ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ус нутгаадаа ирж улсынхаа наадамд түрүүлсэн хүлэг

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 9
Өдрийн шуудан
Зураг зураг

Төв аймгийн Баянцагаан сумын Сэрээнямын Банзрагч гэж нэртэй сайн уяач байлаа. Түүний ухаа зээрд морь улсад хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг удаа гуравт, хоёр удаа дөрөвт давхижээ.

Анх хавчиг соёолон морь аман хүзүүдэж гурван жилийн дараа Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор түрүүлж арван насандаа дөрөвт, арван гурван насандаа хоёр дахь удаагаа түрүүлжээ.

Улсын баяр наадамд 20 насандаа аман хүзүүлж харьшгүй хурдан хүлэг гэдгээ харуулсан юм. Улсад уралдаагүй жилүүдэд сумынхаа наадамд тав түрүүлжээ. Түүний давхилыг харахад зээр гөрөөс мэт харагддаг байж.

Үс тачир, дэл сүүл шингэн, том хүн мордвол булгина. Хүүхэд мордуулаад марзайлахад тайвширдаг байжээ. Банзрагч гуай “Би зээрд мориндоо нэг ч мордож үзээгүй хүн шүү дээ” гэж ярьсан байдаг.

Ухаа зээрд Баянцагаан сумын Батбуянгийн хөх цавьдар азарганы төл гэдэг. Анх Батбуян 1950 иад оны сүүлээр агтанд явуулжээ. Эгэлгүй догшин амьтан, салахын түүс болж агтанд өгсөн гэдэг. Тэр үеийн агтыг хөлөөр нь Хятадын хил давуулж Цагаан ус гэдэг газар тууварчид хүргэж өгч байжээ. Тууварчид “Хил давангуут адууны толгой нутгийн зүг эргэж давхих гээд мөн ч хэцүү шүү. Дахин адуу туумгүй юм билээ” гэж ярьсан байдаг. Зээрд үрээ агтанд явснаас хойш гурван жилийн дараа нутагтаа ирсэн байдаг.

Цас ханзарч байсан хаврын нэг өглөө зээрд морь ташаан толгой нь хэрзийн турчихсан, бас зүгээргүй шарх сорвитой адууныхаа захад идээшлэн зогсож байсан гэдэг. Тухайн үед эзэн нь эргээд ирж л гэж ярьцгааснаас биш нэг их тоосонгүй.

Түүнийг нутгийн Луу гэхч хүн нэг морь, тугалтай үнээгээр худалдаж авчээ. Жил тойрон авлага өгөөгүй учир арга буюу наймаа буцжээ. Дараа нь С.Банзрагч нэг мянган төгрөг, унагатай гүүгээр худалдаж авчээ. Нутгийн өвгөн Санжаажав, Банзрагчийг үнэтэй морь авлаа гэж зэмлэн “Чи жаал Жамсранжавын хөрөнгийг барах нь дээ” гэж хэлж байсан гэдэг. Жамсранжав гэдэг нь эцгийн хөрөнгөн дээр суусан Банзрагчийн төрсөн ах нь юм.

Ийнхүү хурдан хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шиг Банзрагчийн уяан дээр хорин насыг наслахдаа, хотол түмнээ баясгасан түүхтэй. Зээрдийг улсад түрүүлсний хойтон жил нь нөгөө зэмэлсэн Санжаажав “Би илүү үг хэлж байжээ. Чи ч зүгээргүй нүдтэй хүн юм аа” гэсэн гэдэг. С.Банзрагч гуай нэг удаа “Хурдан хүлэг нүүрийн буянтай шүү.

Яармагийн дэнжээс нутагт иртэл хүмүүс тосч уулзаад сайхан л байдаг юм. Зээрд морь минь Банзрагч гэдэг хүнийг олонд таниулсан буянтай хүлэг дээ” гэж ярьсан байдаг.

Зохиолч Ч.Лодойдамба хурдан морь сонирхдог хүн байсан бөгөөд Наваан найруулагчтай хамтран ухаа зээрд мориор “Түмэн эх” баримтат кино бүтээсэн удаатай. Тус кинон дээр зурхайгаас эргэсэн зээрд моринд машин зэрэгцэж очиход 80 мил зааж байж. Энэ л түүний эгэлгүй хурдтайг харуулж байдаг. Ийнхүү эмнэг догшноороо адлагдан агтанд туугдсан хүлэг ус нутгаадаа гүйн ирж улсынхаа их баяр наадамд түрүүлсэн удаатай.

Зураг