Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Айлчлалын чимээ ам.долларын ханшинд нөлөөлөв үү...

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ам.долларын албан ханш сүүлийн таван өдөр тасралтгүй буусаар албан ханш 1859.45 төгрөг болоод байна. Тодруулбал долларын ханш сүүлийн таван өдөр 38 төгрөгөөр буулаа. 

Ханш бууж байгаа шалтгааныг олон янзаар тайлбарлаж байна. 


Төв банкны зүгээс тогтмол хийдэг гадаад валютын дуудлага худалдаагаа хийсээр байгаа юм. Мягмар, пүрэв гаригт болдог энэхүү валютын дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Өчигдөр хийгдсэн дуудлага худалдаагаар банкууд 25.0 сая ам.доллар худалдаж авах, 3.3 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1855.75 хаалтын ханшаар 20.6 сая ам.доллар худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ. 

Мөн банкууд 40.0 сая юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, 304.20 хаалтын ханшаар 40.0 сая юань худалдсан байна. 

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ. 


Ханшийн график /Монгол банк/

Долоо хоногт хоёр удаа болдог энэхүү дуудлага худалдаа төгрөгийн ханшийн сулралтад төдийлөн сайн нөлөөлөл үзүүлж чадахгүй байсан. Харин сүүлийн өдрүүдэд төгрөг чангарах болсон шалтгааныг Хөгжлийн банкнаас зах зээлд их хэмжээний ам.доллар нийлүүлсэн гэх мэдээллийг зарим хэвлэл цацлаа. 

Хэдийгээр манай улсын гадаад худалдааны алдагдал буурч экспорт нэмэгдэж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээс 70 орчим хувиар буурсан учраас валютын орох урсгалын дутагдалд ороод байгаа билээ. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжраагүй нөхцөлд  төгрөгийн ханш чангарч байгаа нь зах зээлд их хэмжээний валют нийлүүлэгдсэн эсвэл ирж буй хөрш орнуудын айлчлалын мэдээлэлтэй холбож тайлбарлаж болох талтай. 

Жишээ нь, БНХАУ-ын даргын айлчлалын үеэр манай улс их хэмжээний хөнгөлөлттэй зээл авна гэх яриа ханшид нөлөөлсөн байх магадлалтай. Хэдийгээр албаны хүмүүс их хэмжээний хөнгөлөлттэй зээл авах асуудлыг батлаагүй ч ямар ч байсан уул уурхайн тодруулбал нүүрснээс хий гаргах төслийг Хятадын СИНОПЕК корпорацитай хамтран эхлүүлэх тухай энэ айлчлалаар яригдах нь тодорхой болоод байна.

Тус төслийн нийт өртөг 30 орчим тэрбум ам.доллар бөгөөд төслийг эхлүүлэхэд хоёроос гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. 

Манай эдийн засгийг томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөр эхлэхэд л хурдан сэргэдэг онцлогтой зах зээл гэж эдийн засагчид үздэг. Тэгэхээр энэ мэт төсөл хөтөлбөр эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах шалтгаан болохыг үгүйсгэхгүй юм. 

Нөгөөтэйгүүр УИХ-ын намрын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталж чадвал манай эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал эрс сайжрах боломжтойг эдийн засагчид хэлсээр байна. 

Тухайлбал Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч М.Болд "ДНБ-тэй харьцуулах гадаад өрийн одоогийн 40 хувийг дээшлүүлж өндөр тогтоох тусам Монгол улсад орж ирэх валютын зээл, хөрөнгийн урсгал нэмэгдэнэ. Мөн богино хугацаанд зах зээл дээр итгэл нэмэгдэж төгрөг чангарна.  Түүнчлэн төгрөгийн чангаралт мэдэгдэхүйц их байх болно. Мэдээж хэрэг энэ замаар орж ирэх гадаадын зээлийн хөрөнгийг ашигтай төсөлд зарцуулах нь хамгийн чухал" гэлээ.