Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гасан хүүхэд тань таныг “галзууруулах” гээд байна уу

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Гасан хүүхдүүд өөр ертөнцөд орох үүдийг бидэнд нээх агаад тэнд хүмүүс гараараа бус зөвхөн толгойгоороо ажиллаж, амьдрах болно гэж Нэнси Тэппи үзжээ

Манай хүүхэд заагаад өгчихсөн юм шиг ярьж, хэлж байгаа нь нэг л сонин. Бүр компьютер, гар утасны учрыг надаас илүү олох юм” гэх эцэг, эх захаас аван тааралддаг. Түүнчлэн “Би энэ хүүхдийн аав, ээжийг хүмүүжүүлээд болсон атал ач, зээгийнхээ аашийг олохгүй байна” гэж халаглах эмээ, өвөө нар ч бас бий. Тэгвэл одоогийн хүүхдүүд нэг л өөр төрөөд байгаа юм биш үү.

Үүнд хариулт өгөх нэг ном миний ширээн дээр байна. ”Гасан хүүхэд чинь таныг галзууруулах нь холгүй байгаа бол хэн хэндээ аятай байхын тулд түүнтэй хэрхэн харьцах вэ” хэмээх ном хэвлэгдэн гарч олон хүний сонирхлыг татаж байна.

Сэтгүүлч миний бие ч “гасан” гэж тодотгосныг нь уншаад гайхсанаа нуух юун. И.Дамбажав гуайн “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж” хэмээх монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийг сөхөн байж энэ үгийн утгыг харж билээ.

"Гасан” гэж насандаа баймгүй сэргэлэн хүүхдийг хэлэх аж. Харин Алина Березинагийн номонд гасан хүүхэд авьяас билэгтэй ч ааш зангийн хувьд амаргүй гэжээ. Тэдэнд ямар асуудал тулгардаг, хачирхалтай ямар зан чанар гаргадаг гээд олон зүйлийг энэ номоос мэдэж авсан юм.

"Үнэндээ өнөөгийн бүх хүүхэд гасан” гэж зохиолч тодотгоод эл номоо эцэг, эх хэн болгонд зориулжээ. Зохиогчийн хэлснээр эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ анхаарал болгоомжтой харьцах нь чухал.

Тэдэнтэй амьтан сургагч шиг хатуу гараар бус тэднийг ивээгч сахиусан тэнгэр шиг нь харилцах ёстой гэнэ. Гасан хүүхдүүд гайхамшигтай, ер бусын хүмүүс. Тэдэнд юугаа ч зориулахаас харамсамгүй, тийм л үнэ цэнэтэй иргэд байдаг аж.

Тэд юм бүхнийг өөрийн болгож, тогтоон авах нь чийгийг шингээгч цэвэрхэн цагаан уудаг цаас лугаа ижил тул хайрыг тэдэнд шингээж, хайраар гэрэлтсэн ертөнцөд умбуулах хэрэгтэй юм байна. Өнөөгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд минь ээ. Бидний хүүхдүүд бидэнтэй адилгүй болж.

Тэд өөр үзэл хэлбэршил бүхий нийгэмд өсөн торниж буй. Биднийг хүмүүжүүлэхийн тулд эцэг, эхчүүдийн маань хэрэглэж байсан арга барил одоо тохирохоо нэгэнт больжээ. Төрөхөөсөө л өөр байсан тэдэнд аливаа юмыг тулган шаардаж бас хориглож болохгүй. Тэдэнтэй зөвхөн тохиролцож, хамтарч л болох нь.

Хүүхдээ ямар нэг зохиомол дүр төрхөнд албадан оруулахгүйгээр эх дэлхийд ямраар мэндэлсэн яг тэр дүр төрхөөр нь байлга.

Тэд энэ ертөнцөд ирэхдээ аль хэдийнэ бие хүн болчихсон, үүрэг төөргөө авчихсан, хэрэгжүүлэх хөтөлбөртэйгээ байдаг аж. Хүүхдээ ямар нэг зохиомол дүр төрхөнд албадан оруулахгүйгээр эх дэлхийд ямраар мэндэлсэн яг тэр дүр төрхөөр нь байлга. Хурц тод өнгөтэй, сонирхолтой сайхан амьдарлаар амьдарч, өөрийнхөө өгөөжийг эргэн тойрондоо түгээн, минут тутам гайхшралыг олж, бусдыг гайхшруулж  явах эрхтэй хүмүүс юм, тэд.

Уншигч та намайг энэ бүхнийг яагаад бичээд байна вэ гэж гайхаж магадгүй. Учир нь өнөөгийн хүүхдүүд бүгд гасан аж. Гадаадын олон оронд гасан хүүхэд ихээр төрж байгаа талаар олонтаа  ярьж бичдэг.

Харин Монголд энэ мэдээлэл сүүлийн үед сонсогдох болж. Эл номыг уншаад хэвлэн гаргагчдад ”Манай хүүхэд гасан юм шиг байна” гэж хэлэх эцэг, эх олон болж байгаа гэсэн.

Гэсэн ч энэ талын мэдээлэл дутмаг хэвээр. Номыг хэвлэгчдийн яриагаар нэг сэтгүүлч, нэг эмч гасан хүүхдийг судлах ажилд идэвхийлэн зүтгэж байгаа юм байна.

Гасан хүүхэд хөх өнгийн гэрлэн бүрхүүлтэй. Тэднийг анх Нэнси Тэппи хэмээх эрхэм судалжээ. Түүний үзэж буйгаар гасан хүүхдүүд зүрх сэтгэл гэхээс илүүтэй толгойгоороо ажилладаг, нэг ёсны компьютерчлэгдсэн хүүхдүүд юм.

Гасан хүүхдүүд 3-4 настайдаа бусад том хүмүүсийн чадахгүй хэмжээнд компьютер эзэмшчихдэг. Энэ бол тусгайлсан чиглэлд хөгжсөн хүүхдүүд учраас ойрын 10-15 жилд техникийн хөгжил бидний хувьд мөрөөдөж ч чадаагүй тийм төвшинд хүрэх юм байна.

Гасан хүүхдүүд өөр ертөнцөд орох үүдийг бидэнд нээх агаад тэнд хүмүүс гараараа бус зөвхөн толгойгоороо ажиллаж, амьдрах болно гэж Нэнси Тэппи үзжээ. Тэппийн үзлийг Америкийн сэтгэл зүйч Ли Кэрролл үргэлжлүүлэн судалсан гэдэг. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тэрбээр гасан хүүхдийн гэрлэн бүрхүүл, түүний хэмжээ, хэлбэр, өнгө, гэрлийн эрчимжилтийг бодитойгоор хэмжин буулгажээ.

Тэдний үзэж буйгаар 1980-аад онд гасан хүүхэд ихээр мэндэлсэн байна. Тэр дундаа гасан хүүхдийн хамгийн хүчирхэг үе 1984 он бөгөөд “гариг эрхсийн баярт цуваа” гэдэг байна. Гасан хүүхдийн ер бусын байдал нь төрсний эхний хэдэн сард илэрхийлэгддэг гэнэ. Хорвоод мэндэлсэн нярай эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө өмнөөс бяцхан хүүхэд биш хэдэн арван жилийн өмнө төрсөн хуучин, туршлагатай, ухаан гийсэн нэвт цоргисон харцаар харж гайхшрал төрүүлдэг байна.

Өсөөд тэд дэггүй, эгэл жирийнээр харьцах боломжгүй ч авах сайхан чанар олон байдгийг сануулъя. Судалгаанаас үзвэл гасан хүүхдүүдийн дотор солгой гартнууд олон.

Өнөө үед гасан хүүхэд төрөөд байгаа нь гурав дахь мянганы шинэ төрлийн хүн буй болж байгааг гэрчлэх бодит үнэн болохыг туршлагатай эрдэмтэн нотолсоор байна. Сүүлийн үед шинээр төрж байгаа 100 нярайд судалгаа хийхэд 70 нь хөх өнгийн гэрлэн бүрхүүлтэй гасан хүүхэд болох нь тогтоогджээ.

Ингээд гасан хүүхдийг тодорхойлох шалгуурын талаар товч дурдъя. Тэд шийдэмгий шаргуу, бүтээлч сэтгэлгээтэй, хөгжим, яруу найрагт дуртай. Өөрийгөө бүр дорд үзмээр байдалд орсон ч өөртөө найдсан, бардам зантай нь хэвээр байдаг. Ямар нэгэн аугаа үйл хэрэг бүтээж, туслах оргилсон хүсэлтэй. Мөн зөн билэг нь хүчтэй хөгжсөн, юмыг нэг хэлэнгүүт хурдан ойлгодгоороо давуу талтай.

Гасан хүүхдийн зөн мэдрэмж нэн өндөр хөгжсөн тул тэд учир зүй гэхээс илүүтэй энэ мэдрэмжээ дагадаг.

Түүнчлэн эрчимтэй, өөрийн гэсэн зорилго чиглэлтэй гээд 20 гаруй шинжээр тэднийг шинжиж болно. Тодруулбал, гасан хүүхдийн зөн мэдрэмж нэн өндөр хөгжсөн тул тэд учир зүй гэхээс илүүтэй энэ мэдрэмжээ дагадаг. Иймээс тэд хэлэх үгэндээ хатуу тууштай, дураараа, улиг болсон зүйлийг байнга үгүйсгэдэг бөгөөд сэтгэл санааны хувьд уян зөөлөн.

Хөгжөөнтэй зугаатай байснаа гэнэт сэтгэлээр унах тохиолдол түгээмэл. Тэр дундаа амьдралыг дэмий үрж болохгүй, дээдийн хишиг гэдгийг сайн ухаарч ойлгосон байдаг аж. Гэсэн атал унтаж, амрахыг уйтгартай, залхуутай гэж боддог.

Тэд амьдралаа элбэг дэлбэг байлгахыг хүсэхийн зэрэгцээ үйл явдлын өрнөлийг хурдасгаж, хийсэн үйлдлийнхээ үр дүнг үзэж байж санаа нь амардаг. Энэ мэт гасан хүүхдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болъё гэвэл Монголын психотроникийн хүрээлэнгээс гаргасан “Гасан хүүхэд чинь таныг галзууруулах нь холгүй байгаа бол хэн хэндээ аятай байхын тулд хэрхэн харилцах вэ” хэмээх сонирхолтой номыг бүх номын дэлгүүр болон 1900-1617-оор захиалж дэлгүүрийн үнээр үнэгүй хүргүүлж заавал уншаарай.

Гасан хүүхдийн сэтгэлд бүтээн байгуулалт гэсэн ганцхан зорилго нуугддаг болохыг эл номоос олж авсандаа олзуурхлаа. Тиймээс бидэнд гасан хүүхэд заяасан нь аз хэмээн баярлаж, бахархаж суухад болох нь ээ.

Зураг