Монгол түмний цэнгэлийн манлай үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Бөхчүүд маань нутаг нуга, спорт хороо, дэвжээгээрээ наадмын бэлтгэлд гал болон гардаг уламжлалтай. Жил их тусам наадмын бөхийн барилдаан хэний ч таамаглаагүй олон сюрпризээр дүүрэн болж байгаа билээ.
Үүний нотолгоо нь Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойгоор улсын аварга Д.Сумьяабазар түрүүлснээс хойш нэг ч бөх улсын баяр наадмаар хоёроос дээш түрүү авч үзээгүй.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болох биз ээ
Монгол түмний үндэсний их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна.
Тиймээс манай сонины баг Улаанбаатараас 70 км зайд оршдог, ЦЕГ-ын харьяа “Сүүж уул”-ын амралтыг зорьсон юм. Жилийн жилд хамгийн олон хүчтэн цугладаг газар “Сүүж” амралтад энэ жил уламжлал ёсоор хамгийн олон гал гарчээ.
Энд Завхан, Хөвсгөл, Ховд, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймаг болон “Аварга” дэвжээ гэсэн долоон галын 150 гаруй бөх наадмын бэлтгэлээ базааж байна.Сүүжид хамгийн олон бөхтэй, хүчирхэг галыг Ховд аймгийнхан бүрдүүлжээ.
Улсын заан Ч.Бямбадоржоор ахлуулсан тус галд улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтайгэрэл, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, улсын начин И.Мөнхбаатар, Н.Батзаяа, Б.Заяамандах, Ч.Цогбаяр, Б.Пүрэвсайхан нарын 50 гаруй бөх бэлтгэлээ базааж байна. Ховдынхон энд байгаа бусад галаас түрүүлж буюу зургадугаар сарын 15-наас төвхнөжээ.
Энэхүү галд бөх сонирхогчдын анхаарлын төвд буй “Бага наадам”-ын үзүүр бөх, аймгийн арслан Оргихын Хангай, наадмаас наадмын хооронд Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудад тун сайн барилдаж буй аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан, аймгийн заан Доржсүрэнгийн Бадамгарав, аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий, аймгийн начин Цэвээнпүрэвийн Адъяа, Бальдаржамцын Тайван нарын бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан шижигнэсэн залуус бий.
Ховдын бөхчүүдийг сүүлийн жилүүдэд улсын заан Ц.Мягмарсүрэн удирдан бэлтгэл хийлгэж байгаа бөгөөд энэ жил түүний багш, улсын заан Ч.Бямбадорж аймгийнхаа төдийгүй “Сүүж уул”-д гарсан бусад галын бөхчүүдийг ерөнхийд нь удирдан залж, арга туршлагаасаа харамгүй хуваалцаж байна. Баян-Өлгий аймгийн арслан Б.Баатарцол, аймгийн харцага Б.Төмөрбаатар нар өөрийн багш, улсын заан Ц.Мягмарсүрэнгийн удирдлага дор Ховдын бөхчүүдтэй хамт бэлтгэлд гарчээ.
Ховдын аймгийн арслангаас доош цолтой хэсэг бөх биднийг очихын өмнөх өдөр нь нутгийн зүг жолоо залжээ. Ховд аймагт долдугаар сарын сүүлчээр баруун бүсийн даншигтай. Тиймээс аймгийн наадмаа энэ сарын 5-6-нд хийхээр болж залуус нутгаа зорьсон нь тэр.
Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин М.Эрдэнэбат, А.Батмөнх, аймгийн арслан Г.Батпүрэв, Л.Нямбаяр, Ч.Хөхчирэнгэр, Г.Батням нарын “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний 30-аад бөх “Сүүж”-д' бэлтгэлээ базааж байна. Харин Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Б.Баянмөнх энэ жил Бугын сангийн аж ахуйд “Хилчин”-ий бөхчүүдтэй нэгджээ.
Өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, Монгол Улсын гарьд Б.Гончигдамбаар ахдуулсан Завхан аймгийн “Засагтханы Завхан” дэвжээний бөхчүүд сүүлийн 10 гаруй жил тасралтгүй энд наадмын бэлтгэлээ базааж байна. Тус галд отгон гарьдаас гадна улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ж.Оргил, улсын начин У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн тэргүүтэй 30 гаруй бөх бэлтгэлээ чамбайруулж байгаа юм.
Завхан аймгаас жил бүрийн улсын баяр наадмын улсын цолтны тааварт нэрлэгддэг аймгийн арслан Л.Лха-Очир болон Б.Ганбаатар, цэргийн шинэ арслан Б.Бадамсүрэн, уран барилдаант аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарын улсын цол мөрөөдөж буй залуус бий. Түүнчлэн сумын заануудын барилдаанд тогтмол дээгүүр хүч үздэг чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан П.Өсөхбаатар, сумын заан Б.Чимэдвандан, Д.Бат-Эрдэнэ нарын залуус энд бэлтгэлээ базааж байна. Тэднийг энэ жил цол авсан байхад хэн ч гайхахгүй. Харин улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан харагдсангүй.
“Аварга” БТДС байгуулагдсанаас хойш 15 жил “Сүүж"-д бэлтгэлээ базааж буй Монгол Улсын уран барилдаант начин Б.Адьяахүүгээр удирдуулсан “Аварга” дэвжээнээс 20 гаруй бөх гарчээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” БТДС-ийг төгссөн улсын цолтой бөхчүүдийн дийлэнхийн амжилт түүнтэй салшгүй холбоотой.
Тус галд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн заан Б.Номиндалай, аймгийн начин Д.Аззаяа, сумын заан Ж.Бямбадоньд, Б.Сосорбарам, С.Түвшинжаргал, Д.Атгангэрэл нарын тус сургуулийн төгсөгчид болон оюутнууд багшийнхаа удирдлагад гарчээ. Түүнчлэн “Аварга” лицей сургуулийн хоёр ч хүүхдийг өсвөрийн барилдаанд бэлтгэж байна.
Сүүлийн хэдэн жил “Сүүж”-д Б.Адъяахүү багштайгаа хамт бэлтгэлд гарч, өнгөрсөн жилийн наадмаар 20 настайдаа харцага цол хүртсэн Монгол Улсын отгон харцага Э.Оюунболд энэ жил. буурь сэлгэжээ. Сонирхуулахад, тэрбээр энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Хэрлэн голынхоо хөвөөнд “Өндөрдэнж” гэдэг газар наадмын бэлтгэлд гарчээ. Хэнтийнхэн өчигдөр, өнөөдөр наадмаа хийж байгаа тул бөхчүүд нь аймгийнхаа наадамд барилдаад Улаанбаатарт ирэхээр төлөвлөжээ.
Сүхбаатарын аймгийн галд аймгийн хурц арслан Б.Батжаргал, аймгийн арслан Бо.Батжаргал, аймгийн харцага Б.Зоригтбаатар нарын бөхчүүд гарч байгаа юм. Жанжны нутгаас хамгийн сүүлд улсын харцага Ц.Магалжав 2000 оны наадмаар начин болсноос хойш улсын цолтон төрөөгүй. Тэгвэл улсын цолтны тааварт олон жил нэрлэгдэж буй аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар болон начны даваанд унаж үзсэн аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал, аймгийн арслан Болдбаатарын Батжаргал нарыгаа энэ жил улсын цолтны их гэр бүлд багтана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа биз ээ. Ялангуяа 2011 оны цагаан сарын барилдааны түрүү бөх Ш.Мөнгөнбаатар энэ жил цолоо ахиулаасай гэж хүсэх хүн ч олон бий.
Улсын харцага А.Цацабширээр ахлуулсан Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд сүүлчийн 10 гаруй жил энд наадмын бэлтгэлээ базааж байна. Дорноговь аймгийн бөхчүүдийг улсын начин А.Хатансайхан ерөнхийд нь удирдаж байгаа бөгөөд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал, Т.Буянжаргал, аймгийн харцага Д.Энхбаяр, аймгийн начин С.Дорждагва нарын тэргүүтэй 20 гаруй бөх бэлтгэлээ базааж байна. Биднийг очиход Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр болох О.Угтахбаяр нь нутгийн бөхчүүд дээрээ ирж, ном айлдаад буцна билээ.
Түүнчлэн Дорнод аймгийн 20 гаруй бөх энд бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны нэрээр олон жил барилдсан, улсын начин Д.Цогзолдоржоор ахлуулсан 20 гаруй бөх энд байна. Монгол орны зүүн хязгаарын нутгаас аймгийн арслан Д.Цогзолдорж начингаас хойш улсын цолтон төрөөгүй байгаа.
Тэгвэл энэ жил аймгийн арслан Б.Батхуяг, П.Мөнхбат нарыгаа улсын цолтны гэр бүлд багтаасай хэмээн нутгийн олон нь хүсч буй. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат улсын начин Ж.Гансүх Сэлэнгэ аймаг, “Аврагч” спорт хорооны бөхчүүдтэй Төр хурахад, аймгийн арслан Б.Батхуяг, улсын харцага Н.Түвшинбаяр, өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат гэсэн Аварга БТДС-ийн нэг ангийн найзуудтайгаа “Дуган хад” амралтын газар Булганы бөхчүүдтэй наадмын бэлтгэлд гарчээ.
Биднийг очиход бөхчүүдийн өглөөний бэлтгэл дууссан таарав. Хоолны дараа хоёр цаг амраад 16:00 цагаас бэлтгэлдээ гарлаа. Бөхчүүдээс хамгийн түрүүнд улсын заан Ц.Мягмарсүрэн, энэ жилийн цагаан сарын барилдааны үзүүрт аймгийн арслан О.Хангай нар хамгийн түрүүнд ирж биеэ халаасан. Бөх сонирхогчдын анхаарлын төвд буй О.Хангай арслан өөрөөсөө дүү цолтой бөхчүүдэд үлгэр дууриалал болж, бэлтгэлдээ хамгийн түрүүлж ирсэн нь тун сайхан санагдлаа.
Үүний дараа өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх Завханы Б.Гончигдамба гарьд бэлтгэлийн хувцастай талбайд ирсэн. Тэрбээр Ховдын бөхчүүдийг дэвж, шавж байхыг ажиглан суух хооронд нэгэн залуу бөх цүнхийг нь авчирч өгснөөр гарьд бэлтгэлдээ гарсан. Завхан нутгийн зон олон энэ жил Б.Гончигдамбаа төрийн наадмын түрүүг аваасай хэмээн дээлийнх нь захыг мушгих биз.
Учир нь Завханы бөхчүүд М.Лхагва арслангаас хойш 80 гаруй жилийн хугацаанд улсын наадмын түрүү авч амжаагүй. “Сүүж”-ийн галын хамгийн том цолтой бөх улсын арслан Х.Мөнхбаатар биднийг очсон өдөр зодог шуудаггүй хөнгөхөн бэлтгэл хийсэн. Тэрбээр Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаярын бяр ямар байгааг шалгаж, хав дөрвөлжин барьцнаас хэсэг ноцолдсон.
Арслантай бэлтгэл цуг хийсэн Ч.Цогбаяр начин бусдаас арай өөр, тун өнгөлөг харагдана билээ. Наадмаар цолоо ахиулж ч магад. Харин өнгөрсөн жилийн шилдэг 128 бөхийн барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгчийн цом гардсан улсын начин Б.Пүрэвсайхан энэ өдөр бэлтгэл хийгээгүй.
Сураг сонсвол тэрбээр авга ах улсын заан Ч.Батзоригийн хамт хот орохоор явсан гэнэ. Биднийг хөдлөх үед Дорноговийн бөхчүүд бэлтгэлдээ гарч байгаа харагдсан. Ер нь наадам дөхөж байгаа болохоор бөхчүүдийн бэлтгэлийн ачаалал багасч, хөнгөн бэлтгэл хийлгэж байгаа нь энэ аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|