Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Популистуудын хүлээж байсан шиг зүйл болсонгүй

Б.Өнөртогтох
2014 оны 8 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Ам.долларын төгрөгтэй ха­рилцах ханш тогтмол өссөөр өнгөрсөн долоо хоногт 1900 төгрөг даваад байлаа. Ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж, зарим нэг эх орончид хэдийнэ мэдэгдэл гаргаж эхэлсэн юм. Ам.долларын хан­шийг өсгөсөн Засгийн газрыг огц­руулна, Монголбанктай ха­риуц­лага тооцно хэмээн хөөрч дав­хи­сан болохоос эдгээр эх орон­чид дунд шалтгаан нь юунаас бо­лов, яагаад бид ийм байдалд хүр­сэн бэ гэдгийг санаж сэрэх сө­хөөтэй хүн нэг ч байгаагүй. 

Бу­руу бодлого гаргалаа, мөнгө зээлж улсаа өрөнд өгөх гэж бай­на гэсэн популистуудын үг үйл­дэл болгоны ард эдийн засагт эрсдэл ирж байсан гэдгийг тэд тоо­цоогүй нь харамсалтай. Уул уур­хайн баялгаас эдийн засаг нь ха­раат болсон энэ үед хий хоосон улс­төржилт, улстөрчдийн, эх орончдын цээжээ дэлдсэн ха­риуц­лагагүй үг бүхэн хөрөнгө оруу­лагчдыг хулжааж байсан би­лээ. 2000 төгрөгт хүргэхийг нь хүлээсэн хэсэг хүртэл энэ зуур бий болж улстөржих сэдвээ үүгээр бэлтгээд байв.

Харамсалтай нь популис­туу­дын хүлээж байсан шиг зүйл болсонгүй. Ам.дол­ларын ханш мягмар гара­гаас эхлэн буурч арилжааны банк бо­лон валют арилжааны төвүүдэд да­руй 31 төгрөгөөр буурсан юм.

Ингэснээр 1905 төгрөгтэй тэн­цэж байсан ам.долларын ханш 1864 төгрөг болж, өчигдөр бүр 1861 төгрөг болж дахин буурлаа.  

Юанийн ханш 310 төгрөгтэй тэн­цэж байсан бол гурван төгрөгөөр буурч 307 төгрөгтэй тэнцлээ. Цааш­даа ч буурах эерэг төсөөлөл бай­гааг эдийн засагчид онцолж бай­сан юм. Одоо улс төр хийхгүй гэдэгт найдъя. Юунаас болж буу­рав, энэ нь хөөсөрсөн бууралт биш биз гэж хардах хэсэг мэдээж гар­на. 

Зарим нэг улс төрийн хэ­нээтнүүд БНХАУ-ын даргаас өр зээл тавих нь тодорхой бол­чи­хож, тэгээд бууруулж байна хэ­мээн улстөржих нь тодорхой. Тий­мээс ам.долларын ханш буурч байгаа шалтгааныг тодруу­ла­хаар эдийн засагчид руу утас цо­хилоо. Тэдний хувьд энэ бол эх­лэл төдий бууралт гэдгийг хэлж байсан юм. Цаашдаа буурах нөх­цөл байгаа ч улстөржилтийн хар гай ийм нөхцөл байдал руу хүргэх эсэхэд эргэлзэж байгаа аж.

Валютын ханш ийн буурч буйн шалтгааныг эдийн засагчид гадаад худалдааны алдагдал буур­сантай холбон тайлбарлаж бай­на. Тухайлбал, улсын гадаад ху­далдааны алдагдал жил бүхэн 1.2 орчим ам.доллар байсан бол өнөө жил 200 сая ам.доллар болж огцом буурсан нь нэг шалтгаан гэж тодорхойлж байгаа юм. 

Нөгөө талаар өнгөрсөн долдугаар сард гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарч төгрөгийн валюттай харилцах ханшид эерэгээр нө­лөөл­жээ. Мөн Хөгжлийн банк их хэмжээний валютыг зах зээлд ний­лүүлсэн нь 30-50 төгрөгийн бууралтад нөлөөлсөн хэмээн тайлбарласан юм.

Тэгэхээр энэ мэтээр эдийн засагт гол нөлөө үзүүлэх валютын ханшийг сул­руулах эдийн засгийн хө­шүүр­гүүдийг шат дараатай хийж чад­вал өнөөдрийн толгойн өвчин бол­сон төгрөгийн ханш суларсан асуу­дал, валютын ханшийн ог­цом өсөлтөөс ангижирч чадах нь ээ. Тэдгээр эдийн засгийн хөшүүр­гүүд юу вэ.

Оюутолгойгоо урагшлуулъя

 

 
-Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол Оюутолгой. Эдийн засаг нь уул уурхайгаас ха­­мааралтай учраас энэ ордын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл өн­гөр­­сөн хэдэн саруудад манай эдийн засгийг хангалттай сөх­рүүл­лээ. Арайхийн ойлголцолд хүрч асуудал нааштай болох нь уу гэхээр популизм хийсэн хэ­сэг энэ ордын хувь заяагаар орол­дож тэр хэрээр Монголын эдийн за­сагт ар араасаа цохилтууд ирж байв. Тэгэхээр өнөөдрийн нөх­цөл байдалд ордыг хөдөлгөөнд оруулж, ойлголцолд хүрэх асуудал чу­хал байна. 

Ингэснээр валютын ханш 1700 хүрэх ч магадлал өн­дөр. Цаашлаад 53 хувиас долоон хувь хүртлээ доройтчихоод бай­гаа Гадаадын шууд хөрөнө оруу­лалт огцом нэмэгдэх билээ. Да­­ваа га­рагт Засгийн газар, Оюу­­тол­гой компанитай өмнөд бү­­сийг ца­хилгаан эрчим хүчээр хан­­гах тө­сөлд гарын үсэг зурж, энэ­­хүү төслийг хэрэгжүүлэх хү­сэл­тэй гадны компаниуд өр­гөд­лөө өгч эхэлсэн нь гадны хө­рөнгө оруу­лагчдад маш чухал эерэг мессеж бол­лоо. Ингэснээр Оюу­толгойн ит­гэлц­лэлийг дагаад хө­рөнгө оруу­лаг­чид орж ирэх таа­маг тун өндөр бай­на. 

Лицензүүдийн гүйцэтгэх үүрэг төдийлөн бага биш
 
-УИХ-аас хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулснаар 106 лицензийг эргэн сэргээхээр бол­сон билээ. Зуны гурван сард эд­гээр лицензийн эзэд болох га­даад, дотоодын хөрөнгө оруу­лаг­чид эдийн засгийг хөл дээр нь босгох талаар яригдсан нь үнэнээс хол зөрөхгүй.

Энэ намар эргэж сэргээх эдгээр ли­цензүүдийг дагаад Монголын эдийн засагт чамлахааргүй мөн­гө эргэлдэнэ гэдгийг эдийн засаг­чид онцолж байгаа.

Ямартай ч энэ намар эргэж сэргээх эдгээр ли­цензүүдийг дагаад Монголын эдийн засагт чамлахааргүй мөн­гө эргэлдэнэ гэдгийг эдийн засаг­чид онцолж байгаа. Хамгийн багадаа л 500 сая ам.доллар Мон­голын эдийн засагт орж ирснээр ва­лютын ханш мөн л доошлох магадлал өндөр байна. Үүний нөлөөлөл эерэгээр тусах учраас хуулиар боомилогдож байсан ли­цензүүдийг даруйхан сэргээж, боо­милж байгаа хөрөнгө оруулал­таа цэгцлэх шаардлагатай байна. 

Хуулиа өөрчилвөл 250-иар буух шаанс бий 

-2012 онд нэг тэрбум гаруй ам.дол­ларын олборлолт хийж байсан нүүрсний сал­бар өнөөд­рийн байдлаар их хэм­жээний ал­дагдалтай бай­гаа. “Эрдэнэс Та­вантолгой” ком­па­нийн Чалькод тө­лөх өр дуу­саагүй. Газрын тосны хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг хуулиуд батлагдсан ч үр дүн нь төдийлөн их биш байна.

Тавантолгойн ордоо өрнөөс сал­гаж, эдийн засагт хөрөнгө оруу­лалт хийх нөхцөл бололцоог хан­гахын тулд бидэнд нэлээдгүй цаг хугацаа хэрэгтэй бололтой. Тэр болтол мэ­дээж багагүй цаг хугацаа зарцуулна. 2012 онд хүрч байсан шиг нүүрсний борлуулалтаа дээд цэгт нь хүргэж, тэндээс эдийн засгаа тэжээх магадлал төдийлөн өндөр хувь эзлэхгүй байгаа юм. 

Тэгэхээр долларын ханшийг буу­руулах нэг гарц нь Өрийн удирд­лагын хуулиа өөрчлөх асуудал бо­лоод байна. БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх нь гэсэн яриа сүүлийн үед эр­чим­тэй тархав. Гэхдээ тийм бо­ломж байхгүй. Засгийн газраа барь­­цаалж өр тавих хэмжээ нь Чингис, Самурай бондоор хяз­гаарлагдаж, ДНБ-ий 40 хувьд хүр­чихсэн учраас Н.Алтанхуягт шаанс гарах­гүй.

Сү.Батболд шиг нүүрсээ барь­цаалж ширээн доо­гуураа гэ­рээ хийхгүй л бол Зас­гийн га­зар дахин бонд гаргах боломж­гүй юм. Тиймээс хаа хаанаа ха­рилцан ойлголцолд хүрч өрийн хэм­жээгээ нэмэгдүүлж чадвал валютын ханш хамгийн багадаа л 250 төгрөгөөр буу­рах таамаглал байгааг эдийн засагчид хэлж байна. 

Тэгэхээр улс­төрчид нь өрөнд баригдлаа хэмээн улстөржих бус хэмжээгээ нэмэгдүүлж, үйлд­вэр, барилга, хөдөө аж ахуйн сал­барт үр дүн­тэй зарцуулж чад­вал хямралаас нэг их толгой өвдөх­гүйгээр гарч чадах нь ээ. Долоон хувь болт­лоо доройтсон гадны хөрөнгө оруу­лалт, 200 гаруйхан сая төгрөг эдийн засагт оруулж байгаа нүүрс­ний борлуулалт эргэж хэ­зээ хэвийн байдалдаа орохыг мэдэх­гүй, дэмий хүлээж цаг алдаж сууснаас илүү үр дүн­тэй хямралаас салах арга нь энэ л байна.

Гэхдээ бонд нэмж босгохдоо зам руу оруулж юу ч биш болгохгүй байх нь улс­төрчдийн ойлголцлын асуудал. Хэр­вээ Чингис бондыг зам руу биш, үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт зарцуулсан бол бид ингэтлээ аргаа барахгүй байсан гэдгийг эргэн нэг сануулъя.

Зураг