Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвөөс Монгол Улсад анх удаа бөөр орлуулах хэвлийн диализийн эмчилгээг нэвтрүүлжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадашаас тодрууллаа.
-Монгол Улсад анх удаа хэвлийн диализийн эмчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн. Уг эмчилгээний талаар тодруулаач?
-Өнөөдөр /өчигдөр/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төв дээр бөөрний архаг дутагдалтай хүмүүсийг эмчилдэг үндсэн гурван аргын нэг болох хэвлийн диализ эмчилгээний аргыг Монголд анх удаа нэвтрүүлж байна. Үүнд бөөрний эмчийн хувьд би маш их баяртай байгаа.
Анх 1975 онд Бөөрний тасгийн үндэс суурийг тавьж гемодиализ эмчилгээг Монголд анх нэвтрүлсэн. Энэ нь бөөр орлуулах эмчилгээний анхны тохиолдол байсан. Улмаар 2006 онд Монголын бөөрний эмч нарын баг бөөр шилжүүлэн суулгах хагалгааг бие даан амжилттай хийгээд өнөөдрийн байдлаар 88 хүнд энэ эмчилгээг хийсэн. Эмчилгээ хийлгэсэн бүх хүн эрүүл саруул сайхан амьдарч байна.
Үүнээс хойш хэвлийн диализ эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа нь энэ салбарын гурав дахь том ололт болж байна. Ер нь гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ эмчилгээ зэрэгт бөөрний архаг дутагдлын эцсийн шат буюу гуравдугаар шатандаа орж, хоёр бөөрний үйл ажиллагаа нь 10 хүрээгүй хувьтай ажиллаж байгаа тохиолдолд хамрагддаг.
Цаашдаа дээрх гурван эмчилгээг Монгол Улсад бүгдийг нь хослуулан нэвтрүүлж хийснээр бөөрний эмийн эмчилгээ, энэ чиглэлийн анагаах ухаан дэлхийн төвшинд хүрч байна гэж хэлж болно.
-Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл нэмэгдэх шинжтэй байгаа гэсэн. Энэ цаг үед хэвлийн диализийн эмчилгээг нэвтрүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байгаа бололтой?
-Нээлтийн ажиллагаа болж, анхны өвчтөнөө эмчлээд эхэлчихсэн байгаа. Ер нь дэлхийн аль ч оронд бөөр, шээсний замын эмгэг буюу бөөрний өвчлөл их байдаг. Тиймээс ч халдварын бус гаралтай өвчнүүдийн дотор уг өвчин эхний 3-5 дугаар байрыг эзэлдэг онцлогтой. Тэгвэл бөөрний өвчин Монголд ч ялгаагүй эхний гуравдугаар байрт явж байгаа. Тухайлбал, бөөрний архаг дутагдал өвчнөөр 400 гаруй хүн өвчлөөд байна.
Үүнээс 175 орчим нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт диализийн аппаратаар эмчлэгдэж байгаа. Гэтэл цаана нь уг эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 40-50 хүн оочер, дугаараа хүлээгээд байж байх жишээтэй. Тиймээс эдгээр аппаратад орж чадахгүй байгаа хүмүүс энэхүү хэвлийн диализийн эмчилгээнд орох боломж бүрдэж байгаа нь чухал юм.
-Хэвлийн диализийн эмчилгээ олон давуу талтай гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Хэвлийн диализийн эмчилгээг аппараттайгаар хийж болно. Түүнчлэн аппаратгүйгээр хийх боломжтой байдгаараа давуу талтай. Тухайн хүн эмчилгээгээ өөрөө сураад гэртээ, ажил дээрээ, аялал жуулчлал хийгээд явж байхдаа солиод хийгээд байх боломжтой. Тиймээс ямар нэгэн зүйлээс хамааралгүй байна гэсэн үг.
Бид өвчтөнийг эмчилгээ хийдэг шингэн буюу уусмалаар хангаад, эмчилгээг нь заагаад өгчихвөл өөр аппарат, эмч шаардлагагүй. Тиймээс хэвлийн диализийн эмчилгээнд хамрагдах хүний тоог харгалзахгүй. Гол нь уусмалаар сайн хангах нь чухал.
-Эмчилгээнд ашиглах уусмал ямар үнэ төлбөртэй байх вэ. Гемодиализийн эмчилгээнээс хямд байж чадах уу?
-Гемодиализ эмчилгээнээс олон давуу талтай. Тухайлбал, өвчтөн нэг зүйлээс хамааралгүй, өөрөө сурчихсан бол хаана ч эмчилгээгээ хийж болно, уусмал нь хямд үнэтэй гээд олон давуу тал бий. Уусмалыг нэг удаа хийхдээ хоёр литрээр өдөрт дөрвөн удаа хийнэ. Нэг уусмал 20 гаруй мянган төгрөг болно.
Нэг удаагийн гемодиализийн эмчилгээ 150-160 мянган төгрөг болдог. Харин хэвлийн диализийн эмчилгээг хийвэл нэг удаагийн эмчилгээ 100 мянган төгрөгт багтана гэсэн үг. Гэхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд гемодиализ болон хэвлийн диализийн эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хийж өгч байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!