Хан-Уул дүүргийн XI хороо, Удирдлагын академийн хашаанд байрлах Богд хааны зуны ордны тухай “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байсан билээ.
Түүх, соёлын дурсгалт байгууламжийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авахгүй байсаар нийслэлчүүдийн нүдэн дээр устаж байгаа жишээ бол Богд хааны зуны ордон юм. Манай улс шиг туух, соёлын дурсгалаа хайрлаж хамгаалдаггүй, хойч үедээ сонирхуулдаггүй энэ байдлыг шүүмжлэх хун олон бий.
Тэдний нэг болох “Хот суурин, иргэдийн хөгжил” сангийн тэргүүн С.Бямбажав ордныг түүхийн дурсгал хэвээр нь үлдээхийн тулд багагүй тэмцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Богд хааны зуны ордон нурахад бэлэн болсныг бид бэлэхнээ харсаар байна. Таныг ССАЖЯ-нд энэ асуудлаар хандсан гэж дууллаа. Ямар хариулт авав?
-Богд хааны орднуудыг анх байгуулахдаа бүтэн сарын турш газрыг нь шинжиж байж босгосон гэдэг. Анхны сургууль, эмнэлэг биш бүр Монголын сүүлчийн хааны амьдарч байсан ордон бидний нүдэн дээр сүйдэж байгааг харахад иргэн хүний хувьд харамсмаар явдал. Тиймээс жил орчмын өмнөөс ССАЖ-ын сайдад цахим хуудсаар болон албан журмаар түүх, соёлын дурсгалаа хамгаалаач гэсэн санал тавьсан.
Салбарын сайд нь анхандаа Богд хааны зуны ордны газар хувийн эзэмшилд байдаг учир төрийн зүгээс шууд орж засвар үйлчилгээ хийх боломжгүй гэсэн. Тус байгууламжийг 2009 онд Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ц.Пүрэвхүү ТББ-ынхаа нэр дээр түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар ашиглахаар эзэмшилдээ авсан юм билээ.
-Таван жилийн өмнө авсан байрыг зориулалтаар нь ашигласан бол өдийд ийм байхгүй байсан байх. ССАЖЯ-ынхан ийм байдалд хяналт тавих боломжгүй гэнэ үү?
-Ц.Оюунгэрэл сайдад олон удаа асуулга хүргүүлсний дүнд ажлын хэсэг байгуулсан гэсэн. Тэд ордныг төрийн мэдэлд шилжүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан.
-Ордны эзэмшил газрын зарим хэсэг нь бусдын мэдэлд шилжсэн юм биш үү. Та энэ талаар судлав уу?
-Богд хаан 0.07 га талбайд амьдардаггүй байсан байх. Одоо газар нь ийм хэмжээний үлдсэн байна лээ. Эргэн тойронд нь орон сууц баригдчихсан, зарим хэсгийг тасдаад харуул манаа гаргачихсан байдалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!