Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Бямбадорж: Шинээр цол авах цолоо ахиулах залуус олон байна

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг

“Сүүж”-ийн бөхчүүдийг ахалж буй Ч.Бямбадорж заантай ярилцлаа.

-Танай аймгийн бөхчүүд хэзээнээс наадмын бэлтгэлд гарав. Нийт хэчнээн бөх бэлтгэлээ базааж байна вэ?

-Наадмын бэлтгэлд зургадугаар сарын дундуур гарсан. Ер нь манайхан жилийн турш байнгын бэлтгэлтэй байдаг. Төрийн наадамд сайн барилдахын тулд бүтэн жилийн хөдөлмөр хэрэгтэй. Түүнээс биш энд ирээд, нэг cap бэлтгэл хийгээд наадмаар сайн барилдана гэж байхгүй. Нэг ёсондоо наадмын бэлтгэл бөхчүүдэд тактик болон сэргэлтийн бэлтгэл болж өгдөг.

-Таны хувьд сүүлийн хэдэн жил нутгийнхаа бөхчүүдийг ахалж харагдаагүй. Харин энэ жил хэзээнээс бөхчүүдтэйгээ нэгдэв?

-Тийм ээ. Миний хувьд сүүлийн хэдэн жил Орхон аймагт төрийн албанд ажилласан. Тиймээс нутгийн бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлд гарах боломж олдоогүй. Харин энэ жил ажлаа өгснөөр залуустай хамт наадмын бэлтгэлд гарч байна. Сүүлийн 40 гаруй хоног бөхчүүдийнхээ бэлтгэл, сургуулилалтыг хийлгэж байна.

-Танай аймгаас хэчнээн залуус аймаг, сумын наадамд барилдах вэ?

-Түрүүч нь нутаг явсан. Долдугаар сарын 25-26-нд манай аймаг баруун бүсийн том даншигтай. Тиймээс аймгийн наадмаа энэ сарын 5-6-нд хийхээр болсон. Аймагт барилдах манай 20 гаруй залуус нутаг явсан. Аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд улсад зодоглоно доо.

-Танай галын бэлтгэлийн хуваарь ямар байдаг вэ?

-Өглөө эрт бэлтгэл хийнэ. Өдөр 11, 16 цагт барилдааны бэлтгэл хийлгэнэ. Наадмаар хоёрын даваа оройтдог болохоор орой ч бэлтгэл хийнэ. Одоо наадам дөхсөн болохоор бэлтгэлийн ачааллыг багасгаж, сэргэлтийн бэлтгэл хийлгэж байна.

-Бэлтгэлийн явцад наадмаар сайн барилдах бөхийн өнгө харагдана биз дээ?

-Харагдана аа. Хэн сайн байгаа, хэний бэлтгэл ханасан нь мэдэгдэнэ шүү. Гэхдээ улсын наадмын босго өндөр шүү дээ. Бэлтгэл дээр сайн байсан ч доогуур унах тохиолдол зөндөө бий.

-Энэ жилийн наадмын өнгө ямар байх бол. Таны хувьд хэн түрүүлж, үзүүрлэн, цолоо ахиулна гэж бодож байна?

-Ер нь бөхчүүд бид наадмын өмнө энэ цол авна, тэр цол авна гэж ярьдаггүй юм шүү дээ. Бэлтгэл сайн хийж байгаа олон сайхан залуучууд байна. Энэ жил биш юм гэхэд ирэх жил, хойтон, тэрний дараа жил цол авах залуучууд зөндөө байна. Наадамд бэлтгэж байгаа бөхчүүд бүгд түрүүлж, үзүүрлэж, цолоо ахиулахыг дор бүрнээ бодож байгаа. Хамгийн гол нь сайн бэлтгэлтэй, тэр өдрийн од нь гийсэн аавын хүү түрүүлэх биз.

-Энд жил бүр наадмын өмнө галынхны том сорилго гэж хэлж болохоор наадам болдог. Энэ жилийн барилдаан хэзээ болох вэ?

-Энэ жил наадам болохгүй гэсэн.

-Та “Сүүж уул”-ын амралтад хэзээнээс наадмын бэлтгэлд гарч байна вэ?

-ЦЕГ-ын “Сүүж уул”-ын амралт 1982 онд байгуулагдаж дараа жилээс нь бөхчүүд наадмын бэлтгэлээ базааж эхэлсэн. Миний хувьд анх байгуулагдсан цагаас хойш энэ сайхан газар наадмын бэлтгэлээ базааж, улсын начин, заан хэмээх хүндтэй цолыг хүртсэн.

“Сүүж” байгуулагдаад 30 гаруй жил болоход энэ галаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12, даян аварга Г.Өсөхбаяр гурав, улсын арслан Х.Мөнхбаатар нэг түрүү авсан. Үүнээс гадна улсын арслан, гарьд, заан, харцага, начин цолтон олон төрсөн. Үнэхээр ээлтэй, өгөөжтэй газар.

-Та өөрөө бэлтгэлээ базааж байна уу. Энэ жилийн наадмаар зодоглох уу?

-“Сүүж”-д гарч байгаа нутгийн гэлтгүй, бусад аймгийн бөхчүүдэд мэддэг, чаддаг бүхнээ зааж өгч байна. Миний хувьд барилдахгүй. Харин нутгийнхаа бөхчүүдийн дээлийн захыг мушгиад сууна даа.

-Далай аварга цолыг хасахаар болсон. Энэ тал дээр та ямар бодолтой яваа вэ?

-Одоогоор нарийн ойлголт алга. Ерөнхийдөө дэмжсэн гэж сонссон. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт ороод далай аврага цолыг хурааж, зохих хүмүүст нь дархан аварга цол олгох юм гэсэн.

-Та үүнийг дэмжиж байна уу?

-Дэмжиж байгаа. Өмнө нь хэзээ далай аварга гэж цол байсан юм бэ. Сүүлд далай гэдгийн нэмсэн шүү дээ. 

Зураг