Түшээд хаагуур наадах вэ
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар төрийн түшээд хэрхэн наадахыг сонирхож утас цохилоо.

Х.Болорчулуун: Зүүн бүсийн наадамд оролцоно
-Би Улаанбаатартаа л наадна. Харин наадмын дараа буюу 13-нд Дорнод аймгийг зорино. Учир нь манай аймгийн Матад, Булган, Баян-Уул, Халхгол сумын 90 жилийн ой тохиож байгаа. Эдгээр сумдын ойд оролцоод Дорнод аймагт болох Зүүн бүсийн наадам очих төлөвлөгөөтэй байна.

М.Батчимэг: Хуучин дээлээрээ энэ жилдээ гоёчихно
-Миний хувьд нийслэлдээ л нааддаг. Бусдын л адил Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, бөхийн барилдаанаа үзнэ. Бас Хүй долоон худагт очиж морь үзнэ. Өмнөх жилийн дээлээрээ энэ наадмаар гоёчихно.

Ж.Батсуурь: Мандахын наадамд оролцож байна
-Би одоогоор Дорноговь аймгийн Мандах сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцож байна. Мандахын наадам хоёр өдөр үргэлжлэх байх. Энэ наадмын дараа Сайхандулаан сумын 90 жилийн ойн баярт бас очиж, наадах төлөвлөгөөтэйгээр явж байна. Сайхандулаан сумын ой энэ сарын 10,11-нд болно. Гэхдээ 11-ндээ багтаж хот орж, Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцох бодолтой байна.

А.Мөнхбат: Наадмын гоёлоо нарантуулаас л авчихна даа
-Манай холбооноос зохион байгуулдаг “Залуусын наадам” энэ жил гурав дахь жилдээ болно. Миний хувьд залуучуудтайгаа хамт Хүй долоон худагт наадна. Баяр наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж начин цолны болзол хангасан хамгийн залуу начинд даага бэлэглэнэ. Энэ арга хэмжээ нь 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Харин наадмын гоёлоо “Нарантуул” худалдааны төв ороод авчихна даа. Цагаан cap, баяр наадмаар өмсөх гоёлоо ихэвчлэн эндээс авчихдаг.

Г.Шийлэгдамба: Сумынхаа 90 жилд оролцоно
-Үндэсний их баяр наадмаар нийслэл хотдоо л наадна. Харин баяр наадмын дараагаас Хэнтий аймаг явна. Тэгээд өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойн наадамд очно. Манай сумын ой энэ сарын 17, өдрүүдэд болно.

Ж.Амарсанаа: Хүй долоо худагт наадамлана
-Нийслэлдээ л наадах байх. Эхний өдөр Төв цэнгэлдэхэд наадаж, 12-нд Хүй долоон худагт очиж хурдан морьдын уралдаан үзэхээр төлөвлөөд байна. Харин наадмын гоёлоо оёулж байгаа, хараахан дуусаагүй байгаа гэсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

