ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэнж хотойтол сайхан наадаарай

Н.Пунцагболд
2014 оны 7 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Наадам дөхсөн энэ өдрүүдэд хаа сайгүй бороо орж, дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна. Хөдөө орон нутагт ч гэсэн зун сайхан болж, малчдын зоо тэнийж байгаа гэх. Айлууд гүүгээ барьж, сэнгэнэтэл иссэн айрагны үнэр хамар цоргиж, сайхан зун болж байна.

Тиймдээ ч энэ жилийн наадам сайхан болох нь дамжиггүй. Наадам хоёр хоногийн дараа  эхэлнэ. Энэ жил наадмын үеэр халуун байх төлөвтэй гэж цаг уурчид мэдээлж байгаа. Ойрын өдрүүдэд бороо тасраагүй болохоор хэд хоног дулаахан байхад гэмгүй. Наадамчдад ч таатай байх нь мэдээж. Өнөө жил төр засгаас наадмын талбайг засахад багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, сандал суудлыг нь шинэчилж байна. Хүй долоон худагт ч багагүй бүтээн байгуулалт өрнөлөө.

Тэр утгаараа наадамчин олон тав тухтай байна гэж найдаж байгаа.  Гэхдээ жилийн жилд наадмын тасалбар хүрэлцэхгүй байдаг. Тэр нь ч өнөө жил давтагдлаа. Иргэд хонох шахам  дугаарлаад ч тасалбар олж чадахгүй байгаагаа гомдоллож байгаа бололтой юм.

Ерөөс жил бүр л наадмын тасалбар дамлан худалдагчид 11-ний өдөр ёс юм шиг Төв цэнгэлдэхийн гадна зогсч байдаг. Энэ жил ч гэсэн уламжлалаа дав­тах нь гарцаагүй. Бүр их хэмжээгээр дамлахыг ч үгүйсгэх аргагүй байна. Одоо яая гэх вэ дээ. Эрхэм дарга нар хамаг гайгүй суудлаа хувааж ав­чихаад ард түмэндээ хамгийн “хог”-ийн сууд­лыг өгдөг хойно. Машины зогсоолын зөв­шөөрөл ч ялгаагүй. Хамгийн сайхан байрш­луудыг нь дарга нарын том жийп эзлэх бо­лолтой.

Тэгсэн мөртлөө ард түмэн явганаар, ду­раа­раа сайхан баярлаж болно ухааны юм яриад л байж байна. Зохион байгуулалт та­лаа­саа нэг иймэрхүү. Нээлтийн хувьд Д.Сосор­ба­рам гавьяат урьдынхаас өөр, шинэлэг зүйл хийж байгаа гэсэн.

Хамгийн гол нь монгол уламжлалыг харуулсан нээлт байх бололтой. Гэхдээ орчин үеийн урлаг ч гэсэн тэндээс үнэртэх байлгүй дээ. Тэгвэл өнөө жилийн наадмын бөхийн ба­рил­­даан их сонирхол татаад байгаа юм. Учир нь Г.Өсөх­баяр, А.Сүхбат аваргууд Дархан аварга цол хүртсэн. А.Сүхбат аварга өнөө жилийн наа­дамд барилдаж магадгүй тухай яриа гараад байгаа.

Хамгийн сүүлд тэр­бээр дархан аварга цолоо авахдаа барилдана ч гэж хэлээгүй, барилдахгүй ч гээгүй. Тэгэхээр барил­­даж байж магадгүй юм. Мөн жилийн жилд гарч байдаг нэг таамаг нь Аса аварга наа­дамд зодоглох тухай.

Энэ жил ч энэ таамаг, цуу тарлаа. Наадмын өглөө юу болохыг харж л бай­хаас. Дээрээс нь өнөө жил УИХ-ын гишүүд маань наадмаар тав хоног амрах хуулийн төс­лийг баталлаа.

Тиймээс албан ёсоор таван хо­ног сайхан амрах нь.  Иргэд наадамлаж, амарч ч амжсан юм байхгүй ажилдаа орчихдог бай­сан. Тэгвэл энэ жил тав хоног сайхан амрах бо­лолтой. Өнөө жилийн баяр наадмын хамгийн гол онцлог энэ байх нь. Тиймээс иргэд минь ажил­даа орох гэж яаралгүй аажуу уужуухан амарч, наадамлаж, агаар салхинд гарч, айргаа таа­ваараа ууж, сайхан наадаарай.

Зураг