Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Manfred Protze: Хэвлэлийн зөвлөлийг санхүүжүүлэх нь төрд ашигтай

Х.Монголхатан
2014 оны 9 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг
Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Manfred Protze

Хэвлэлийн хүрээлэнд гурван өдөр үргэлжилсэн Хэвлэлийн зөвлөл байгуулах ажлын хэсгийн зөвлөгөөнийг Германы DW Академи, Фридрих Эбертийн сангийн тусламжтай зохион байгууллаа.

Өмнө нь Босни-Герцоговин улсаас мэргэжилтэн урьж авчирч байжээ. Энэ удаад Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Manfred Protze-г зөвлөхөөр урьсан байна.

Тэрээр Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүнээр 1987 оноос хойш ажилласан туршлагатай сэтгүүлч аж. Энэ хугацаанд 15 мянга гаруй хэвлэлийн хэрэгт өргөдөл, гомдол барагдуулахаар ажилласан байна. Түүний ярилцлага сонирхолтой байх болно.

-Та Монголын хэвлэл мэдээллийн салбарыг хэрхэн дүгнэх вэ. Хэвлэлийн зөвлөл байгуулах шаардлага байна уу?

-Хэвлэлийн зөвлөл гэдэг хоёр үндсэн үүрэг даалгавартай. Эхнийх нь хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг. Хоёрт, уншигчдын гаргасан өргөдөл гомдолд хариу шийдвэр гаргадаг.

Монголд Хэвлэлийн зөвлөл хэрэгтэй, үгүйг монголчууд өөрсдөө л шийднэ. Би Монголын хэвлэл мэдээллийн өнөө­гийн нөхцөл байдлын талаар ямар ч тайлбар өгөхгүй. Харин энэ сал­барт ажилладаг сэтгүүлчид болон бусад хүмүүс нийлж Хэвлэлийн зөвлөл байгуулах шаард­лагатай гэж үзээд, судалгаа хийж идэвхтэй ажиллаж байгааг мэдэж байна.

Гэхдээ эдгээр хүмүүс өөрсдийн гэсэн туршлагагүй, уран зохиол баримт бичгээс уншаад зарим зүйлийг ойлгоход хэцүү учраас намайг мэргэжилтнээр урьсан. Германы болоод бусад улс орны туршлагаас ярьж, тайлбарлаж өгөөч гэж гуйсан учраас би энд байна.

-Та ажлын хэсэгт ямар зөвлөгөөг голчлон өгөв. Манайхан юу анхаарах ёстой байна?

-“Media council club”-ийн ажлын хэсэг маш богино хугацаанд сайн ажиллаж, өндөр амжилт гаргажээ. Та нар ажлаа сайн хий гэж хэлж байна. Бид ингэж тэгж ажилла гэж хэлэхгүй. Зөвхөн өөрсдийн ажиллаж хуримтлуулж ирсэн туршлагаасаа хуваалцаж байна. Та нар өөрсдөө шүүж тунгаах хэрэгтэй.

Хэвлэлийн ёс зүйн кодыг хөгжүүлэх алхам болон Хэвлэлийн зөвлөл байгуулахад их сайн идэвхтэй ажиллажээ. Энэ гурван өдрийн зөвлөгөөнөөр тэдний гаргасан санааг цааш нь хөгжүүлэхийг хичээн хамтарч ажиллалаа.

-Монголын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаагүй байгаа. Хэвлэлийн зөвлөлийг энэ хуульд ямар хэлбэрээр тусгавал зохистой бол?

-Танай улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаагүй учраас надад мэдэх зүйл байхгүй. Германы болон Европын туршлагаас үзэх юм бол Хэвлэлийн зөвлөл гэдэг байгууллага ямар ч хуулиас хамааралгүй сайн дурын байгууллага байдаг. Хуулийн зохицуулалт шаардлагагүй өөрсдийгөө зохицуулж ажиллах ёстой. Яагаад гэвэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эздийн сайн дурын үндсэн дээр байгуулсан байгууллага юм.

Германд Хэвлэлийн зөвлөлийг хуультай холбосон нэг л холбоос байдаг. Тэр бол санхүүжилт юм. Улсын төсвөөс ямар хэмжээний мөнгийг хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаанд зориулж гаргах вэ гэдгийг л зохицуулдаг. Хуультай байж улсын төсвөөс мөнгө гарна шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь ардаа улстөрч юм уу, бизнесмэн эзэнтэй байдаг. Энэ бүхнээс Хэвлэлийн зөвлөлийг ангид байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Хэвлэлийн зөвлөлийг ажиллуулж буй болон ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө энэ салбарын хүмүүс байвал улс төрөөс ангид байх боломжтой. Хэвлэлийн зөвлөлийн хуралд сэтгүүлчид болон эздийн төлөөлөл хамт байж шийдвэр гаргах хэрэгтэй. Олон нийтийн төлөөлөл ч чухал байж болно. Тэд уншигчдын төлөөлөл учраас өөр нүдээр харах байх.

Хэвлэлийн зөвлөлийг ажиллуулж буй болон ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө энэ салбарын хүмүүс байвал улс төрөөс ангид байх боломжтой.

Хэрэв Хэвлэлийн зөвлөл ажлаа сайн хийж чадвал үр дүнд нь өөрсдийгөө бусдаас хараат бус байлгана. Хамгийн чухал нь энэ юм. Хэвлэлийн ёс зүйн код бүх хүнд хамаатай байх ёстой. Зах зээлд байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйн кодоо л дагаж мөрдөх хэрэгтэй. Бүгдэд нэг ижил хэмжүүрээр хэмжигдэх ёстой.

-Тэгэхээр хараат бус байдалд санхүүжилт чухал уу?

-Төр санхүүжүүлж болно. Хэрвээ төрөөс өгч байгаа санхүүжилт нь ямар ч нөхцөлгүйгээр өгөгдөж байвал Хэвлэлийн зөвлөлийн бие даасан хараат бус байдалд чухал байж болно. Ихэнх оронд сэтгүүлчид ядуу байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд ч мөнгөгүй хүн байж болдог. Гэхдээ Хэвлэлийн зөвлөл ажлаа сайн хийхийн тулд мөнгө хэрэгтэй болно. Тиймээс бие даасан байдал нь ямар мөнгөөр ажлаа хийх вэ гэдгээс хамаарна.  

Нөгөө талаас төрөөс санхүүжүүлэлт авсан Хэвлэлийн зөвлөлийн шийдэж буй асуудал, хийж буй ажил төрд ашигтай. Учир нь Хэвлэлийн зөвлөл байхгүй бол тэр асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх болно.

Тэгэхээр шүүхийн ажлыг хөнгөвчилж, туслалцаа үзүүлж буй юм. Шүүх засаглалын хэрэглэх мөнгийг хэмнэж өгнө. Дани, Швед улсуудад хуулиндаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн эзэд Хэвлэлийн зөвлөлийн мөнгийг гаргаж өгөх ёстой гэж заасан байдаг.  Европын зарим оронд төрөөс ямар ч мөнгө авахгүй, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас татаас авах зэргээр өөрсдийгөө санхүүжүүлээд явдаг байгууллагууд ч бий. Зарим нь донор байгууллагуудаас мөнгө авдаг хувилбар ч байна.

-Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүд сайн дураараа ажилладаг уу, эсвэл цалинждаг уу?

-Германы Хэвлэлийн зөвлөлийн өргөдөл гомдол барагдуулах хороонд ажилладаг гишүүд цалин авдаггүй, сайн дурынх. Бид яах гэж мөнгө авах билээ. Харин захиргааны зардалд мөнгө хэрэгтэй. Захиргаанд ажиллах хүмүүс, байр, компьютер, бичиг хэргийн зардалд мөнгө шаардагдана.  

-Монголд сэтгүүлчийн ёс зүйн дүрэм байдаг ч зөрчих нь элбэг. Манайх олон улсын жишигт нийцэж байна уу?

-Би Монголын хэвлэлийн ёс зүйн кодыг уншсан. Сэтгүүлчдийн сайн ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л чухал заалтуудыг оруулсан юм билээ. Хэрвээ Хэвлэлийн зөвлөл байгуулагдах юм бол одоогийн байгаа ёс зүйн кодоос олон заалтыг авч ажиллах байх.

-Хэвлэлийн зөвлөлийг сэтгүүлчдийг шалгах, хэвлэл мэдээллийн байгууллагыг хянах байгууллага гэсэн ойлголт байх шиг?

-Германы Хэвлэлийн зөвлөл хуулиар байгуулагдаагүй сайн дурын байгууллага. Мөн ямар нэг хяналт шалгалтын байгууллага гэж хэн ч боддоггүй. Яагаад гэвэл энэ бол төрийн байгууллага биш. Тиймээс манайх шиг Хэвлэлийн зөвлөлөө Монголын сэтгүүлчид өөрсдөө байгуулаасай гэж зөвлөх байна. Хэвлэлийн зөвлөл бол ямар ч хяналт тавих үүрэггүй. Хэрвээ хуулиар байгуулвал хяналтын байгууллага болох аюул ихтэй.

-Сэтгүүлчийн хийсэн бүтээлд Хэвлэлийн зөвлөл мэргэжлийн дүгнэлт гаргана гэсэн. Тэгэхээр бүрэл­дэхүүнд нь ямар хү­мүү­сийг оруулах ёстой вэ?

-Германы Хэвлэлийн зөвлөлийн өргөдөл гомдол барагдуулах хороонд сэтгүүлчид болон эздийн төлөөлөл хамтран хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргадаг. Европын бусад улс орнуудад өөр хэлбэрүүд байдаг. Сэтгүүлчид, эздийн төлөөллөөс гадна олон нийтийн төлөөлөл ордог. Гэхдээ миний мэдэх бүх л улс орны хэвлэлийн зөвлөлд нэг ч улстөрч, төрийн албан хаагч байдаггүй.

-Та мэргэжил нэгт Монголын сэтгүүлчдэд ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Сэтгүүлчид бүгдээ­рээ хүлээн зөвшөөрсөн хэвлэлийн ёс зүйн ко­доор ажиллах ёстой гэдгээ анхаараарай. Хэн ч сэтгүүл­зүйн муу бүтээлээрээ мөнгө олох гэж явах хэрэггүй. Сэтгүүлчдийг хянаж бай­даг хамгийн том шалгалт бол уншигч, сонсогч, үзэгчид юм. Түүнээс биш төр засаг, албан тушаалтан, эрх мэдэлтэн биш. Тиймээс тухайн сэтгүүлчийг, хэвлэл мэдээллийн байгууллагыг хэр сайн ажиллаж байгааг нь Хэвлэлийн зөвлөлд гаргаж буй гомдлоос харж болно.

Зураг