Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, таван байршилд газар өмчлөх иргэдийг цахим түүврийн аргаар тодруулсан.
Сонгогдсон иргэд 15 хоногийн дотор харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой гэсэн шаардлага тавьсан.
Өргөдөл авах хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан бөгөөд цахимаар газартай болсон ч өргөдлөө гаргаагүй иргэд жагсаалтаас хасагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.
-52 байршилд газар өмчлүүлэх ажлын явц ямар байна вэ. Хэчнээн иргэн заагдсан хугацаанд амжиж цахим өргөдлөө баталгаажуулсан бол?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх иргэдийг цахим түүврийн аргаар тодруулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн I хэсэг, Багахангай дүүргийн II дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд өнгөрсөн сарын 1-нээс эхлэн цахим системийг ашиглан иргэдээс өргөдлийг өнгөрсөн сарын 15-ыг хүртэл хүлээн аваад 14 мянган газар өмчлөгчийг тодруулсан.
Улмаар Газах өмчлөлийн тухай хуульд заасны дагуу сонгогдсон иргдийг материалаа бүрдүүлж өргөдлөө өгөх үйл ажиллагаа өнгөрсөн сарын 30-ны өдрийн 17.00 цагт хүртэл холбогдох таван дүүрэгт нь зохион байгуулсан. Гэтэл 10 мянга 438 иргэн өргөдөл өгсөн байсан.
-Харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулж чадаагүй иргэдийн эрх хүчингүй болох уу?
-Цахим бүртгэлийн системд бүртгүүлсэн нийт иргэдийн 70 хувь нь харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулсан. Хэдийгээр сонгогдсон ч гэсэн хуулийн дагуу материалаа бүрдүүлж, бүртгүүлээгүй үлдсэн 30 хувийн эрхийг хүчингүй болгох ёстой. Гэтэл бүртгүүлж чадаагүй иргэд хоцорсон, эмнэлэгт байсан, хүндэтгэх шалтгаантай байсан зэрэг шалгаан хэлж буй.
Энэ сарын 3-11-нийг хүртэл өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломж иргэдэд олгож байгаа.
Тиймээс уг асуудлыг бид өнгөрсөн даваа гарагт нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Харин Засаг дарга нийслэлийн иргэдийн эрх ашгийг харгалзан үзээд ажлын долоон хоног сунгаад цахим хэлбэрээр сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авахыг үүрэгдсэн. Тиймээс өнөөдрөөс эхлээд /өчигдөр/ ажлын долоо хоногт /энэ сарын 3-11-ныг хүртэл/ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломж иргэдэд олгож байгаа.
-Тэгвэл сунгагдсан хугацааны дараа өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн эрхийг хүчингүй болгох уу. Хэрэв хүчингүй болговол тухайн эрхийг хэнд шилжүүлэх вэ?
-Долоо хоногийн дараа өргөдөл хүлээн авах ажлыг зогсоогоод, сонгогдсон эрхийг нь цуцлах болно. Учир нь эдгээр иргэд газар өмчлөх эрхээ аваагүй зөвхөн цахим хэлбэрээр сонгогдчихсон байгаа.
Харин эрхээ авна гэдэг нь нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх захирамжаа гаргасан нөхцөлд газар өмчлөх эрхээ авсан гэж ойлгож болно.
Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулна. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх иргэдийг цахим түүврийн аргаар дахин сонгох юм.
-Цахим бүртгэлээр гадаадын иргэд газар өмчлөх эрхтэй болсон гэх асуудал яригдаад байсан. Энэ талаар судалж үзсэн үү?
-Гадаадын иргэд газар өмчлөх эрх аваагүй. Учир нь бид гадаад иргэн байх магадлалтай гэх хэд хэдэн иргэнийг УБЕГ-аар шалгуулсан. Гэтэл гадаад нэртэй таван иргэний дөрөв нь Монгол Улсын иргэн байсан. Харин нэг иргэн нь гадаад иргэн байсан учир эрхийг нь хүчингүй болгосон байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|