Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Гараас гар”-т үйлчилгээ нийслэлээс гадна таван аймагт хэрэгжиж байна

Б.Жаргал, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

УБЕГ-аас “Гараас гарт” үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Гэвч иргэд энэ талаар хангалттай мэдээлэлгүй байгаа юм. Тиймээс энэ талаар УБЕГ-ын Иргэний бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Т.Булгантамираас тодрууллаа.

-Гадаад паспортыг хаягаар хүргэж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон. Гэвч энэ талаар иргэд хангалттай мэдээлэлгүй байна?

-Улсын бүртгэлийн үйл­чил­гээг иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор УБЕГ, Монгол шуудан компанитай хамтарч үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дам­жуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Иргэний баримт бичгийг гараас гарт хүргэх үйлчилгээ нь нийслэлийн бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хүргэгдэж байгаа.

Харин орон нутагт 48 цагийн дотор хаяг, байршлаар нь хүргэх юм. Монгол шуудан компанийн  Ezpost  нь шуудангийн уламжлалт үйлчилгээний чанарыг сайж­руулж, олон улсын буухиа шуу­данг гэр, албан байгууллагын хаягаар дуудлагаар очиж хүлээн авч, хэрэглэгчийн   цаг хугацааг хэмнэх зорилготой шинэ үйлчилгээ юм.

-Одоогийн байдлаар энэхүү үйлчилгээг хэдэн аймагт нэвт­рүүлээд байна вэ. Үйлчил­гээ­ний хураамж хэдэн төгрөг вэ?

-Үйлчилгээний хураамж Улаанбаатар хотод  3500 төгрөг,  хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь зэрэг аймагт 5500 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд нэмж төлөх юм.

Тухайн иргэн гадаад паспорт захиалчихаад өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сон­госон бол  үндсэн үнийн дүн дээр хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ төгрөгийн үндсэн хураамж дээр  хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлнө гэсэн үг юм. 

-Хэрэв хүргэлт саатсан тохиолдолд хаана хандах вэ?

-Энэ тохиолдолд шуудан лавлах буюу 1800-1613, Монгол шуудан компанийн 70078920, 70078913 тоот утсаар лавлах боломжтой юм. Үүнээс гадна  www.mongolpost.mn гэсэн вэб хуудсаар мэдээллээ шалгах боломжтой. 

-Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнээд зогсохгүй УБЕГ-ын ачааллыг ч хөнгөлж байгаа байх. Цаашид ямар үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна вэ? 

-Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг Монгол шуудан компанийн үйлчилгээгээр  иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх болсонд үйлч­лүүлэгчдийн зүгээс ам сайтай байгаа.

Үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг Монгол шуудан компанийн үйлчилгээгээр  иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөж байна.

Гадаад паспортыг заавал өөрийн биеэр захиалах боловч авахын тулд ажил, цагаа бараад байх шаардлагагүй болсонд үүний давуу тал болж байгаа юм. Түүнээс гадна УБЕГ-ын ажлын ачааллыг 50 хувиар бууруулсан. 

-УБЕГ-аас “Иргэдийн мэ­дээллийн цаг”-ийг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УБЕГ-аас иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хү­рээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр  бүрдүүлэх мате­риал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор  нийслэлийн зургаан дүүрэгт энэхүү өдөрлөгийг тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж байгаа. Тухайлбал, энэ сарын 21-нд Чингэлтэй, 22-нд Сүхбаатар дүүрэгт зохион байгуулсан.

Энэ мэтчилэн хуваарийн дагуу тухайн дүүргийн иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон ТББ, худалдааны төв, ЕБС, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр иргэдэд зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан,  самбар ажиллуулж, гарын авлага тараах, санал, хүсэлтийг хүлээн авч ажиллах юм.

Цаашид УБЕГ-аас  иргэдэд улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй хол­богдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Зураг