Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Даваа: Жижиг цутгал голуудынхаа эхийг хамгаалалтад авмаар байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Ус цаг уур орны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваатай нийслэлийн ундны усны талаар ярилцлаа.

-Ундны усны нөөц Улаанбаатарын тухайд тулгамдсан асуудал хэвээр байна. Сүүлийн үед ямар судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна вэ?

-Манай нийслэлийн ундны усны цорын ганц эх үүсвэр нь Туул гол. Энэ гол маань 800 гаруй км урттай, Ханхэнтий нуруунаас эхээ авч байна. Усны нөөц 6300 орчим ам.км гэсэн судалгаа бий. 1942 оноос ус судалгааны харуул ажиллах болсон.

Одоогийн байдлаар найман харуул ажиллаж байна. Тэд усны горим, температур, урсац, мөсний үзэгдэл гээд олон зүйлийг нь шинжилж байгаа. Тэгэхээр судалгаа шинжилгээний асуудал дээр Туул гол маань нэг их хоцрогдчихоогүй байна.

-Ерөнхийдөө 70 гаруй жил энэ голд судалгаа шинжилгээ хийжээ. Судалгааны явцад өөрчлөгдсөн зүйл мэдээж олон байгаа болов уу?

-Туул голын усны нөөц нь 6300 ам.км-ийг хамарсан сав газарт байгаль дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгаас шалтгаалдаг. Тэнд байгаа байгаль дэлхийг хэрхэн хайрлаж чадна түүнээс бидний ундны усны нөөц шалтгаалаад байгаа юм.

Модыг нь огтолж, ургамал амьтныг нь хядаад байвал бид хэдэн жилийн дараа уух усгүй л болно гэсэн үг. Хуучин Туул гол их аядуухан үерлээд аяархан татардаг байлаа. Гэтэл одоо огцом үерлээд, хурдан татардаг болжээ. Энэ сайн үзэгдэл биш л дээ. Ой багасаж, хөрс нь ихээр талхлагдсан гэсэн дохио юм.

-Үүнээс гадна Туул гол маань их бохир байна. Зарим хүмүүс гол устайгаа их зүй бусаар харьцаж байна. Энэ нь мэдээж усны нөөцөд нөлөөлнө биз?

-Тийм ээ. Одоогоор Туул голын усны нөөцийн 10 хувийг Улаанбаатарчууд ууж идэж хэрэглэж байна. Энэ бол ашиглаж болох хэмжээнд нь тулсан тоо. Нийслэлийн хүн ам өсөж, усны хэрэглээ нэмэгдвэл байдал их хэцүү болно.

Хэрэглэсэн усаа цэвэрлэн эргээд Туул голд нийлүүлэх системтэй. Гэтэл хүчин чадлаа дийлэхгүй бохироор нь эргээд гол руу цутгачихаж байна.

Тийм байхад бид байгаа ганц нөөцөө хайрлаж хамгаалж чадахгүй л байна. Цэвэрлэх байгууламж гэдэг толгойны өвчин байх юм. Бид хэрэглэсэн усаа цэвэрлэн эргээд Туул голд нийлүүлэх системтэй. Гэтэл хүчин чадлаа дийлэхгүй бохироор нь эргээд гол руу цутгачихаж байна. Энэ үнэхээр харамсалтай. Өвлийн улиралд Улаанбаатараас доош урсаж байгаа Туул гол бол ерөөсөө бохир тээвэрлэгч болсон.

-Тэгээд бид яах ёстой вэ. Ундны усны ганц нөөц болсон голоо цэвэр ариун байлгамаар байх юм?

-Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэммээр байна. Түүнээс гадна гэр хорооллын нүхэн жорлон, бензин түгээгүүрийн газар гээд Туул гол орчмын хөрсийг маш их бохирдуулжээ. Тэр нь хөрсөнд шингээд эргээд ус болон бидэнд ирж байгаа гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг.

Мөн Дүнжингарав худалдааны төв орчимд цэвэр усны нөөц сангийн худгийг хаалаа. Уг нь хотжил гэдэг зүйлд цэвэр усныхаа нөөц санг дээрэлхүүлмээргүй байгаа юм. Гэтэл хаачихлаа. Тэр бас л харамсалтай. Бид уух устай байж хөгжинө шүү дээ.

-Мөн саяхан Туул голын эрэгтэй тулган хурдны зам тавих талаар сонсогдсон. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Хурдны зам тавьж болно. Үүнийг сайхан хүлээн авч байна. Гэхдээ нэг жишээ хэлэхэд 1966 онд Туул гол үерлэн улсад 300 сая төгрөгийн хохирол учирч байлаа. Тэр үеийн 300 сая бол маш их тоо. Байгалийн үзэгдэл хэцүү шүү дээ.

Хэлж ирэхгүй. Тийм үер 100 жилд нэг удаа болдог гэдэг. Тэгэхээр болохгүй гэх баталгаа байхгүй. Хэрвээ одоо тийм үер болвол бүр асар их хэмжээний тоо гарна. Тэр үед байсан үерийн далангаа ч шинэчлээгүй байж, Туулын эргээр дүүрэн гоё сайхан байшин бариад л байгаа. Энэ үнэхээр хэцүү асуудал шүү.

Хүн сууршихаас өмнө голынх нь эх дээр усан сан байгуулаад ариутгал, бохир цэвэрлэх систем зэргийг нь суулгаад өгөх хэрэгтэй

Харин хурдны зам барихдаа тэр үерийн даланг өндөрсгөөд, голынхоо гольдролыг нарийсгалгүйгээр тавьж болох тийм санаа байна. Харин гольдрол руу орж мод бут тасдаж хаях гэж байгаа бол тэрэн шиг тэнэглэл байхгүй шүү гэдгийг хэлмээр байна.

-Бидний ундны усны ганцхан эх үүсвэр нь Туул гол гэсэн. Гэтэл биднийг хэдэн жил тэжээн тэтгэх бол. Энэ тал дээр ямар нэгэн судалгаа тоо баримт байдаг уу?

-Уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл бидний амьдралд их нөлөөлөх шинжтэй байна. Манай улсын тухайд нэлээд хуурайших төлөвтэй. Дулааны цаг уртсах ч гэлээ энэ муу мэдээ шүү. Үүнийгээ дагаад усны нөөц багасах хандлагатай байна.

-“Туул голоо аваръя, хамгаалъя” гээд л олон жил ярьлаа. Гэвч улам л доройтон бохирдсоор байх юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Үнэхээр үр дүн муутай байна. Нэг өдөр өргөс авсан мэт сайхан болчихгүй л дээ. Гэхдээ жаахан ч гэсэн ахиц харагдах л ёстой баймаар юм. Гэтэл тийм зүйл алга. Хүмүүсийн ухамсар, иргэнших, ахуйн соёлтой л холбоотой байх. Ерөнхийдөө Туул гол нийслэлчүүд ямар соёлтой улс вэ гэдгийг л харуулж байгаа юм.

Цаг хугацаа л үүнийг эмчлэх байхдаа. Бидний бас нэг хийх ёстой зүйл нь жижиг цутгал голуудынхоо эхийг яаралтай хамгаалалтад авмаар байна.

Тэрийг хамгаалалтад аваагүй байтал хүмүүс очоод суурьшчихна. Тэгээд л эргээд бохир заваанаараа урсаад эхэлнэ. Тэгэхээр хүн сууршихаас өмнө голынх нь эх дээр усан сан байгуулаад ариутгал, бохир цэвэрлэх систем зэргийг нь суулгаад өгөх хэрэгтэй л дээ.

Зураг
Зураг
13 | 18 | 17 цаг