Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft-ын шинэ CEO Сатъя Наделлагийн тухай 10 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Microsoft компани шинэ CEO болох хүнээ зарласан нь нэлээд шуугиан тарьсан билээ. Наделла нь Энэтхэг хүн бас инженер гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Ингээд түүний тухай хүмүүсийн тэр бүр мэдэхгүй 10 баримтыг дэлгэж байна.

  1. Энэтхэгийн Хайдерабад хотоос гаралтай Наделла бусад нутаг нэгтнүүдийнхээ адил крикетын хорхойтон. Дунд сургуульд байхаасаа дурлах болсон энэ тоглоом нь түүнд багаар ажиллах, бусдыг манлайлах арга барил зааж өгсөн гэж үздэг.
  2. Тэр дунд сургуулийн найз охинтойгоо гэрлэсэн. 80-аад оны үед дунд сургуульд хамт сурч байсан Анупума бүсгүйтэй 22 жил хамт амьдарч байгаа ба тэд гурван хүүхэдтэй.
  3. Тэр Seahawks багийн дэмжигч. Super Bowl болсны дараа тэр Seahawks багийнханд болон багийн эзэн Пол Алленд твиттерээр мэндчилгээ хүргэсэн. Пол Аллен нь Microsoft-ыг үндэслэгчдийн нэг билээ. Энэ мэндчилгээндээ Наделла багийн логотой цамц өмссөн байв.
  4. Тэр чөлөөт цагаараа онлайнаар суралцдаг. Тэр маш их ном уншдаг, мөн олон тооны онлайн сургалтуудад бүртгүүлсэн байдаг гэнэ. Наделла өөрийгөө насаараа суралцагч гэж тодорхойлжээ.
  5. Наделла яруу найрагт дуртай. Тэр яруу найргийг программын код бичихтэй зүйрлэдэг. Шүлэг, яруу найрагт маш олон өгүүлбэрээр илэрхийлэх санааг товч, уран сайхнаар өгүүлдэг. Тэгвэл программын код бичих нь түүнтэй ижил байх ёстой гэж үздэг байна.
  6. Тэр амттанд дурлагч. Хэдийгээр тэр амттанд дурлагч ч гэсэн байнгийн гүйх дэглэмтэй тул биеийн жингээ хэвийн хэмжээнд хадгалж чаддаг гэжээ.
  7. Тэр нууцлаг нэгэн. Хэдийгээр Наделла Твиттерт 111,000 дагагчтай боловч 2009 оноос хойш ердөө 27 удаа жиргэсэн. Хувийн амьдралаа огт дэлгээд байдаггүй дотогшоо хүн юм байна.
  8. Тэр өндөр боловсролтой. Анх тэрээр Энэтхэгийн Мангалорын Их сургуулийг цахилгаан инженерээр төгссөн. Түүнийхээ дараа Висконсин-Милвукигийн Их сургуульд Компьютерын ухааны мастерт суралцсан байна. 1992 онд Чикагогийн Их сургуулийн MBA-д суралцаж байхад нь Мicrosoft-оос ажлын санал ирсэн гэнэ. Тэр аль нэгийг нь хаясангүй, хоёуланг нь зэрэгцүүлэх гэж багагүй хөдөлмөрлөсөн ажээ. Хичээлдээ суухаар Баасан гаригийн орой Чикаго руу нисээд, Даваа гаригт нь Редмонд дахь Microsoft-ын оффист ажилдаа ирдэг байжээ. Энэ хэцүү хуваариар тэр 2.5 жил явсан гэнэ.
  9. Тэр маш сайн ач хариулагч. Наделла Хайдерабадын дунд сургуулийн төгсөгч гэдэг утгаараа сургуулиа байнга дэмжиж ажилладаг. Microsoft компаний I-spark хөтөлбөрийг хамгийн анх нэвтрүүлж байжээ. Мөн Энэтхэгийн засгийн газартай уулзаж IT боловсролыг хөгжүүлэх талаар ярилцсан сурагтай.
  10. Тэр одоо Энэтхэг гаралтай хамгийн хүчирхэг бизнесмэнүүдийн нэг. Дэлхийд тэргүүлэгч технологийн компаний CEO болсноор тэр ийм алдарт хүрлээ. Түүнээс өмнө PepsiCo-ын CEO Индра Ноой Америкийн бизнесын оргилд хүрсэн анхны Энэтхэг хүнд тооцогдож байв. Тэгвэл одоо энэ жагсаалтанд Наделла орлоо.