ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.ӨЛЗИЙ-ОРШИХ: “УДАМ” сүлжээ нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх Монгол УДМЫН сүлжээ юм

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 13
iKon.MN

Есөн үеийнхээ ураг удмын хэлхээг хойч үедээ бичиж үлдээдэг сайхан уламжлал монголчууд бидэнд бий. Харамсалтай нь энэхүү соёл уламжлал маань сүүлийн зуун жилд алдагдаж, өнөөдөр ургийн бичиг хөтөлдөг айл өрх ховордож.

Тэгвэл өнөө үед мэдээллийн технологи ашиглан маш хялбар аргаар хөтлөх нэгэн боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, ургийн бичгээ, удмын түүхээ илүү хялбар аргаар олуулаа, хамтдаа хөтлөх боломжийг “Старсофт” ХХК-ийн шинэ бүтээл болох  УДАМ.мн (www.udam.mn) үндэсний сошиал сүлжээ олгож эхлээд байна. Нэрнээс нь харахад л энэ сүлжээний зорилго шууд мэдрэгдэх аж.

Удам.мн сүлжээнд та өөрийн өвөг дээдсийн амьдарч байсан нутаг ба овгийн нэрээ бичээд хайхад өөрийн удмын хүмүүстэйгээ нэгдэх бодит боломжтой.

“Монголын нууц товчоо нь монголчуудын үүсэл гарал, их хаадуудын түүхэн үйл хэргийг хүүрнэн өгүүлдэг бол энэхүү  УДАМ.мн (www.udam.mn) үндэсний сошиал сүлжээ жирийн эгэл ард түмний маань үе уламжлан хөтлөх түүхийн товчоон болох учиртай” гэж “Старсофт” ХХК-ны ерөнхий захирал Д.Өлзий-Орших онцолсон.

Түүнтэй санаачлан хийж буй өрнүүн их ажлынх нь талаар ярилцлаа.

Гэрэл зургийг зохиогч.

МОНГОЛЧУУД БИД 1925 ОН ХҮРТЭЛ НИЙТЭЭРЭЭ УРГИЙН БИЧИГ ХӨТӨЛДӨГ БАЙЛАА


-УДАМ.мн сүлжээг ашиглаад ургийн бичгээ хялбархаан хөтлөх боломжтой гэлээ. Тун сонирхолтой сонсогдож байна. Та илүү дэлгэрүүлээч.

-Эхлээд “Удам” сүлжээнийхээ үүслийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Бид эхлээд “Ургийн бичиг 1.0” нэртэй гар утасны программ хангамж хийсэн юм.  Мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жил зүтгэсэн хамт олны хувьд монголчуудынхаа өмнө тулгараад байгаа нэг ч гэсэн хүндрэлтэй асуудлыг хялбар аргаар шийдье гэсэн хүслээр Ургийн бичгийг гар утсаар хөтлөх үнэгүй программ хангамж зохиосон. Учир нь нийт хүн амд эзлэх гар утасны хэрэглээгээр Монголчууд бараг дэлхийд тэргүүлэх хэмжээнд бөгөөд ухаалаг утасны хэрэглээ ч сүүлийн үед маш ихсэх болсон. Монгол айл бүрт компьютер байхгүй ч, бараг Монгол хүн бүр гар утастай болжээ. Иймд гар утсан дээр ургийн бичиг хөтлөх нь хамгийн тохиромжтой сонголт юм.

Гар утсан дээр ургийн бичиг хөтөлдөг программын хэрэглэгчид маань нэг удмын хүмүүс хоорондоо харилцдаг байя гэсэн хүсэлтийн дагуу Ургийн бичиг 2.0 хувилбараа УДАМ.мн сүлжээ болгон өргөжүүлсэн юм.

-Монголчууд бид уул нь Ургийн бичиг хөтөлдөг эртний сайхан уламжлал соёлтой ард түмэн. Гэвч энэ цаг үед мартагдах дөхөж.

-Тийм шүү. Монголчууд бид 1925 оныг хүртэл нийтээрээ ургийн бичиг хөтөлдөг байлаа, харин 1925 онд Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарч, ургийн бичиг хөтлөлтийг зогсоосон.

Сошиал ертөнцөөр нь дамжуулж удмын хүмүүс бие биесээ мэддэг болгох, байнгын харилцаатай болох нь УДАМ сүлжээний нэг зорилго юм.

Хүний амьдралын нэг үе 20-25 жил байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр би хүүхэдтэй боллоо миний хүүхэд 20-25 насандаа хүнтэй суугаад дараагийн нэг үеийг гаргаж ирж байна. Иймд хөтлөхөө болисноос хойш бараг дөрвөн үе өнгөрч, үүний уршгаар өнөөдөр өөрөөсөө дээш 3-4 үеэ мэдээд түүнээс цааш мэддэггүй хүмүүс олон болсон. Аав, өвөө, өвөөгийн аав гээд цаашаа мэдэхгүй.

Муу үр дагавар нь юу вэ гэхээр нэг хүнээс салбарласан 3, 4 дэх үеийнхэн хоорондоо сууж, цус ойртох үзэгдэл ихэссэн, бүр үндэсний аюулгүй байдалд авч үзэх хэмжээнд хүрчихсэн гэж зарим эрдэмтэд үзэж байна. Урд  нь бол “Тэр аймаг, суманд цус ойртсон хүмүүс байдаг гэсэн” гэж ярьдаг байсан бол өнөөдөр энэ зүйл хавтгайрахад хүрсэн байна.

Дэлхий дээр удамшлын 2000-аад өвчин тэмдэглэгдсэнээс бараг тал хувь нь цус ойртсоноос шалтгаалсан өвчин байдаг байна. Тиймээс цус ойртох аюулаас ангижрахын тулд айл өрх бүр ургийн бичгээ зайлшгүй хөтлөх ёстой.

-Өнөөдрийн байдлаар Удам.мн сүлжээний үйл ажиллагаа ямар түвшинд явна.  Хүмүүсийн хандалт хэр байна?

-“Ургийн бичиг 1.0” гар утасны програмаа нэвтрүүлэх үед хүмүүс ургийн бичгээ хөтлөе гэсэн хүсэл эрмэлзэл маш их байгаа нь мэдрэгдсэн. Гар утасны програмыг маань ашиглан, нэг жилийн хугацаанд 30 гаруй мянган овог бүртгэгдсэн. Гэтэл Монгол Улсад албан ёсоор 90 мянган овог бүртгэгдсэн байдаг гэсэн, тэгвэл УДАМ сүлжээнд нийт овгийн 30 гаруй хувь нь бүртгэгдсэн гэсэн үг.

-Зарим айлууд ургийн бичгээ хөтлөөд ном гаргасан байдаг. Ургийн бичгээ идэвхтэй хөтөлдөг ийм айлууд УДАМ сүлжээнд нэгдэх шаардлагатай юу?

-Тиймээ жишээ нь манай ээжийн удмынхан Ургийн бичгээ хөтлөөд ном гаргасан байдаг. Ургийн бичгээ хөтлөөд ном гаргаж буй хүмүүсийг сайшаах хэрэгтэй, ном гаргахад маш их хөдөлмөр шаардагдана. Гэвч номыг нэгдүгээрт тухайн удмын айл бүрт зориулан маш олон хувилах хэрэгтэй, мөн тэнд буй мэдээллийг ялангуяа залуу үеийнхэн маань уншиж бүх хамаатан саднаа таньдаг болох шаардлагатай.

Өнөөдөр залуучууд хэр ном унишж байна, бараг л уншихгүй байна. Яагаад гэвэл бүх зүйл цахим болчихсон. Тэгэхээр энэ ном маань хэрэгцээгүй мэдээлэл болчихоод байна. Бас ном нь хэсэгхэн хугацаа өнгөрөөд л хуучирч байна. Удмын айлуудад олон шинэ хүн мэндэлнэ, хүүхдүүд хурдан өсч торниж танигдахааргүй болж ирнэ. Үүнийг дагаад ургийн бичиг маань баяжигдаж, өөрчлөгдөж байх ёстой л доо.

Өнөөдрийн 20 гаруй насныхан төрөл садангаа мэдэхгүй байх нь элбэг байна. Ид хайрлаж дурладаг нас бөгөөд хамт амьдрахаас нааш хоёр талын эцэг эхдээ мэдэгдэхгүй. Гэтэл нөгөө хайртай хүн нь ураг төрлийн холбоотой хүн байх магадлал бий.

Хэрэв Удам.мн сүлжээнд нэгдээд залуу үеийнхэн бие биенээ мэддэг болчихвол ирээдүйд үүсч болох аюултай үр дагавараас сэргийлэх боломжтой.

Залуучууд битгий хэл 40 хүрсэн би ч ургийн бичгээ хийх гээд суухад аавынхаа дүүгийн хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй байх жишээтэй. Манай аав 11 дүүтэй, мэдээж бүгд нийслэл хотод байхгүй, тиймээс нэр усыг нь мэдэхгүй, уулзаж ч байгаагүй төрсөн ах дүүсийн хүүхдүүд байна гэсэн үг шүү дээ.

Иймд ургийн бичиг хөтөлсөн ч цус ойртолтын аюулаас сэргийлэх боломжгүй болж байна. Залуус өнөөдөр юу хэрэглэж байна, сошиал ертөнц шүү дээ. Тиймээс сошиал ертөнцөөр нь дамжуулж удмын хүмүүс бие биесээ мэддэг болгох, байнгын харилцаатай болгох нь УДАМ сүлжээний нэг зорилго юм.

-УДАМ.мн сүлжээг зохиох санаа амьдралаас урган гарсан гэж ойлгож болох нь. Та өөрөө  УДАМ сүлжээнийхээ анхны хэрэглэгчдийн нэг биз?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр аав маань байхгүй, өвөө маань байхгүй, ургийн бичгээ яаралтай хөтөлж, удмын түүхээ бичиж авахгүй бол настан буурлууд маань мөнх наслахгүй шүү дээ. Би мэдээж програм хангамжийн инженер хүн тул оновчтой бүтэцтэй, найдвартай, аюулгүй мэдээллийн систем хийж хөтлөхөөр шийдсэн юм. Зөвхөн өөрөө хөтлөх бус бусдад ч ийм боломжийг бий болгохыг хүссэн, үнэ төлбөргүйгээр шүү. УДАМ сүлжээнд ургийн бичиг хөтлөхөд үнэ төлбөргүй.

Гэрэл зургийг зохиогч.

Миний хувьд УДАМ сүлжээнд өөрөөс дээш долоон үеийн мэдээллээ оруулсан том мод үүсгэсэн. Одоо аавын удмын ах дүү нар маань сүлжээнд нэгдэцгээж байна. Бүр хөдөө орон нутагт буюу Баянхонгор аймагт амьдарч буй өвөөгийн маань дүүгийн үр хойч нэгдэцгээж байна. Үүний ачаар бүр 18 дугаар зууны үеийн элэнц өвөө эмээгийнхээ зургийг олж авлаа, сүлжээнийхээ ачаар олон шинэ хүмүүсийг мэдэж авлаа.

-Ингэхэд УДАМ сүлжээ маань бүрэн ашиглалтад орчихсон уу. Хүмүүс яг одоо шууд бүртгүүлээд ашиглаж болох уу?

-Сүлжээг өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оруулсан. Та өнөөдөр ч бүртгүүлээд сүлжээнд нэгдэж болно. Саяхнаас бид УДАМ сүлжээнд найзалдаг боломж нэмээд, фэйсбүүкээрээ шууд нэвтрэх боломж нэмсэн. Фэйсбүүкээр нэвтэрсэн тохиолдолд та шууд найзын сүлжээнд л нэгдэх бөгөөд ОВОГТ НЭГДЭХ үйлдлийг ашиглан өөрийн жинхэнэ овогтоо нэгдэх боломжтой. Таны удмынхан  овгоо үүсгээгүй бөгөөд овог тань байхгүй бол шинэ овог үүсгэж ч болно.

Сүлжээнд нэгдэж ургийн бичгээ хөтөлж эхлэхийн тулд та заавал есөн үеэ мэддэг байх шаардлагагүй. Өөрийгөө оролцуулаад аав, өвөө, өвөөгийн аав гээд дөрвөн үеэ мэддэг байсан ч хамаагүй оруул. Ургийн бичиг хөтлөхөд хэзээ ч оройтохгүй. Та өнөөдөр дөрвөн үеэ мэддэг байхад үүнийгээ хөтлөөд үр хүүхэддээ өвлүүлэхэд таны хүүхдүүд таван үеэ мэддэг болно, ач зээ нар тань бүр зургаан үеэ мэддэг болно шүү дээ.

БИД УДАМ СҮЛЖЭЭГ 200 ЖИЛИЙН НАСТАЙ СҮЛЖЭЭ ГЭЖ ХАРЖ БАЙГАА


-Сүлжээг сонирхож суухад нэлээд нарийн зохион байгуулалттай санагдсан. Бүтцийн талаар та жаахан дэлгэрүүлээч?

-Бид Facebook гэсэн сүлжээг мэднэ. Энэ сүлжээ бол яахав нэр усаар нь хайгаад найзаа олдог буюу өөрөөр хэлбэл гол зарчим нь найзаа олох юм. Харин Удам сүлжээний хувьд гол зарчим нь хамаатнаа олох.

Бид Facebook сүлжээнд өөрийн төрсөн ах дүүс гэх мэт ойрын хүрээллээ олж чадах ч хамаатнуудаа олж чадахгүй. Өөр дээрээ жишээ авахад л ургийн бичиг дээрх олон зуун хүнийг фэйсбүүкээр олох ямар ч боломжгүй.

Удам сүлжээг хийхдээ хамаатнаа, удмынхаа хүмүүсийг олоход амархан байхаар бодож хийсэн. Удам сүлжээнд овгийнхонтойгоо нэгдэх хоёр арга бий.

1. УРИХ арга.

Та өөрийн овгийг УДАМ сүлжээнд үүсгэн, өөрийн төрсөн ах дүүсээсээ эхлээд ойрын мэддэг удмын хүмүүсээ шууд урина. Тэд бас өөрийн мэддэгээ овогтоо урих маягаар олуулаа болох боломжтой.

Хэрэв таны овог Боржигон бол “Удам” сүлжээг тэр овгоороо нээх хэрэггүй. Учир нь монголчуудын дийлэнх нь Боржигон овогтой учир давхцах магадлал ихтэй юм. Иймд Боржигон овогтой  бол эцэг өвгөдийнхөө амьдарч байсан уул ус эсвэл өөрийн мэдэх дээд өвөг эцгээрээ нэрлэж үүсгээд, бусдыгаа урьж овогтоо нэгдүүлэх хэрэгтэй.

2. НЭГДЭХ арга.

Удам сүлжээнд та өөрийн өвөг дээдсийн амьдарч байсан нутаг ба овгийн нэрээрээ хайхад өөрийн удмын хүмүүстэйгээ нэгдэх бодит боломжтой юм. Иймд сүлжээнд хамгийн түрүүнд овогтоо нэгдэхийг хичээх хэрэгтэй, учир нь танай овог УДАМ сүлжээнд үүсчихсэн, овгийнхон чинь нэгдчихсэн байж болно шүү дээ. Таны овог олдвол та өөрийн мэдээллийн хамт хүсэлт илгээж овогтоо нэгдэнэ.

Таны овог Боржигон бол “Удам” сүлжээг тэр овгоороо нээх хэрэггүй. Учир нь монголчуудын дийлэнх нь Боржигон овогтой учир давхцах магадлал их.

-Овогт нэгдэх хүсэлт өгсөн хүн бүр шууд овгийн гишүүн болчих уу?

-Овогт нэгдэх хүсэлтийг овгийнхон баталгаажуулбал та овгийн жинхэнэ гишүүн болж, ургийн бичиг үзэх, удмын хүмүүстэйгээ харилцах боломжтой болно. УДАМ сүлжээ хамтын шийдлийн зарчимтай. Иймд тухайн үдмын сүлжээнд нэгдэх хүсэлт илгээсэн хүнийг олон хүн манай овгийн хүн мөн байна гээд дэмжвэл овогтоо нэгтгэнэ, эсрэг санал өгвөл овгоосоо гаргах жишээтэй.

-Сүлжээг ашиглахад төлбөргүй гэлээ. Цаашид олон жил оршин тогтноход санхүү маш чухал шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?

-УДАМ сүлжээнд зөвхөн ургийн бичгээ олуулаа хамтдаа бүтээх зорилгоор ашиглах гэж байвал төлбөргүй ашиглаж болно, хүссэн хүн бүр овог үүсгээд, овогт нь хэн ч нэгдэж болно. Мэдээж сүлжээний ард том дата төв, олон компьютерууд, олон хүмүүс ажиллах тул санхүүгийн томоохон эх үүсвэр шаардлагатай.

Бид УДАМ сүлжээг 200 жилийн сүлжээ гэж харж байгаа, 200 жил тогвортой оршин тогтнохын тулд УДАМ сүлжээ өөрийгөө санхүүжүүлдэг байх ёстой. Ийм учраас сүлжээнд олон нэмэлт үйлчилгээнүүд, бизнес моделиудыг суулгаж өгч байгаа бөгөөд түүгээрээ санхүүжинэ.

-Жишээлбэл ?

-Жишээ нь бид таны нандин дурсамжуудыг найдвартай хадгалах үйлчилгээг төлбөртэй санал болгож байна. Өнөөдөр бид мэдээлэл технологийн эринд амьдраад байна. Бидний түүх ерөөсөө л дижитал болчихлоо.

Зураг авлаа гар утсаараа авчихна, зураг маань файлаар үүсч байна, видео бичлэг хийлээ мөн л файлаар үүсч байна, нэг юм бодож санаад бичлээ тэр нь компьютерт файлаар хадгалагдаж байна.

Дижитал эринд түүхэн мэдээллээ яаж урт хугацаанд хадгалах вэ?

Гар утсаа алдахад бүх зураг бичлэг алга болно, кассетан дээрх бичлэг видео хэдэн жилийн дараа л чанар нь муудах болно. Компьютер дээрх мэдээлэл нь вирустэх, техникийн эвдрэл гэмтэл гэх мэтийн дараа бүрэн устах боломжтой.

Энэ бүх эрсдлээс ангижрах шийдэл нь одоо цагт үүлэн үйлчилгээнүүд болчихоод байна шүү дээ. УДАМ сүлжээнд буюу зориулалтын тоног төхөөрөмж дээр, мэргэжлийн инженерүүдийн арчилгаан дор таны мэдээлэл найдвартай хадгалагдана.

Жишээ хэлэхэд надад бараг 20 жил хадгалсан хүүхдүүдийн маань видео бичлэгүүд, дижитал зураг мэдээллүүд байна. Би мэргэжлийн хүн учраас урт хугацаанд аргалаад хадгалж чадсан байна, хүн бүр үүнийг чадахгүй. Иймээс таны мэдээллийг найдвартай хадгалах үйлчилгээг бид төлбөртэй санал болгож байгаа. Өөр олон төлбөртэй нэмэлт үйлчилгээнүүд бий болно, эдгээрээс УДАМ сүлжээ хангалттай санхүүжилтээ авч удаан оршин тогтнох боломжтой юм.

-Амьдралынхаа үнэ цэнэтэй агшин, хором мөч бүрийг үр хойчдоо найдвартай үлдээх, хадгалах ажлыг мэргэжлийн хүмүүст даатгах нь ээ дээ.

-Яг тийм. Та бол “Удам” сүлжээг ашиглахад л болно. Бид танай удмын түүхийг найдвартай хадгална. Мэдээж хадгалах зай нь хязгаартай. Одоохондоо сарын 5000-10000 төгрөг төлөөд 8Gb, 16Gb зай аваад мэдээллээ найдвартай хадгалж болно. Энэ тийм өндөр төлбөр биш бөгөөд сүлжээнд нэгдсэн хүн бүр төлөхгүй, зөвхөн овгоороо 1 төлөөд зайгаа дундаа хэрэглэнэ. Ийм хэрэгцээтэй үйлчилгээний төлөө сард 5000 төгрөг буюу жилд 50,000 төгрөг төлөөд явчих боломжтой хүмүүс ямар ч овогт олон байх нь тодорхой.

Гэхдээ УДАМ сүлжээний туйлын зорилго нь ашгийн төлөө биш юм шүү. Би цаашид сайндаа л 30 жил амьдарна, гэтэл 200 жил оршин тогтнох сүлжээний тухай яриад байна шүү дээ. Цаг хугацаа явах тусам улам үнэ цэнэтэй болох сүлжээ бол УДАМ.мн сүлжээ.

-Та УДАМ сүлжээгээ 200 жилийн настай гэлээ. Ийм удаан, бас тэгээд баталгаатай оршин тогтнох боломж манай нөхцөлд үнэхээр бий юү?

-Боломжтой. Өөрөө үсрээд 30 жил амьдрах байж юун 200 жил яриад байна гэж гайхах байх л даа. Би Удам.мн сүлжээг тогтвортой, найдвартай ажиллагаатай хүмүүст маш их хэрэгцээтэй, үнэ цэнэтэй  сүлжээ болгож үлдээнэ. 

Ер нь яваандаа сүлжээ маань олон нийтийн компани буюу хувьцаат компани болох юм. Тэгж байж урт хугацаанд оршин тогтнох боломжтой юм.

Гэхдээ хувьцаа гаргах асуудлыг яаран хийхгүй. Хөрөнгийн бирж бүрэн утгаараа Монголд ажиллаж чадахгүй байна. Бас мөнгөний төлөө яарч хувьцаа гаргавал,  мөнгөтэй ба муу хүмүүсийн гарт орж,  өөр ямар ч зорилгоор ашиглагдаж магадгүй гэж боддог. Иймээс тохиромжтой цаг нь иртэл УДАМ.мн сүлжээг би өсгөж торниулна.

-Магадгүй зарим хүмүүс ураг удмынхаа мэдээллийг цахим болгосноор хэн нэгэн аваад буруугаар ашиглачих вий гэж эмээж болох. Тэр хүмүүс та ямар хариулт өгөх вэ. Хувь хүний мэдээллийг найдвартай хадгалж чадах баталгаа бий юү?

-Мэдээллийг цахим болгохгүйгээр олон зуун жил найдвартай хадгалах боломжгүй. Цахим болгосон мэдээллээ харин хамгаалах, хадгалах тухай л асуудал яригдах байх.

Хамгаалалтын хувьд технологийн олон шийдлээр давхар давхар хамгаалалтууд хийсэн. Мөн монгол хакер залуучуудтайгаа хамтарч ажиллан хамгаалалтаа шалгуулж байна. Тэд байнга УДАМ.мн сүлжээ рүү довтолж байна, УДАМ.мн сүлжээний хамгаалалтыг хэн ч сэтэлж чадаагүй л байна. Бас цаг хугацаа явах тусам хамгаалалт улам сайжирсаар л байгаа.

Монгол хакер залуучуудтайгаа хамтарч ажиллан хамгаалалтаа шалгуулж байна. Тэд байнга УДАМ.мн сүлжээ рүү довтолж байна, УДАМ.мн сүлжээний хамгаалалтыг хэн ч сэтэлж чадаагүй л байна.

Мэдээллийн нууцлалын хувьд таньд бид мэдээллээ шифрлэж хадгалах боломжийг санал болгож байна. Шифр нь нууц үг төдийхөн байхгүй, бүтэн файл байна. Энэ түлхүүр файлтай хүн л мэдээллээ шифрлэж тайлж унших боломжтой, шифргүй хүнд арзайсан код л харагдана. Гэхдээ мэдээж энэ үйлчилгээ маань төлбөртэй.

Ёс суртахуун, хүн чанарын хувьд дараах хариултыг өгмөөр байна. Манай сүлжээний хуудсанд орж ирээд зарим хүмүүс “Миний мэдээллийг чи авч яах гэж байна, чи хаанахын тагнуул вэ?”, "Чи Хятадын тагнуул уу” гэх мэт олон бухимдуулсан асуултууд тавьдаг.

Тэр хүмүүст хандаж хэлэхэд “Би Монгол хүний удмын санг ашиглах, зарах тийм хүн биш” гэж хэлмээр байна. Бахархах удам судартай, ёс суртахуунтай, жудагтай хүн.

Миний аав жүжигчин Г.Дашхүү ард түмний хайртай хүү байсан. Шилжилтийн үеийн хүнд хэцүү цагт Монголын ард түмний нүүрэнд нь баясал, сэтгэлд нь гэгээ татуулж эрч хүч өгдөг тийм жүжигчин байсан.

Өвөө нар маань 1939 оны Халхын голын дайн, 45 оны Чөлөөлөх дайн гээд хоёр дайнд оролцож эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан баатар эрс байсан. 

Миний элэнц өвөө нар маань ч гэсэн 1921 оны Ардын Хувьсгалын Партизан хүмүүс байсан бөгөөд өнөөгийн бидний жаргалтай амьдралын эх үндсийг тавилцсан хүмүүс байсан.

Тиймээс би энэ удам судраа гутаах үйл хэрэг хэзээ ч хийхгүй, итгэж болно.

-Нэгэнт аавынхаа тухай яриа дэлгэснийх сэдвээсээ түр хөндийрчихье. Та аавынхаа тухай эргэн дурсаач.

-Миний аав ард түмний хайртай хүү. Би ийм аавын хүү болж төрсөн дэндүү азтай нэгэн, бас аавтайгаа хамт 26-хан жил амьдарсан азгүй нэгэн.  Хэдий аав минь биднийг орхиод 14 жил болж байгаа ч одоо ч хүмүүс дурссаар, фэйсбүүкээр бичлэг нь цацагдсаар байгаад би маш их баярлаж бахархдаг.

Миний аав ард түмний хайртай хүү нь байжээ. Би ч аав шигээ ард түмний хайртай хүү байхыг мөрөөддөг, хэдий жүжигчин биш инженер мэргэжилтэй ч,  хийсэн бүтээлээрээ ард түмний сэтгэлд дурсагдахыг хүснэ, миний үр хүүхдүүд ааваараа бахархаж, надаас илүү их үйл хэргийг бүтээгээсэй гэж би хүснэ.

Аав маань үргэлж инээдэг, их гэгээлэг хүн байсан. Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун эгч аавын тухай өгсөн ярилцлагадаа "Тэр 2 хэзээ ч муу бодол санаа сэтгэлдээ тээж явж байгаагүй, дандаа өөдрөг гэгээлэг бодол санаа тээдэг байсан" гэж дурссан байсан. Би аавынхаа үргэлжлэл болохоор энэ зан чанар нь надад өвлөгдсөн гэж боддог. Иймээс би маш их өөдрөг үзэлтэй хүн. Ямар ч бэрхшээлийн өмнө шантардаггүй,  ямар ч гүн харанхуйд үргэлж гэрлийг, гарцыг олж хардаг шүү.

Гэрэл зургийг зохиогч.

-Ингэхэд УДАМ сүлжээнд нэгдсэн хүмүүс маань хэр идэвхтэй байна вэ?

Удмын сүлжээ гэдгээр нь олон хүн ашиглаж байна. Мэдээж аливаа сүлжээ тгтмол идэвхтэй байх ёстой. Иймээс зөвхөн удмын сүлжээ гэхээр жаахан явцуурчихаад байгаа юм.

Тухайн хүн сүлжээнд нэвтэрлээ, гэтэл УДАМ сүлжээнд түүний хамаатнууд байхгүй байвал яах вэ?

Иймээс бид дээр хэлсэнчлэн давхар найзлах боломж нэмсэн. Удмынхан байхгүй ч найзууд нь сүлжээнд байвал тэр хүн маань сүлжээгээ идэвхтэй ашиглаад яваад байх боломжтой. Гэхдээ найзлах боломж нь УДМЫН сүлжээнд огт нөлөөлөхгүй.

-Бусадтай найзалсан ч гэсэн таны удмын мэдээлэл найзуудад чинь харагдахгүй байх нь ?

-Тийм, зарим хүмүүс магадгүй найзалчихаар миний удмын сүлжээг найзууд маань хараад байх юм биш үү гэж бодож магадгүй, тийм биш. Манай сүлжээ технологийн шийдлийн хувьд маш найдвартай, нарийн цэгцтэй шийдлээр хийгдсэн. Нэг үгээр хэлбэл, овгийн битүүмжлэлтэй. Тухайн овгийн хүн л овгийн мэдээлэлд хандаж чадна, найзууд нь биш.

-Танай компани ургийн бичгийн програм гаргаж байхдаа зөвхөн аавын овгоор бүртгэдэг байсан. Ээжийн овог яах вэ ?

-Гар утсанд зориулж гаргасан програм дээр зөвхөн аавын овгоороо бүртгүүлдэг байсан л даа. Хуулиараа ч гэсэн хүүхдүүд нь аавын овгоороо л явна шүү дээ. Гэхдээ бодит амьдрал дээр асуудал үүснэ.

Жишээ нь, төрсөн эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо сууж болох уу ? Болохгүй. Уул нь хоёр бүсгүй маань хүнтэй суугаад гарсан хүүхдүүд нь хуулиараа аавынхаа овгоор явна гээд өөр өөр овогтой. Тэгэхээр нэг овгийн хүмүүс биш учраас хожим нь сууж болох ойлголт гарах гээд байгаа биз.

Хүн эцэг эхээс 50, 50 хувийн хамааралтай төрдөг юм байна. Тэгэхээр дөрвөн өвөө эмээгээс 25 хувь хамааралтай, найман элэнц өвөө эмээгээсээ 12.5 хувь хамааралтай, ингэж явсаар байгаад есөн үеийн дараа хамаарал 0 хувь болно. Есөн үе гээд байгаа маань ийм л учиртай аж.

Гэтэл би зөвхөн аавынхаа овгийг хөтөлчихөөр миний дээшээ байгаа том модны зөвхөн нэг салааг нь л хөтөлж байна гэсэн үг. Тэгэхээр ээжээс хамааралтай нөгөө салаа мөчрийг нь яах уу? Эмээ нараасаа бас л хамааралтайгаа яахуу?

Эндээс харж байхад зөвхөн аавын овгоор бүртгэнэ гэдэг нь дутуу юм байна. Эрт үед хаан ширээг залгамжлах гэдэг утгаараа хүү талаа дагаад хаадуудаас уламжлаад ааваараа ургийн бичгээ бичдэг байж л дээ.

Иймд бид ээжээсээ ч, эмээгээсээ ч хамааралтай ургийн бичгийг нь бас хөтлөх хэрэгтэй гэдэг нь тодорхой байгаа биз. Гэтэл энийг цаасан дээр буулгаж, дүрслэх боломжгүй. Харин мэдээллийн технологи хэрэглэх юм бол энэ харин боломжтой. Бид нар тэр боломжийг УДАМ сүлжээгээрээ дамжуулан нээж өгсөн юм.

УДАМ СҮЛЖЭЭНД УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ БИЧИЖ, УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛНО


-Тэгэхээр би нэгээс олон овогт хамаарч болох нь?

-Тийм. Би өөрөө УДАМ сүлжээгээ хэрэглэдэг. Өөр дээрээ жишээ татахад миний бие аавынхаа овогт байдаг, бас ээжийнхээ ч овогт бий, эхнэрийнхээ овогт ч бий.

Удахгүй эмээ нарынхаа овгийг олж тэр овогт нэгдэх санаатай байна. Эмээгийн дүүгийн үр ач нартай миний хүүхдүүд сууж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг хүнээс салбарласан гурав дахь үе дээрээ хоорондоо суучих нь байна шүү дээ, хэрэв эмээгийн овгийнхоныг танихгүй бол...

Харин овог үүсгэж хөтлөхийн хувьд би аавынхаа овгийг л үүсгэсэн, бусад овогт нь нэгдэж орсон юм. Нэг хүн олон овог хөтлөхөд цаг зав хүрэлцэхгүй шүү дээ, тиймээс ээжийн талынхан овгоо үүсгэсний дараа би овогт нь нэгдэж орсон. Хамтдаа багынхаа зураг хөргөө солилцоод гоё байгаа шүү.

-Таны яриаг сонсож суухад УДАМ сүлжээ халуун ам бүлийн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн сүлжээ юм байна гэж бодогдлоо. Энэ сүлжээг би Facebook, Twitter, Instagram шиг ганцаараа хөтлөхгүй. Үр хүүхдээ тойруулж суулгаад гэр бүлээрээ, хамаатан саднаараа хамтдаа хөтлөөд явах нь байна. Бие биенээсээ холдох биш харин ч илүү ойртож дотносох нь.

-Яг тийм, УДАМ сүлжээ бол монголчууд биднийг ЭВТЭЙ болгох сүлжээ гэж бодож байгаа шүү. Монголчууд бид өөрийн мах цусны тасархай, ураг удмынхантайгаа ЭВТЭЙ байж чадахгүй юм бол бүр хамаагүй нэгэнтэй яаж эвтэй байх юм бэ?

УДАМ сүлжээ бол монголчууд биднийг ЭВТЭЙ болгох сүлжээ.

Уул усны ойр нь, ураг садны хол нь гэх мэт зарим зүйр үгийг манжууд монголчуудыг хооронд нь эвтэй байлгахгүйн тулд зохиосон байх шүү... Нууц товчооноос уншихад уул нь бид хамтдаа овгоороо эвтэй найртай амьдардаг байсан улс шүү дээ.

-Та УДАМ сүлжээний ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Ойрын төлөвлөгөө гэвэл УДАМ сүлжээгээ бид МОНГОЛ ТУУРГАТНЫ СҮЛЖЭЭ болгох бодолтой байна. Монголчууд бидний ахан дүүс Халимагт, Буриадад, Тувад, Өвөр Монголд байна шүү дээ. Их гүрнүүдийн бодлогоор бидний дунд бий болгосон бичгийн хэлний болон газар нутгийн хил хязгаарыг онлайн ертөнцөөр үгүй хийнэ.

Ингэхийн тулд ХАМАГ МОНГОЛ төслийн багийнхантай уулзаж, ХАМАГ МОНГОЛ ба УДАМ төслүүдийг холбоход л болох юм байна гэдгийг ойлгосон. Технологийн хувьд бид нэг хэлтэй учир орчуулга биш хөрвүүлэх систем хийхэд л асуудлыг шийдэж болно.

Бидний бичсэнийг Халимаг, Буриад дуудлагаар хөрвүүлж тэдэнд уншуулах, криллээр бичсэн текстийг уйгаржин бичигт хөрвүүлэх, уйгаржин бичгээр бичсэнийг крилл үсгээр хөрвүүлэх гэх мэт ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна.

Өөрөөр хэлбэл, тун удахгүй УДАМ сүлжээнд Уйгаржин Монгол бичгээрээ бичиж унших боломжтой болно. Сошиал сүлжээнд үндэсний босоо бичгээрээ бичдэг болчихсон байхад Монгол бичиг маань мөхнө гэж байхгүй шүү дээ, асар том хэрэглээ үүснэ. Бичиг соёлынхоо уламжлалыг хадгалахад бидний оруулах хувь нэмэр энэ байх болно.

Ярилцлага өгсөнд баярлалаа, таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье !

Баярлалаа, танай сайтын хамт олонд бас амжилт хүсье.