Ташкент хотод Узбекийн олимпийн алдрын музейд ФИЛА-гийн Алдрын танхимд бөхийн спортын алдартнуудыг залах ёслол боллоо.
Энэ ёслолд ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович, Товчооны гишүүд, ДАШТ-нд хүрэлцэн ирсэн шүүгчид, дасгалжуулагчид, бөхчүүд оролцлоо.
Ёслолыг ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Стан Дезик хөтөлж батламжийг Н.Лалович гардуулсан байна.
ФИЛА-гийн Алдрын танхимын 12 жилийн ойд зориулсан алдартнуудын сонгон шалгаруулалтыг тус холбооны дэд ерөнхийлөгч Стан Дезикийн удирдсан тусгай зөвлөл зохион байгуулсан байна. Энэ оны алдартнуудын дотор 10 орны 16 иргэд түүний дотор олимпийн 11, ДАШТ-ний 25 алтан медаль хүртэгсэд багтсан байна. 5 хүний нэрийг Алдрын танхимд нөхөн залжээ.
ФИЛА-гийн Алдрын танхимын нэрээ мөнхөлсөн бөхийн спортын алдартнуудын нэрсийг дор толилуулж байна:
Дасгалжуулагчид
Дмитрий Миндиашвили, ОХУ, Красноярск хотод Бөхийн академийг үндэслэгч, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн хошой аварга И.Ярыгин нарын дасгалжуулагч, ЗХУ болон ОХУ-ын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1970-2000 онуудад ажиллаж байсан.
Вадим Псарёв, Казахстан, олимпийн наадмын 6 алт, хошой мөнгө, ДАШТ-ний 13 алтан медаль хүртсэн алдарт бөх В.Рязанцев, А.Быков, Ж.Ушкемпиров, А.Назаренко, В.Бакулин нарын дасгалжуулагч
Шүүгчид
Адуучийн Басхүү, Монгол, 6 удаа олимпийн наадамд, 30 удаа ДАШТ-нд шүүгчээр ажилласан, 2006-2008 онуудад ФИЛА-гийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан, 1988 оны Алтан шүгэл шагналт
Эндер Бикурзэн, Турк, Монгол, 6 удаа олимпийн наадамд, 26 удаа ДАШТ-нд шүүгчээр ажилласан, 1995-2012 онуудад ФИЛА-гийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан, 1996 оны Алтан шүгэл шагналт
Эрэгтэй чөлөөт бөх
Павел Пинигин, ЗХУ, ОХУ, дэлхийн гурван удаагийн болон олимпийн аварга
Бесик Кудухов, ОХУ, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний дөрвөн алтан медальт
Аслан Хадарцев, ЗХУ, дэлхийн гурван удаагийн аварга
Хадем Ашгади, Иран, олимпийн наадмын алт, хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
Сонгомол барилдаан
Жашкалык Ушкемпиров, ЗХУ, Казахстан, олимпийн болон дэлхийн аварга
Михаэль Линдберг, Швед, олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
Сим Квон Ху, БНСУ, олимпийн болон дэлхийн хошой аварга
Эмэгтэй чөлөөт бөх
Лиза Легран, Франц, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
Сара Эрикссон, Швед, ДАШТ-ний мөнгө, гурван хүрэл, хошой алтан медальт
Бөхийн спортын домог
Вилфрид Дитрих, ХБНГУ, чөлөөт бөхийн олимпийн наадмын хошой мөнгө, алт, хүрэл, сонгомол барилдааны олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, хошой мөнгө, хүрэл медальт
Артур Таймазов, Узбек, олимпийн мөнгө, гурван алт, ДАШТ-ний гурван алт, хошой мөнгө, хүрэл медальт
Бөхийн спортын зүтгэлтэн
Матео Пелликоне, Итали, ФИЛА-гийн Товчооны гишүүнээр олон жил ажилласан.
МЧБХ. Д.Өлгийсайхан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|