эсгий үйлдвэрлэдэг. Лүн сум ийнхүү өнгөө засч байна.

Сумын Засаг даргын хэлснээр 2020 он гэхэд иргэд орон сууцанд амьдарч, үйлдвэрлэл хөгжиж, олон өндөр барилгатай болох аж.


БҮРЭН СУМЫНХАН 17 ГА ТАЛБАЙН ХОГИЙГ НЭГ ГА-Д ХАШААЛЖЭЭ

Бүрэн сумынхан олон ажил амжуулж байна. Наадмаас өмнө сумынхаа наадмийн талбай болон морь барианы газрыг шинэчилсэн нь замд тааралдав. Мөн зориулалтын тоосгон хашаа барьж түүндээ хужир нөөцлөөд хавар нь малчдад борлуулдаг аж. Харин одоо сумын төвд ид өрнөж байгаа бүтээн байгуулалт бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй цэвэрлэх байгууламж. Уг цэвэрлэх байгууламжны ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд Германы цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажил л үлджээ.

Гурван км шугам шинээр тавьсан энэ ажлын хүрээнд төсвийн байгууллагуудыг халаалтаар хангахаас гадна айлууд холбогдох боломжтой аж.

Халаалт гэж санаа зовохгүй учраас сумын иргэдийн дунд байшинтай болох санаа их байгаа юм байна. Сум нь 50 сая төгрөгөөр универсал трактор авч газар ухах, Шороо зөөх, хог ачих, цэвэрлэх гээд олон ажилд ашиглаж байгаагийн дээр Цэвэрлэх байгууламж барих ажилд гол үүрэг гүйцэтгэж байгааг сумын удирдлагууд онцолсон юм.

Тус сумын Засаг даргын орлогч С.Энхтүвшин “Манайх сургууль, сурагчдын дотуур байр зэрэг байгууллагуудын бие засах газрыг шийдсэн. Гэхдээ сурагчдын дотуур байр хүрэлцээ муутай байдаг. Багтаамжаараа 50 хүүхэд байранд авлаа гэхэд хавар, намар ид ажлын үеэр 100 хүүхэд авах шаардлагатай болдог.

Энэ жил хоёр га-д ногоон байгууламж, чацарганы талбай байгуулж 400 кг чацаргана хураасан. Гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтүүлэгтэй болгож, байгууллагуудын гаднахыг бүрэн тохижуулсан” гэсэн юм. Бүрэн сумынхны хамгийн сайшаалтай ажил нь 17 га талбайг хамарч байсан хогийн цэгийг цэвэрлэж, булахыг нь булж нэг га-д хашаалж тун цэвэрхэн болгожээ.


БОРНУУР СУМЫНХАН ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАВ

Борнуур сумын иргэдийн ихэнх нь газар тариалан эрхэлдэг. Тиймээс сумынхаа иргэдийг дэмжих зорилгоор-920 га-д услалтын систем байгуулжээ. Хоёр тэрбум гаруй хөрөнгөөр шийдсэн энэхүү гурван салаагаар урсдаг услалтын системийг газар тариаланд ашиглах бүрэн боломжтой болжээ. Мөн Солонгосын хөрөнгө оруулалттай бүх төрлийн нарийн ногоог тарьдаг хүлэмж байна.

Энэ хүлэмжинд 16 нэр төрлийн 26 сортын ногоо тарьдаг гэнэ. Газар тариалан эрхлэгчдэд тулгамддаг гол асуудал бол хүнсний ногоо хадгалах зоорь байдаг. Тэгвэл Борнуур сум салбарын яам, Японы хөрөнгө оруулалтаар төмс хадгалах зоорьтой болжээ. Энэхүү зооринд туршилтын журмаар хоёр тонн төмс хадгалж байна.

Тус сумынхан хүлэмжийн хийг бууруулах дулааны нэгдсэн халаалтын уурын зуух ашиглаж байна. Тэгснээр ЗДТГ, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, дотуур байр зэрэг байгууллагуудыг дулаанаар хангаж байгаа. Энэхүү уурын зуух нь олон шүүлтүүртэй учраас утаа бага гаргадаг, мөн нүүрсний нунтаг хог түлснээр хүлэмжийн хийг бууруулах төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй юм байна.

Төв аймгийн хөгжлийн нэг болох газар тариалангийн бүс нутаг бол яах аргагүй Жаргалант сум. Мөн улсын тэргүүний сум гэдэг утгаараа их ч юм бий. Ургац хураах цагаар тариаланчид хураасан ургацаа зоориндоо хадгалж, заримыг нь борлуулахаар хот руу ачуулж, буудайгаа үтрэм дээрээ цэвэрлэж байна. Сумын хэмжээнд 270 гаруй сая төгрөгийн 6үтээн байгуулалт хийгдэж байгаагаас орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төвд гүүр, зохиомол хээлтүүлгийн функт, гудамж талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам шинээр тавих зэрэг олон бүгээн байгуулалтын ажил эхлүүлжээ.

Харин Баянчандмань сумын хувьд 25 айлыг цэвэр усны шугамтай холбох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа юм.

Мөн 1225 мод тарих 27 сая төгрөгийн санхүүжилт бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна.

Зураг