Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж, камерын өмнө “загнасан"-ы дараа тэдний дунд өрнөсөн яриа хөөрөө хэвлэлийнхэнд хаалттай болсон юм.
Ерөнхийлөгч хэлэх үгээ хэвлэлийнхний өмнө хэлж дууссаны дараа тэд хоёулхнаа үлдсэнээс хойш бараг цагийн дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарч ирсэн билээ. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авсан юм.
-Дотор юу болов. Та хоёр юу ярилцсан бэ. Сая бол та нэлээн загнууллаа?
-Ерөнхийлөгчтэй олны өмнө маргаад байлтай нь биш. Болохгүй шүү дээ. Дүрэм гэж байна, дэг жаяг гэж байна.
-Гэхдээ Ерөнхийлөгчийн танд хандсан хатуу үгнүүдийн хариуд ямар нэг зүйл хэлсэн биз дээ?
-Дарга нар чинь хэцүү шүү дээ. Төмөр зам бол аж ахуй байхгүй юу. Мөнгө байхгүй бол юу ч бүтэхгүй. Мөнгийг нь өгдөггүй л байхгүй юу.
-Та ч гэсэн дарга байсан. Танд ажил хийх боломж ч, мөнгө ч байсан гэж Ерөнхийлөгч хэлсэн. Санал нийлж байна уу?
-Гэхдээ төмөр зам барьдаг төсөв яаманд байхгүй шүү дээ. Төсөв гэдэг яамны л төсөв. Харин төмөр зам бол хөрөнгө оруулалт, зээл гэж байна.
-Тэгвэл саяхан телевизүүдээр цацсан “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч их эмзэглэж байна. Үнэхээр нэвтрүүлгийн агуулга нь ард түмнийг талцуулчих шиг болсон. Таны захиалсан нэвтрүүлэг гэдэг нь үнэн үү?
- Захиалга биш л дээ. Би өөрөө бараг зохиолыг нь гаргасан. Манайхан дандаа нэг худлаа мөлгөр юм яваад л байдаг. Тухайлбал, есдүгээр сарын 11-ний талаар нэвтрүүлэг байдгийг мэдэх үү. Тэр нэвтрүүлгийг тухайн үедээ Бушийг хийлээ гээд л байсан. Олон ургальч үзэл, олон талаас нь хандах гэж байдаг биз дээ. Тэр дагуу ганц нэвтрүүлэг хийсэн. Үнэн юм ярихаар л хүнд ингэж хүрч байгаа юм.
-Тэгэхээр тэр нэвтрүүлгийн зохиол таных юм уу?
-Тэгэлгүй яах юм.
-Гэхдээ их олон телевизээр нэвтрүүлсэн. Үүнд та их мөнгө цацсан уу?
-Юу гэж дээ. Мөнгөсөөд байх юу байсан юм бэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!