Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Монгол-Өрнөдийн харилцааны асуудлаар судалгаа хийж ирсний хувьд энэхүү үйл явдлын ач холбогдлыг эргэн сөхвөл ямар вэ?
-Олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ эрчээ авч байсан цаг дор 1989 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улс ЕЭЗХН-тэй дипломат харилцаа тогтоожээ. Гадаад, дотоод орчны өөрчлөлтийн үйл явцтай холбогдон 1980-аад оны сүүлчээс Монгол Улсын гадаад харилцааны салбарт томоохон дутагдал оршиж байгааг эрх баригч МАХН анх удаа хүлээн зөвшөөрч, өөрийн бодлого, байр суурийг хурц шүүмжилж эхэлсэн. Үүнд нэгд, улс орны дотоод амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаад харилцааны өргөн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа.
Хоёрт, гадаад улс төр, гадаад эдийн засгийн бодлогын харилцан шүтэлцээ, цогц байдлыг зөв хослуулах. Гуравт, олон улсын байдал болон гадаад харилцааны асуудалд нарийн судалгаа, дүн шинжилгээтэй хандах явдал дутагдалтай, голдуу тунхаглах, лоозогнох шинжтэй байгааг шүүмжлээд үзэл суртал, бусад ялгааг шалтаг болохгүйгээр өндөр хөгжилтэй Өрнөдийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх нь цаг үеийн бодит байдалд нийцсэн олон улсын харилцааны ирээдүйтэй хандлага болсныг цохон тэмдэглэсэн байдаг. Дипломат яриа хэлэлцээ 1988 оны сүүлчээс Лондонд эхэлж, Бээжин хотноо үргэлжилж, ийнхүү бодит биеллээ олсон байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогод гарсан шинэ зүйл байснаараа чухал ач холбогдолтой байв.
-Монгол Улсын гадаад бодлогод гуравдагч хөршийн тухай их ярьдаг. Үүнд Европын Холбоо (ЕХ) ямар байр суурь эзэлдэг вэ?
-1990-ээд оны эхнээс Монгол Улсын гадаад бодлогод “гуравдагч хөрш”, “гуравдагч хөрш”-ийн бодлогын үзэл санаа буй болж, эдүгээ тухайлсан төрийн бодлого хийгээд онол-практикийн түвшний судалгааны шинэ чиглэл болсон. Зарим судлаачид “гуравдагч хөрш” гэж байхгүй, хөрш гэдэг нь хаяа дэрэлсэн байх ёстой. Харин “гуравдагч түнш” гэж байж болох юм хэмээн мэтгэлцдэг.
Уг нь энэхүү бодлогын логик нь “гуравдагч хөрш”-ийн тухайд бодлого явуулж, харин тэрхүү бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудал л байгаа юм. Зарчмын цоо шинэ үүрэгтэй болсон мэдээлэл, харилцаа, холбооны технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан орон зай, цаг хугацаа, хөршийн тухай уламжлалт ойлголт улам бүр харилцан хамааралтай даяаршсан эдүгээ үед үндсээрээ шинэчлэгдсэн гэдгийг энд тэмдэглэх ёстой. Сайн хөршийн харилцааны тухайд түүнийг заавал айл зэргэлдээ гэхгүй алс холын аль ч оронтой тогтоож болно. Энэ утгаараа хөрш нь хаяа нийлсэн хэдэн ч орон байж болох бөгөөд харин хил залгаагүй хөршөө бол сонгож болно.
2010 онд шинэчлэн батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэсэн байдаг.
Харин 2011 онд шинэчлэн батлагдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “АНУ, Япон, Европын Холбоо... зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр анх удаа бодлогын хэмжээнд тус тус заасан. Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш”-тэй байж, тэднийг тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн хүчин зүйл болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Ерөнхий хороо түүний нөлөө бүхий гишүүн орнууд Монгол Улсын “гуравдагч хөрш” юм.
-’”Гуравдагч хөрш”-ийн бодлогыг цаг үеийн шалгуур даасангүй, нуран уналаа гэж зарим нь шүүмжилдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-“Гуравдагч хөрш”-бодлогын хүрээнд Өрнө, Дорны хөгжингүй орнуудын Монгол дахь эдийн засгийн бодит сонирхолыг буй болгох чиг шугам тодорхой сорилтуудтай тулгарч байгаа нь үнэн. Тухайлбал Лондонд бүртгэлтэй АНУ-ын “Soko International PLC” компани Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул үнэлгээний ажил явуулахаар Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ч тодорхой үр дүнд хүрсний дараа ашиглалтын лицензийг 2005 онд Хятадын төрийн өмчийн “Петро Чайна Дачин Тамсаг [Монгол]” компанид худалдсан.
Цаашилбал Канадын Ванкоувер хотноо бүртгэлтэй “Western Prospector Group Ltd”, мөн Торонто хотод бүртгэлтэй “Khan Resoures Inc.” Торонто, Нью-Йоркт бүртгэлтэй “SouthGobi Resourses Ltd” (толгой компани нь “Turquoise Hill Resources Ltd” буюу хуучнаар “Ivanhoe Mines Ltd”)-HftH салбар компани болох British Virginia-д бүртгэлтэй “SouthGobi Sands LLC”, Лондон, Мельбурн хотноо бүртгэлтэй Британи-Австралийн үндэстэн дамнасан корпораци “Rio Tinto Group’’-ын явуулж буй үйл ажиллагааг энд тэмдэглэх хэрэгтэй.
Гэхдээ зарим улс төрчийн хэлж байгаагаар дээрх баримт нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-бодлогын нуралт биш бөгөөд “гуравдагч хөрш”-бодлогын улс төрийн чиглэл нь тодорхойлогч шинжтэй гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “гуравдагч хөрш”-ийн бодлого бол улс төрийн чиг шугам юм
-Монгол, Ерөнхий хорооны хамтын ажиллагааг зохицуулж буй эрхзүйн ямар баримт бичиг байна вэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайд Л.Болд, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хуралд оролцсон. Энэ үеэр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий хорооны Гадаад бодлого, Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай К.Аштон нар “Түншлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээр (ТХАХ)-т Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. ТХАХ бол Монгол Улс, Европын Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх газрын зураг болж байгаа юм. Энэ бол зөвхөн ЕХ-той төдийгүй, Монгол Улс ЕХ-нд багтаж байгаа 28 улстай иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцаатай болж байгаагаараа онцгой чухал ач холбогдолтой юм.
-Өнөөдөр Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагаа ямар төвшинд хүрэв, ойрыи төлөв байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-1991-2008 онд хандивлагдчаас Монгол Улс буцалтгүй тусламжаар 1.8 тэрбум ам. доллар авч ашигласны 455 сая ам. доллар нь ЕХ, түүний гишүүн орнуудад ногдож, нийт тусламжийн 24 хувийг эзэлж байв. ЕХ нь Монгол Улсын хувьд хоёр хөршийн дараах худалдааны гуравдагч түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна. 2012 онд Монгол, ЕХ-ны худалдааны эргэлт 770 сая ам. долларт хүрч, хөрөнгө оруулалтаараа Хятад улсын дараа орж байсан.
ЕХ-ны Монгол Улс-тай харилцах 2011-2013 оны Дунд хугацааны баримжаалсан хөтөлбөрөө баталж, үүнд Монгол Улсад дээрх хугацаанд нийт 15 сая еврогийн тусламж үзүүлэх, үүнээс долоон сая еврог хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн боловсролын тогтолцоог дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэхээр болсон. Энэ нь өмнөх хөтөлбөрөөс 40 хувиар нэмэгдсэн хэрэг байв. ЕХ-ны түгээмэл стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх, 2007-2010 оны хөтөлбөрийн санхүүжилтээс үлдсэн дөрвөн сая еврог Еврокомисс Монгол Улсын ЖДҮ-ийн дэмжих, түүнчлэн хүнсний аюулгүй байдалд зориулан хоёр сая еврогийн төсөл хэрэгжүүлжээ. Хамтарсан Хорооны 13 дугаар хуралдааны гол үр дүн нь ЕХ-ны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, дурьдсан чиглэлд 2011-2013 онд найман сая еврогийн санхүүжилт хийсэн байдаг.
-Манай улс ЕХ-ны хөнгөлөлтийн шинэ системийг (GSP+) гурав гурван жилээр хэрэгжүүлж байгаа.
Европарламент болон ЕХ-ны Зөвлөл 2013 оны дараах Нэмэлт шинэ GSP схемд хамрагдах орны тоог бараг хоёр дахин багасгаж байгаа боловч Монгол Улс шинэ схемд үргэлжлэн багтаж байгаа.
Одоо тун удахгүй “Тогтвортой өсөлтийн төлөөх хариуцлагатай түншлэл” сэдвээр аравдугаар сард Италийн Милан хотноо АСЕМ-X дээд уулзалт зохион байгуулагдах бөгөөд 2016 онд АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!