Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Монгол, Хятад гурав

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 2
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Ингэж эхэлдэг онигоо олон бий. Бид хоорондоо ярьдаг юм хойно, монгол нь нөгөө хоёроо үргэлж ухаанаараа давах. Хэдэн зууны өмнө хөрш гүрнүүдийнхээ эхлэлийг монголчууд тавьж өгсөн.

Гэвч өдгөө мөнөөх Орос, Хятадаасаа бүрэн шалтгаалах болчихоод байна. Харин энэ бол онигоо биш.

НИЙТЛЭГ ХҮЧИН ЗҮЙЛ

Манай гурван улсыг хуурай газрын хилээс гадна олон зүйл нэгтгэдэг.

Бие биеэ эзлэн захирч явсан, нэгнээ нөлөөллийн бүсээ болгосон, басхүү нөгөөгөөрөө жийрэг хийж, эсвэл түрий барьж явсан түүх бий. Энэ зуур тасран гурав хуваагдсан монголчуудын соёлын өв ч бидний нэг зүгт харах хүчин зүйл бас л мөн. Үүнээс гадна Дэлхийн II дайнаар Японы эсрэг эвлэлдэн нэгдсэн бахдам явдал бий. Хэдий өнөөдөр төдийлэн дурсахаа больчихсон ч газрын диваажин-коммунизм байгуулах гэсэн ариун бөгөөд бүтэлгүй мөрөөдлөөс үлдсэн гашуун туршлага нь ч бараг ижил. Мөн түүнчлэн дэлхийн хамгийн том хуурай газрын аюулгүй байдал биднийг эс хүслээ ч нэг талд гаргана.​ Аливаа улс орон хөршийнхөө хөгжил цэцэглэлтийн төлөө оршдоггүй хатуу үнэн ч Монгол, Хятад, Орос гуравт адилхан л үйлчилнэ.           

СӨРГӨЛДӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Сүүлийн хэдэн жилийн дотор Орос, Хятадын удирдагч нар олон улсын тавцанд үндэснийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бүх талбарт “стратегийн түншлэл” тогтоочихлоо.

Тэд БРИКС, ШХАБ тэргүүтэй цэрэг, эдийн засгийн эвсэлд аль аль нь голлох үүрэг гүйцэтгэхийн сацуу АНУ төвтэй барууны бусад эвслүүдийн өмнөөс сөрөн зогсохоор шийджээ.

Гэтэл нэгэн цагт Манж Чин гүрний вассал байсан, удалгүй Зөвлөлтийн дагуул ч болж явсан Монгол Улс олон улсын харилцаандаа гурав дахь хөршийн бодлого тунхагласан нь хэл амаа олоход багагүй саад үүсгэсэн юм. Өргөн уудам газар нутагтай Монгол Улс Орос, Хятад хоёрын дунд стратегийн чухал байр суурь эзэлдэг учраас хэзээнээс л хэн хэн нь нөлөөгөө тогтоохыг эрмэлздэг байсан ч монголчууд АНУ, Япон, БНСУ болон бусад хүчирхэг гүрэн болоод олон улсын хамтын нийгэмлэгүүдийг “хөрш”-өөрөө зарлачихсан. Ингээд хэдий одоогоор хүчин мөхөс ч НҮБ-д суудалтай, демаркац хилтэй, бүрэн эрхт улсын хувиар тэдэнтэй эн тэнцүү ярилцаж, ашиг сонирхлоо тулгаж байгаа нь хоёр хөршид тийм ч таатай бус.

ХОЁР ХӨРШИЙН ӨРСӨЛДӨӨН

ЗСБНХУ задарснаас хойш алдсан нөлөөгөө Монголд эргүүлэн тогтоохын тулд оросууд тал хувийг нь авч үлдсэн “Улаанбаатар төмөр зам”-аа ашиглахыг нэн тэргүүний зорилгоо болгожээ​.

​Монголын асар их баялгийн бараг тавилангаар заяасан ганц худалдан авагчид нь хүргэх, улмаар бусад оронд гаргахад далайд гарцгүй манай оронд төмөр зам хамгаас чухал.

Үүнийг тэд тооцсон бөгөөд “Мянганы сорилын сан”-гаас төмөр замд оруулах гэсэн тун ашигтай хөрөнгө оруулалтыг  зогсоож дөнгөсөн юм.

Манай хойд хөрш зөвхөн төмөр замыг бэрсээ болгожээ гэдэг нь 2013 оны байдлаар Монголд ОХУ-ын хөрөнгө оруулалттай зургаан компани байгаагаас тодорхой харагдана.

Харин БНХАУ ирэх жилүүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засгийн өсөлтөө гол зэвсгээ болгон ашигладаг. Социализын үед ЗСБНХУ-ын манай гадаад худалдаанд эзэлж байсан байр суурийг өмнөд хөрш маань аль эрт өөрийн болгожээ. Хамгийн шоглоомтой нь хуучин Зөвлөлтийн хөрөнгө болоод мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөрөөр илрүүлсэн байгалийн асар их баялгийн тодорхой хэсгийг БНХАУ-ын компаниуд хянаж байна. Бусад салбарт оруулсан Хятадын хөрөнгө оруулалт ч манай “гурав дахь хөрш”-үүдийг хавьтуулахгүй.    

МОНГОЛЧУУДЫН “ДАВУУ ТАЛ” 

Ардчилалд сэтгэл алдарсан монголчуудын хувьд хамаг зовлонгийн эх болсон манай улс төрийн тогтолцоо хоёр хөрштэйгөө харилцахад давуу тал болчих нь ч бий. Ганцаар бүх эрх мэдлийг атгадаг манай хоёр хөрш, ялангуяа ОХУ-ын томчуул Монголын удирдагч нараас чухам хэнтэй нь ярьсан зүйл ажил болдгийг одоо хэр “ойлгохгүй” яваа юм.

Ухаан нь, Н.Энхбаяртай тохиролцсон Хөшөөтийн мөнгөний ордын олборлолтыг нэг намын нөхөр, УИХ-ын дарга М.Энхболд нь зогсоосон.

Ерөнхий сайд С.Баяртай ярьсан 100 шатахуун түгээх станцыг УИХ дээрээ унагасан явдал ч бий. 

Гэхдээ бидний энэ “давуу тал”-ыг хоёр хөрш маань эргүүлж ашиглаад сурчихав уу гэдэг хардлага сүүлийн үед улам хүчтэй болж байна​.

Нэг улстөрчөөр нарийн царигийн төмөр зам тавих аваас хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэж хэлүүлэхэд нийгэм түүнийг нь сайхан “хүлээн авсан”.

Хятадаас айх энэ өвчнийг Зөвлөлтүүд монголчуудын тархинд ямар ч вакцинд дийлдэхгүй болтол суулгаж өгсөн билээ. Харин уул уурхайд хөрөнгө оруулсан Барууны бүх компанийг эсэргүүцэх хөдөлгөөн Монгол даяар давалгаалан өрнөх мөртөө Хятадынхыг бараг хөнддөггүй нь ч эрхгүй анхаарал татдаг.        

ГУРВАН ДАВХЦАЛ

Хятадын аюулаас айх урхагтай, Оросын судлаач Александр Храмчихин “Ер нь Монгол, Казахстан хоёрыг Хятадаас хамгаалах нь Орос өөрийгөө Хятадаас хамгаалахаас ашигтай юм. Хэрэвзээ ОХУ энэ хоёр улсыг “өгчихвөл” Бээжинд геополитикийн өрөгт “мад” тавиулж, Уралаас зүүн тийшээх газар нутгаа хар аяндаа алдана” гэсэн байдаг. Гэхдээ энэ удаагийн яриа цэрэг дайны сэдэвтэй биш учраас үүнийг энд юманд бодоод хэрэггүй юм. Харин манай хоёр хөрш эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэсэн нь хамгийн чухал. Үүн дээр “хэн нэгний” явуулгаар гадаадын хөрөнгө оруулалтгүй болчихсон Монголын эрх ашиг ч нэмэгдэнэ.

Чухамдаа бол анчин гурван бие барьчихаад гох дарахаар амьсгалаа түгжсэн мэт нөхцөл байдал манай гурвыг өдгөө нэгтгэж байна. Ангийн олз нь мэдээж эдийн засгийн ашиг. Монголчууд бид үүнийг л зөв тохируулах аваас зарим нэгний муу амлаад байгаа шиг хоёр хөршийнхөө идэш болохгүй бөгөөд Хятад, Оросын дунд шаасан гадас шиг орших аваас тусгаар тогтнол маань баталгаатай хоцорно.

Орос, Монгол, Хятад гурав байсаар байх болно.  

Д.БАТБАЯР

(“Гэрэг” сэтгүүлийн дугаараас, №22)

Зураг