Украйны зүүн хэсгийн нутагт энэ сарын 17-ны өдөр Амстердамаас Куала-Лумпур хотыг чиглэн нисч явсан MH17 нислэгийн дугаартай онгоц сүйрсэн билээ.
Уг онгоцонд зорчиж явсан иргэд бүгд амиа алдсан юм. Одоогийн байдлаар тэдгээр иргэдийн 227 шарилыг Голландад хүргээд байгаа билээ.
Тус хэргийн газар нь салан тусгаарлагчдын хяналтад байдаг бүс.
Түүнчлэн Засгийн газар, салан тусгаарлагчдын хооронд ширүүн дайн үргэлжилж аюулгүй нэвтэрч, шалгалт явуулахад хүндрэлтэй байгаа учир олон улсын судалгааны багийнхан хэргийн газарт одоо болтол нэвтэрч чадахгүй байсаар байна.
Украйны үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч салан тусгаарлагчдын хяналтад буй Донецк, Луганск гэсэн зүүн хэсгийн төв хотуудыг эзлэн авч, дайралтуудаа идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд зүүн хэсгийн 10 хотыг Засгийн газрын мэдэлд эргүүлэн аваад байгаа нь тодорхой болсон юм.
Мөн Украйны арми салан тусгаарлагчдад хүн хүч, зэр зэвсгийн нэмэлт тусламж авах Донецк рүү орох бүх замыг хаасан аж. Дотоодын зөрчилдөөн ийнхүү үргэлжилсээр байгаа нь МН17 онгоцны сүйрлийн жинхэнэ эзнийг тодруулах ажлыг удаашруулж, хүлээлт үүсгээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!