Өчигдөр Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Сатья Наделла маш том өөрчлөлт хийх болсноо зарлалаа.
Түүний төлөвлөгөө ёсоор Microsoft нийтдээ 18 мянган ажилтнаа цомхотгох болжээ. Энэ ажиллагаа нь зургаан сарын хугацаанд хэрэгжих ба өнөөдөр шууд 13 мянга нь ажлын байраа орхих ажээ.
Мөн худалдаж аваад удаагүй байгаа гар утасны Nokia компаний 12,500 ажилтан үүнд хамрагдаж байгаа гэнэ.
Энэ өөрчлөлт нь бизнесийн стратегийн өөрчлөлтийг дагаж байгаа ажээ.
Тухайлбал Nokia-г тэд гар утасны үйлдвэрлэгчээс илүү программ хангамжийн чиглэлээр хөгжүүлэхээр болсон байна. Саяхан Nokia нь Андройд системтэй утас анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бол түүнийг нь зогсоож бүрэн Windows үйлдлийн систем дээр төвлөрөхөөр болжээ.
Мөн Xbox терминалынхаа Энтертайнмент үйлчилгээнүүдийг бүгдийг зогсоож зөвхөн тоглоом дээр төвлөрөх шийдвэр гарчээ.
Энэ өөрчлөлт нь Microsoft корпорацийн төдийгүй бизнесийн ертөнцийн түүхэнд томд орох доргилт болж байгаа юм.
Зарим шинжээчид Наделлаг өмнөх CEO Стив Балмерын бий болгосон балгийг цэвэрлэж байгаа нь энэ гэсэн тайлбар хийж байна.
Мөн саяхан Apple, IBM компаниуд хамтрах болсноо зарласан нь PC-ийн эрин үеийн төгсгөл ирж байгаагийн баталгаа ч гэж дүгнэж байгаа. Учир нь Microsoft Windows нь персональ компьютерын ертөнцөд хаанчилдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!