АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама парламентын доод танхимын олонх болох бүгд найрамдахчуудыг эрс шүүмжилж, холбооны засаг захиргааны үйл ажиллагааг аль болох хурдан сэргээхийг уриалжээ.
Тус улсад төсөв батлагдаагүйгээс болж энэ сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд үүдээ барьсан. Үүнийг бүгд найрамдахчуудын шантааж, улстөрийн ашиг сонирхолтой холбоотой гэж Барак Обама үзэж байна.
Тэрбээр “Холбооны Засгийн газар сүүлийн 17 жилд анх удаа үйл ажиллагаагаа зогсоолоо. Энэ явдал юунаас болов гэдгийг америк хүн бүр мэдээсэй гэж би хүсч байна. Учир нь бүгд найрамдахчуудад нэг хууль таалагдаагүй юм.
Тэд эрүүл мэндийн шинэчлэлийг хойшлуулахыг шаардаж, төсөв батлаагүй. Тэд хэдэн сая америк иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах бололцоогоор хангахгүйн тулд үзэл суртлын загалмайтны аян дайн эхлүүлж, Засгийн газрыг хаалаа” гэж мэдэгджээ.
Түүнчлэн Барак Обама АНУ-д үүсээд буй санхүүгийн асуудлаас болж Малайзад хийх айлчлалаа хойшлуулсан байна.
Обамагийн санаачилсан эрүүл мэндийн томоохон шинэчлэл олон жилийн турш дуншсаны эцэст арайхийн Конгрессоор орсон юм. Энэхүү шинэчлэлийн үр дүнд архаг өвчтэй, орлого багатай америкчуудад даатгалын гэрээ байгуулдаг цахим бирж нээгджээ.
Үүнээс өмнө даатгагчид ийм хүмүүст үйлчилгээ үзүүлдэггүй байснаас болж 40 сая гаруй хүн эмнэлгийн тусламж хүртэх эрхгүй байсан аж.
Гэвч энэхүү шинэчлэлийг баталсныхаа дараа бүгд найрамдахчууд эсэргүүцлээ илэрхийлж, төсвийг батлахаас татгалзжээ.
Үүний улмаас үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүдээ барьж, гаалийн ажилтнуудын цөөн хэсэг нь ажиллаж, цагдаа, түргэн тусламжийнхан шаардлагатай дуудлагад л явж байна.
Үүнээс гадна төрийн хэдэн зуун мянган албан хаагч цалингүй амралт авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!