Ам.долларын албан ханш 1886.67 төгрөгтэй тэнцээд байгаа билээ. Төгрөгийн ханшийг чангаруулахын тулд гадаад валютын орох урсгалыг нэмэх шаардлагатай талаар эдийн засагчид хэлсээр байна.
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх, экспортыг нэмэгдүүлэх, зээл авах гэсэн үндсэн аргууд бий.
Монгол улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оны эхний хагас жилийн байдлаар 380 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 70 хувь буурсан үзүүлэлт болоод байна. Хууль, эрх зүйн орчноо сайжруулсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт санасан хэмжээнд хүртэл сэргэж чадахгүй байгаа учраас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх тал дээр эрх баригчид, хувийн хэвшлүүд анхаарсаар байгаа ч дорвитой өөрчлөлт мөн л гарахгүй байна.
Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний орлого гэхэд эхний долоон сарын байдлаар 499 сая ам.доллар байна. Энэ нь 2012 оны эхний долоон сард гэхэд 1.1 тэрбум ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын орлого хоёр жилийн дотор 659 сая ам.доллараар буурчээ.
Хамгийн харамсалтай нь 499 сая ам.долларын орлого олсон ч үүний 267 сая ам.долларын төлбөрөө манай тал авч чадаагүй байна.
Нэгэнт гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом буураад байгаа учраас Монгол улс гадны улс орнуудаас зээл, тусламж авах асуудал анхаарлын төв сэдэв болоод байна.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд Өрийн удирдлагын тухай хуулийг батлах тухай тусгагдсан. Энэ хуулийн төсөлд Монгол улсын өрийн хэмжээг ДНБ-ын 40 хувьтай тэнцэнэ гэдгийг 70 хүртэл хувьд хүргэж зээл авах боломжийг нээх талаар ГУРВАН эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.
Тэдэнд тавьсан эхний асуулт:
"Өрийн удирдлагын тухай хууль батлагдаж чадвал төгрөгийн ханш чангарах боломж бүрдэх үү. Бүрдлээ гэхэд ямар хэмжээгээр ам.долларын ханш буух вэ?"
Энэ талаар Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч М.Болд:

"ДНБ-тэй харьцуулах гадаад өрийн одоогийн 40 хувийг дээшлүүлж өндөр тогтоох тусам Монгол улсад орж ирэх валютын зээл, хөрөнгийн урсгал нэмэгдэнэ.
Хувийг өндөр тогтоох тусам богино хугацаанд зах зээл дээр итгэл нэмэгдэж төгрөг чангарна.
Хувийг өндөр тогтоох тусам төгрөгийн чангаралт мэдэгдэхүйц их байх болно.
Мэдээж хэрэг энэ замаар орж ирэх гадаадын зээлийн хөрөнгийг ашигтай төсөлд зарцуулах нь хамгийн чухал.
- Танд ханш төд болно гэсэн таамаглал байна уу?
- Ханш хэд болохыг бурхан ч мэдэхгүй шүү дээ.
Санхүүч Ө.Ганзориг:

"Эдийн засгийг хямраахгүйн тулд зээл авахаас өөр арга байхгүй. 2009 онд ч бид зээл авч л байсан шүү дээ.Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ингэж сулрах нь гадаадын хөрөнгө оруулагчдад ашиггүй байдаг.
Яагаад гэхээр тэд доллараар хөрөнгө оруулалт хийгээд ашгаа гадагшлуулахдаа төгрөгөө доллар болгох хэрэгтэй болдог. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид танай төгрөгийн ханш ийм тогтворгүй байгаа нь биднийг эмээх байдалд хүргэж байна гэж хэлдэг.
Ер нь дэлхийн хөгжингүй орнуудын түүхийг ч харахад зээл авалгүйгээр хөгжсөн орон ховор шүү дээ. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд бид энэ өр гэдэг зүйлээс айж, бэмбэгнэж явсаар нэг ч сайн хүнд үйлдвэртэй болж чадаагүй л байна. Боловсрол, эрүүл мэндийн салбартаа ч ямар ч хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж чанартай бололвсролын систем, сайн эмнэлэгийн үйлчилгээ авмаар байгаа бол ердөө л мөнгө хэрэгтэй шүү дээ. Мөнгө байхгүй учраас тэр MRI аппаратыг бид авч чадахгүй байна. Тэгэхээр энэ мөнгө чинь Монголд хатуу валютаар буюу ам.доллараар л орж ирдэг учраас бид зээл авах хэрэгтэй. Харин авсан зээлээ үйлдвэр барих буюу эргээд доллар бий болгох зэрэг томоохон төсөлд хөрөнгө оруулах ёстой.
21 настай маш гоё санаатай залууд мөнгө байхгүй бол тэр хэзээ ч корпораци байгуулж чадахгүй биз дээ. Маш сайн төсөл бичээд түүндээ таарсан зээл, хөрөнгө оруулалт авч байж л амжилтанд хүрэх шат тавигддагтай л адил шүү дээ.
- Монгол улс нэгдсэн Өрийн удирдлагатай болж улмаар 40 хувийг 70 болгох асуудал батлагдвал төгрөг яг ямар хэмжээгээр чангарах бол?
- Одоогийн ханш өөрөө дотоодын зах зээлд ч гадаадын хөрөнгө оруулагчдад хүнд тусч байна. Хэрвээ энэ хууль батлагдвал төгрөг нэлээд хувиар чангарах байх.
Ам.доллар 1500-1600 гэдэг ханшин дээр ирвэл одоогийн энэ бодит сөрөг нөлөөлөл багасах болов уу.
Улаанбаатар банкны ТУЗ-ийн гишүүн Д.Батжаргал:

"Өрийн таазыг 40-70 хувьд хүргэх асуудлыг олон нийт янз бүрээр харж байгаа байх. Хэрвээ Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал богино хугацаанд л бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл авах боломжтой болно гэсэн үг. Гол нь нэмж авах зээлийг үйлдвэр байгуулах, экспорт нэмэгдүүлэх төсөлд л зарцуулах хэрэгтэй.
Мөн энэ хууль батлагдвал зах зээл дэх зохиомол эрэлтүүд багасах нь ойлгомжтой.
Өрийн таазыг 70 хувь болголоо гэхэд 70-д тултал нь зээл авна гэсэн үг биш шүү дээ. Манай улсад шинээр гадаадын зээл авах боломж л бүрдэх юм.
Төгрөг ч гадаадын валютын орох урсгалыг дагаж чангарах нь ойлгомжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!