Холливудын нэрт жүжигчин Ван Дизельтэй ярилцлага хийхээр сэтгүүлч Уильям Кинг “Disney” студийг зорьсон байна. Жүжигчин хамгийн сүүлд “Guardians of the Galaxy” кинонд Грут нэртэй модны дүрийг бүтээсэн юм. Ван Дизель зураг авалтад эхнэр П.Хименес болон Хания, Винсент охидынхоо хамт очдог бөгөөд дөрөв, зургаан настай охидоо ирээдүйд жүжигчин болж магадгүй гэж бодож буйгаа ярьжээ.
-Та ярилцлага өгөхөөр гэр бүлийнхэнтэйгээ хамт иржээ. Ажлынхаа завсарлагаар эхнэр хүүхэдтэйгээ зугаалж яваа гэж ойлгож болох уу?
-Ажил, хувийн амьдралаа заагладаг хүмүүсийн нэг нь би биш ээ. Хамтран ажиллагсадтайгаа найзалж, гэр бүлээ студи, зураг авалтын талбайд авч ирэх дуртай.
Түүнээс гадна хүүхдүүд минь ирээдүйд жүжигчин болохыг хүсэх юм бол энэ мэргэжлийг дотоод талаас нь хараасай гэж боддог юм. Хэрвээ хүсэхгүй юм бол хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэнэ. Охидын маань нэг нь жүжигчин болох юм шиг санагдаад байгаа.
-Хүүхдүүд тань Грут модны дүрд тоглосныг яаж хүлээж авч байна вэ?
-Бид хэд хоногийн өмнө хамтдаа “Guardians of the Galaxy” киног үзсэн юм. Тэд гэртээ хариад “Би бол Грут” гээд янз бүрийн өнгөөр хэлж үзээд, дуулж байхыг хараад охидод минь таалагджээ гэж бодсон. Хийж байгаа ажлыг минь хүүхдүүд үзээд үнэхээр хөөрөн баярлахыг харна гэдэг гайхалтай мэдрэмж.
Гэвч охид минь миний тоглосон зарим киног үзэхгүй байсан нь дээр. Тэд өсч том болоод миний ажлыг үнэлэхээ больж болох л юм. Гэхдээ намайг шүтэн биширдэг хүмүүс бий. Жишээ нь, “Facebook” олон нийтийн сүлжээ 82 сая бичигчтэй надад мөнгө төлөх байх. /Инээв./
-Ван, та тэр олон бичигчийнхээ зөвлөгөө, саналыг уншдаг уу?
-Уншилгүй яах вэ. Энэ чинь миний хийж байгаа ажлыг хамгийн бодитоор үнэлж байгаа хэрэг. Уран бүтээлч хүнд эргэх холбоо гэдэг үр дүнтэй төдийгүй бүр амин чухал гэж боддог. Үзэгчдийн онлайн санал хүсэлтийн дүнд “Галзуу хурд-6” киноны дүрийг сонгосон.
Ер нь шүтэн бишрэгчдийнхээ хүссэн дүрийг бүтээхийг хичээдэг юм. Тэд намайг тоглохыг хүссэн болохоор “Riddick”, “Галзуу хурд” /The Fast and the Furious/ кинонд тоглосон.
“Галзуу хурд” цувралд хамт тоглосон найз Пол Уолкерийг нас барсны дараа уран бүтээлээ хэсэг завсарласан. Одоо үзэгчдийн хүсэлтээр “Hannibal” кинонд тоглож байна.
-Уран бүтээлдээ эргэн ирэх эрч хүчийг хаанаас авав?
-Гэр бүлийнхэн минь өгсөн. Полыг ослоор амиа алдсаны дараа би яах учраа олохгүй байсан. Ээж минь намайг тэврээд “Хүү минь чамайг дэлхий нийтээрээ харж байна. Тэсвэрлэх хэрэгтэй” гэсэн. Удаан хугацаанд интернэт ашиглаагүй, олны дунд ороогүй. Надад маш хүнд хэцүү цагт “Guardians of the Galaxy” кинонд тоглох санал тавьсан.
Галзуу хурд-7” киног үргэлжлүүлэх болсонд баяртай байгаа. Энэ кино бол Полын хүсэл байсан юм. Зураг авалт бараг дууссан. Ирэх жилийн хавраас нээлтээ хийнэ.
Грутын дүр надад бараг л эмчилгээ болсон. Дотны найзаа алдана гэдэг хэцүү, уй гунигийг даван туулахад бүр хэцүү. Гэхдээ бид “Галзуу хурд-7” киног үргэлжлүүлэх болсонд баяртай байгаа. Энэ кино бол Полын хүсэл байсан юм. Зураг авалт бараг дууссан. Ирэх жилийн хавраас нээлтээ хийнэ.
-Сонирхоод асуухад явдаг, ярьдаг модны дүрд тоглох ямар санагдаж байсан бэ?
-Энэ тийм ч амар байгаагүй. Би байгалийн элчийн дүрийг бүтээхдээ ердөө гурван үг хэлэх ёстой байсан. /Инээв./ Нүүрний ямар ч хувирал, хөдөлгөөн байхгүйгээр шүү дээ.
Харин миний үйл хөдлөлийг зааварласан зохиол нь 50 хуудастай бөгөөд “Би бол Грут” гэдэг үгийг сэтгэлийн янз бүрийн хөдлөлөөр хэлэх байсан. Студид дүрийнхээ дууг оруулахдаа дөрвөн өдрийн турш гурван үгийг давтан хэлэхдээ уйдаагүй. Заримдаа бүр хөгжилтэй үе ч байлаа.
-Таны карьерыг харахад А.Шварценеггер, С.Сталлоне нарын адил гараагаа эхэлсэн санагддаг. Тэд ч мөн кино урлагт хөл тавьсан бодибилдингийн тамирчид. Та зориуд тэднийг дууриасан уу, эсвэл тэгж таарсан юм уу?
-Бодибилдингээр хичээллэхээс өмнө кинонд тоглохыг хүсдэг байсан. Миний аав /хойд эцэг/ театрын найруулагч, жүжигчин болохоор үргэлж л “Жижигхэн дүр, олны танил бус жүжигчин гэж байдаггүй юм” гэж хэлнэ, намайг Нью-Йоркийн театрын гудамж руу дагуулж явна. Тэнд л би жүжигчний мэргэжлээр өвчилсөн. Тийм болохоор хүүхдүүдээ зураг авалтын талбайд дагуулж очдог болсон байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!