ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Наадам наадмын дундаас манай сумынх хамгийн сайхан нь

П.Ядамдорж, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 9
Өдрийн шуудан
Зураг зураг

Наймдугаар ангид ордог жилийн зун юм уу даа. Ямар ч л байсан хурдны моринд хүнддэг болчихсон байсан үе.

Тэр зун манай нутагт нар хур хоёр хэлэлцээтэй юм шиг ээлжлээд цэцэг, эрвээхэй хоёртоо бялуурсан сайхан зун болов. Зуны эхэн cap дуусаагүй шахам байхад айлууд унага малаа барьчихсан айраг цагаагаа дундалж ядан, Талын гүний худаг тойрсон хэдэн саахалт айлууд бие биенийхээрээ ээлжлэн хуруудаж дэмбээдэн хултай айраг ёроолдоно.

Оройн саах нийлж байх үеэр баруунтайгаас бараан морьтой хүн айсуй. “Олгой” хэмээх Норжид гуай байна. Тэднийх хойшоо нэлээд зайдуу Тадай, Шархөвөөр нутаглаж байснаа наадам дөхөөд ойртож ирж байгаа дуулдсан. Өтгөн буурал хөмсөг, өөд уруугаа солбисон хөнхөрдүү нүднээс нь хүүхдүүд бид нэг л бишүүрхдэг байж билээ. Тэр үеийн хүүхдүүд өвгөдийнхөө харцаар л хүн болж төлөвшсөн санагддаг юм.

Манай аав /Бид аавыгаа Ажаа хэмээн дууддаг байв/ Норжид гуай болон “Лөгөө” Цэнд гээд тэр хавийн хэдэн айл маргаашаас нь уяа сойлгоо нэгтгэж морь малаа тарлах юм болж байгаа бололтой. Гэрт орж томчуудын яриа сонсох хориотой, хаяагаар л тэдний ярианаас ингэж ойлголоо.

Ганц усны нэрмэлд гайгүй сайн халамцсан өвгөн оройхон хэрд мордож одов. Эмээл дээрээ суугаагаараа цогиулж яваа өвгөний араас харахад ар шилэн дээрхи онгож гандсан бүрх малгай нь ойж бууж, хэлхгэр хүрэн дээлийнх хоёр суга ханзарчих вий гэмээр дэвж буй шувуу аятай харагдана.

Манай сумынхан наадам дөхөөд ирэхээрээ хөгшин залуугүй хөл нь хөнгөрчихдөг хүмүүс дээ. Маргааш нь л хэдэн саахалтын дунд хэц шон татаж, тэр хавийн хэдэн егзөр өвгөчүүл уяа сойлго дээр өнжиж, унаач хүүхдүүд шонгоо тойрон гийнгоолно. Говийн наран дор хурдны морь унана гэдэг амар ажил бас биш.

Талын гүний уяачдын галынхантай удалгүй манай нагацын талын үеэл ах Г.Бадамцэдэн /эдүгээ Улсын алдарт уяач/ “Магнай хар” тэргүүтэй хурдныхаа морьдтой ирж нэгдэв.

Аав маань тэр жил зөвхөн их насны нэг морио уралдуулахаар сойж байв. “Бүргэд хүрэн” хэмээх энэ ажнай манай унаган адуу биш, Их Шанх чигийн адуу л даа. Шанх гэдэг нь Цогтцэций сумын нутаг, зүүн тийшээ зүтгэж тогтсон цувраа хүрэн уулсын нэр. Шанх хэзээнээс хурдаараа алдартай. Одоо Говь Шанхын хурд гээд улсын чанартай уралдаан зохиодог болсон. Манай сумаас бол талдаа бараг 300 км хол газар.

Урьд жил нь аав маань Шанхаас хурдан угшилтай адуу авахаар гарч өгөв. Арав гаруй хоногийн дараа хэсэг адуу туусаар их л аяншиж ядарсан янзтай ирж байсан нь санагддаг юм. Нэг цавдир азарга, том биетэй өндөр халиун морь, дээр хэлсэн “Бүргэд хүрэн”, бас бус хэдэн бага адуу авчирч сүргээ сэлбэсэн юм даг. Тэгээд “Бүргэд хүрэн”-ээ анх удаа сойж байсан нь тэр.

Харин тэр том халиун морь уг нь гишгэдэл холтой, хурдлах янзтай хүлэг юм хэмээн нутгийн буурлууд шинжиж байсан ч дэндүү омголон догшин морь байв. Том халиуны нуруун дээр ааваас өөр хүн гараагүй байх. Том халиун нэг удаа гэнэт булгиад аавыг минь авч хаячихаад эмээлээ аван зуларсан юм. Энэ үеэр манайд сум багийн дарга нар байж таарав. Тэд метр авчирч том халиуны харайсан зайг хэмжээд толгой сэгсрэн шогширч байсныг бодоход тийм хол харайлттай морь байсан бололтой.

Манайх их, бага хоёр халиун морьтой. Бага халиун нь өөрийн унаган морь. Биеэр жижиг ч их цэвэрхэн, хөл хөнгөнтэй адуу. Хөдөөний хүүхдүүд бид наадмаар унасан мориороо л гоёно шүү дээ. Аав жижиг халиуныг барьж ирээд дэлийг нь сумлаад сайхан засчихаж. Наадмаар надад унуулна гэж байна. Би ч их баяртай, хөл хөнгөрөөд явчихаж байгаа юм.

Талын гүний галынхан морь малаа аваад, майхан хөсгөө базаагаад наадмаа зорилоо.

Сумын хойт дэнж дээр баг багийн наадамчид ирээд майхан хөсгөө босгочихож. Тэр үед манай суманд ямар цэнгэлдэх хүрээлэн гэж байсан биш, төвийн арын цэлгэр дэнж дээрээ асар майхан барьж сандал ширээ зассан харагдав.

Наадмын бөхчүүд гэж зодог шуудаг бүсэлсэн ханхар ханхар ах нар. Хөвгүүд л болсон хойно тэднийг дагаж баахан гүйлдэнэ. Манай багийн “Баян” Иш гэж сайхан буурал байх. Тэдний хүү улсын начин Ламаажав гэж ханхар том биетэй бөх байдаг байлаа. Начин маань улсын баяраар Улаанбаатарт ирж барилддаг болохоор аймаг, сумын цолтнууд л ар талд нь үзэж таарна.

Тэр жилийн наадамд манай Дэн багийн бөх, нутгийн ах аймгийн заан “Цэнхэр” хэмээх Б.Чимэддорж, миний нагацын талын эгчийн нөхөр аймгийн начин Л.Дашзэвгэ гээд дандаа л таньж мэдэх бөхчүүд маань дэвэн дэвсээр гарч ирэх нь үнэхээр сүрдмээр. Тэр үед түрүүлсэн бөхийг даагаар мялаадаг байсан юм уу даа, зэргэлдээ сумаас ногт ганзгалж ирсэн залуу нэгийн даваанд өвдөг шороодсон тухай шоглоом болгон ярьцгааж байсан юм даг. Тэр залуу бөх “Булганы дэнж булгичихгүй бол би түрүүлж таарна даа" хэмээн ам гарсныг сонссон аймгийн цолтон нэгийн даваанд амлаад хаячихсан нь тэр.

Сумын наадам тун ч элбэг дэлбэг сайхан болж байв. Наадмын хуушуур нь одооныхоор бол жинхэнэ ориг, мах өөх, хөмүүлтэй, гуриландаа багтаж ядсан том том.

Хүүхдүүдийн хувьд тэр наадмын хамгийн амттан нь “Весна” нэртэй вафли, хатаасан банана болж байв. Бас “Ямааны шүүс” гээд барзгар шилтэй ундаа салахын аргагүй амттай. Лимоны шүүс гэхийг л хөдөөнийхөн тэгж ямааны шүүс гэж монголчилсон хэрэг. Хятад бичигтэй байсныг бодоход энэ шүүс урдаас л ирдэг байсан байх нь.

Бас тэр жил “Наадам” гэдэг нэртэй хайрцаг дээрээ бөх, морь, сурын зурагтай шүүртэй янжуур худалдаанд гарч нутгийнхан маань нэг хэсэг л чамирхсан байх. Тэгээд удалгүй гаанс толгойдоо орсон байлгүй дээ.

Хурдан морины уралдаанд манай галынхан нас насандаа айрагтай сайхан наадаж байлаа. Их насны морьдын уралдаанд “Бүргэд хүрэн”-гийнхээ тоосыг үзэж байгаа болохоор түрүүчийн морь гараад ирэнгүүт өөрийн эрхгүй өндийж томчуудыг дуурайж дурангаа шүүрлээ. Түрүүчийн гурван морь бараг зуузай холбожээ. Тэр дунд лав хүрэн морь минь алга. Харин арын хоёр морины нэг нь манай “Бүргэд хүрэн". Барианы зурхайд орж ирэхэд нь морь бариач “тав”- ын тоотой найз атгуулж байгаа харагдав. Аавтайгаа хамт тэгж нэг айраг авсан шиг наадсан маань наадам наадмын дундаас хамгийн сайхан нь байжээ.

Тэр жилийн наадмын шүдлэн морьд яг эргэх үеэр хүчтэй дуу цахилгаантай мөндөр орж баллах шахав. Амьсгалахад ч бэрхтэй болж бараг л усан хуй болсон санагддаг юм. Уралдааны шүдлэнгүүд уруудаж, салж сарниж, юун барианд орохтой манатай юм болж сум даяараа түргэн авахад хүрч билээ. Харин азаар ямар нэг таагүй юм болоогүй маргааш нь дахин уралдсанаар түрүү айргаа тодруулсан санагдана.

Аав азарга, их насны морьд тавьж гарааны зурхайгаас морьд хөдөлгөх хариуцлагатай албанд томилогдсон учир намайг ч анзаарах цаг заваар хомсхон.

Энэ завшааныг ашиглан би гэдэг хүн үеийнхэнтэйгээ дөрөө харшуулж, морин дэл дээр хийсгэсэн амьтан дарвиж баахан давхина биз дээ.

Арван хэдхэн настай хүү тэр наадам дээр нутгийнхаа “Оготор” Дамдингийн охин Риймэдийн алаг нүдийг анх олж харж билээ. Уг нь бид хоёр сумын бага сургуульд ойролцоо сурч, бидний багад тэднийх манайх хоёр айл саахалт нутаглаж байсан хуучин танилууд. Гэвч нялх ботгоных шиг тийм гоё нүд, цэвэрхэн цагаан царайг нь тэр наадам дээр л анх анзаарч, хугас өдөр дөрөө харшуулж явснаа “Хулан, Цамба хоёр”- ын өнөө хэн шиг өөрийгөө эр хүн хэмээн тоож байсан томоогүй нас минь тэнд үлджээ.

Наадам өндөрлөж нутаг нутгийн наадамчид нэг л орой шаргал тоос хөдөлгөн тал тал тийшээ алсарч одох нь орон зай эзгүйрч, дурсамж дутуу үлдэх шиг.

Наадмаас буцаж яваа манай галынхан сарны цагаан туяа дор зугуухан хатируулж явлаа. Бидэнтэй зам нийлсэн “Ханхар” Даваа гэх идэрхэн эр “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дагаад хүүшилнэ. Хүний жаахан түүндээ сэтгэл юундаа даслаа” хэмээн хүнгэнэтэл дуулахад уртын дуу, монгол ахуй хоёр хэрхэн зохицолдож, ахуй байгаль хийгээд хүний сэтгэлд уусан шингэх увидастайг тэгэхэд л анзаарч билээ.

Зуны анир гүмхэн шөнө, сарны туяа асгарсан бор толгод, уурга суналзуулсан монгол эр хүн, уртын дуу. Тэр бүхэн одоо ч сэтгэлд минь хадгалаастай.

Зураг