ОХУ-ын Нүүдэлчний соёл, иргэншлийн музейн захирал Константин Куксин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нарын санаачлагаар мөн Орос, Монголын холбогдох байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо Танкийн дурсгалын хөшөө босгов.
Уг арга хэмжээг музейн захирал К.Куксин, Элчин сайд Ш.Алтангэрэл нар нээж, ОХУ-ын Төрийн думын гишүүн, “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн Баяр Жамсуев, Халхын голын байлдааны ахмад дайчин бэлтгэл хурандаа Николай Кравец, «Монголын анд нөхөд» нийгэмлэгийн дэд тэргүүн Владимир Бабушкин нарын төлөөлөгчид оролцож үг хэллээ.
Москва хотноо бүтээсэн энэхүү Т-26 танкийн хөшөө нь ОХУ-д Халхын голын байлдааны баатруудад зориулан босгосон анхны дурсгалын байгууламж юм.
Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, бэлтгэл хурандаа Николай Кравец нар дурсгалын тууз хайчилсаны дараа ОХУ, Монгол улсын төрийн далбааг залж, төрийн дуулал эгшиглүүлэв.
Уг арга хэмжээний үеэр ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн н.Баяр, Жамсуев нарт Халх голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалийг Элчин сайд Ш.Алтангэрэл гардууллаа.
Москва хотноо бүтээсэн энэхүү Т-26 танкийн хөшөө нь ОХУ-д Халхын голын байлдааны баатруудад зориулан босгосон анхны дурсгалын байгууламж гэдгээрээ Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг болж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!