Монгол хэмээх их айлын үүдийг нээж, Ардчиллын салхи оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Санжаасүрэнгийн Зориг үүрд яваад 16 жил болж. 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ хар өдөр түүний амь бусдын гарт бүрлэгдсэн. Гэвч хэрэг өдийг хүртэл илэрсэнгүй, хэргийн эздийг ч олсонгүй.
Түүнийг нэхэн дурсаж, Монголын ард түмэн өнөөдөр чулуун хөшөөнд нь цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцсон юм.



Г.Батжавхлан: С.Зориг байсан бол Монгол Улсын хөгжил цэвэр тал руугаа явах байсан
(С.Зориг агсны шавь /МУИС-ийн нийгмийн ухааны тэнхим/, чөлөөт уран бүтээлч)

-С.Зориг агсны хэрэг маш нарийн зохион байгуулалттай, олон хүн оролцсон, гүн гүнзгий ээдрээтэй хэрэг. Миний бодлоор энэ хэрэг тайлагдахаасаа өнгөрсөн. Тухайн үед хэрэгт холбогдож байсан хүмүүс өнөөдөр төр засагт байна.
С.Зоригийг алагдахаас өмнө Засгийн газрын тэргүүний асуудал яригдаж, олон хүн нэр дэвшиж байсныг санаж байна. С.Зоригийн нэр ч дэвшсэн. Өөрөө ч нэр нь дэвшиж байгааг ойр тойрныхондоо хэлсэн. Гэтэл төд удалгүй амиа алдсан.
Яагаад амиа алдав. Учир нь энэ хүн чигч шударга, авлигал гэдгийг мэддэггүй, танил тал гэж мэддэггүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм л хүн байсан. Хэрэв тэр Засагт гарсан бол өнөөдрийн бид нарийн яриад байгаа авлигал, танил тал гэсэн асуудал байхгүй байх байлаа. Монгол Улсын хөгжил цэвэр тал руугаа явах байсан.
Бид боддог. Магадгүй энэ хүнийг үгүй хийснээр 2000 оны сонгуульд Ардчилал ялагдсан.
Ж.Цэдэнсодном: Энэ чулуун хөшөөг 16 жил эргэж явна даа
(Багануур дүүргийн иргэн)

-Энэ хүнийг бурхан болсоноос хойш 16 жил энэ чулуун хөшөөг нь эргэж байна даа. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл ямар нэг хэрэгт эзэн байх ёстой, эзэн байгаад эзэд нь байх ёстой. Энэ нөхдүүдийг илрүүлээсэй гэж миний Монголын сэтгэл нэгтэй ард түмэн бүгдээрэй бодож байна. Чухам хэн, хэзээ, яаж илрүүлэх нь л тодорхойгүй байна.
Гэхдээ юм бүхэнд цаг хугацаа гэж байдаг юм гэсэн. Тэр цаг нь ирэхээр илрэх байх гэж итгэж байна даа.
С.Оюун: Хэрэг илрээсэй гэж дотроо залбирч явдаг
-Ардчиллын 25 жилийн ойг угтан дүгнэлт хийж, ахын минь анх хүсэж мөрөөдөж байсан зүйлээс нь юу нь биелэж, юу нь биелээгүй байна вэ гэдгийг дүгнэнэ.

Мэдээж Ардчиллын 25 жилийн түүхэн дэх хамгийн хар толбо нь ахын минь хэрэг. Одоог хүртэл илрэхгүй байна. Илрээсэй гэж дотороо л залбирч явна.
Хэргийн талаар надаас биш хууль хяналтынхан, цагдаа, шүүх, прокуророос асуух нь зүйтэй. Тэд нар өнөөдөр дуугарахгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!