Ц.Элбэгдорж: “Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье
10:18 2014/07/10
Чингисийн талбайд төрийн дуулал эгшиглэж Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандууллаа.
Далбааг мандуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж ёслолын жагсаал эхэлсэн юм.
Ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн болон Цагдаагийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Ерөнхийлөгч хэлэхдээ, "Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.
Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь ард түмэн, төр, улсын маань жинхэнэ бахархал билээ.
Монголын ард түмний Төрийн их баяр наадмын босгон дээр эрдэнийн соёмбот далбаагаа Алтай, Хангай, Говь, Тал нутгийнхаа халуун хээлэнд мандуулж, эх орноо батлан хамгаалах цэргээ жагсаан сүлд хийморио бадруулдаг нь Монголын төрт ёсны сайхан уламжлал болон тогтлоо. Энэ эрхэм ёслолыг Монгол төр зарлигаар тогтоож, хуулиар бататгасныг онцлон хэлэхэд таатай байна.
Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.
Өвөг дээдсээс үе дамжуулан өвлүүлсэн Төрийн алтан сүлд , тусгаар тогтнол, гал голомт, ариун дагшин газар шороо, эрдэнэт мал сүрэг, үндэсний их түүх соёл, хэл бичиг, үе үеийн эрдэмт иргэд, цэрэг эрсээ төрүүлэн бойжуулж, тэтгэн дэмжиж ирсэн манай ухаант ард түмний өлмий бат оршиг.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолынхоо баталгаа нь байж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлэх болно."
Монгол Төрийн сүр хүч мөнхөд оршин, Монгол Төрийн алтан соёмбот далбаа эгнэгт мандан намирах болтугай.
Монголын ард түмэн, монгол цэргийн цог хийморь улам бадартугай.
Та бүхэндээ Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! гэлээ.
Төрийн далбаагаа хүндэтгэх ёслол эхэллээ
Нийслэлийн төв Чингисийн талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал яг одоо болж байна. Парадад Ерөнхийлөгч оролцож үг хэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан билээ.
Уг зарлигт Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсан юм.
Харин 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш Монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

