Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг нар Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Режеп Тайип Эрдоанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэх ёслолд оролцов.
Туркийн Ерөнхийлөгчийн Чанкаяа ордонд болсон уг ёслол дээр халаагаа өгч буй Ерөнхийлөгч А.Гүл, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар ард түмэндээ болон зочид, төлөөлөгчдөд хандаж үг хэлжээ.
Ёслолын дараах хүлээн авалтын үеэр сайд Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзаж баяр хүргэсэн байна.
Тус улсын Засгийн газраас олгохоор шийдсэн 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах, малын арьс, шир боловсруулах салбарт Туркийн хөрөнгө оруулалт, технологийг оруулах, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг сайд Д.Бат-Эрдэнэ хэлээд тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ..
Туркийн Ерөнхий сайдын орлогч Б.Арынч БНТУ-ын шинэ Ерөнхийлөгчид бүрэн эрх шилжүүлэх ёслолд оролцохоор ирсэн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон бие төлөөлөгчөө илгээсэн Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!