Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч нар ямар хэлэлцээ хийв?

ikon.mn
2014 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэмсэг Ерөнхийлөгч Андрис Берзинш болон Латви Улсаас хүрэлцэн ирсэн анд нөхдийнхөө өнөөдрийн амгаланг айлтгая. Та бүхнийг Монголд тавтай морилон саатахыг хүсч байна.

Та бүхний Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны хоорондын харилцааг улам бүр бэхжүүлэн, харилцааны шинэ түүхийг нээнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

Ц.Элбэгдорж: Латви Улстай нээлттэй, харилцан ашигтай гадаад бодлого хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг. Энэхүү бодлого таны энэхүү айлчлалаар улам бүр эрчимжинэ гэдэгт итгэж байна.

Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гадаад харилцааны олон талт бодлого баримталсаар ирсэн. Бид Латви Улстай нээлттэй, харилцан ашигтай гадаад бодлого хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг. Энэхүү бодлого таны энэхүү айлчлалаар улам бүр эрчимжинэ гэдэгт итгэж байна.

Бид Латви Улсыг Европын Холбоонд, Европ тивд байгаа манай найрсаг дотно түнш хэмээн үздэг. Бид Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай дотно харилцаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Өнгөрсөн онд бид Европын Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээг Латвийн парламент хамгийн түрүүнд дэмжиж баталгаажуулсанд бид их баяртай байдаг. Ирэх жил Латви Улс Европын Комиссыг тэргүүлнэ. Тэр үед дээрх гэрээг бусад гишүүн орнууд батална гэж найдаж байна. Ингэснээр бид Европын Холбоотой хамтын ажиллагааныхаа гэрээг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэх юм” гэв.

Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Сайд нар, ноёд хатагтай нар аа, бид танай оронд айлчлан ирсэндээ сэтгэл хангалуун байна. Бид олуулаа ирсэн ч Монголд өмнө нь ирж байсан нь цөөхөн. Бидний Монголд айлчлах хүсэл сонирхол их байсан. Энэ нь хоёр орны харилцааг гэрэлт ирээдүй хүлээж буйн илрэл биз ээ.

Хоёр улсын хоорондын харилцаа тэр дундаа улс төр, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Хоёр орны харилцааг эрчимжүүлэх гол салбарууд бол урлаг соёл, боловсрол юм. Боловсролын салбарт хамтран ажиллах талаар цаашид дэлгэрүүлэн яриа хэлэлцээ хийх нь чухал байна.

Андрис Берзинш: Боловсролын салбарт хамтран ажиллах талаар цаашид дэлгэрүүлэн яриа хэлэлцээ хийх нь чухал байна.

Монгол Улс Латви Улстай 1991 онд дипломат харилцаа тогтоосоноос хойш найрсаг харилцаагаа хадгалж, олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно. Бид Афганистан болон бусад зарим улс оронд өрнөж буй энхийг дэмжих ажиллагаанд Монголтой хамтран гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Монгол Улс бидний найдвартай түнш бөгөөд та бүхэн ч бидэнд бүх талаар итгэж найдаж болно.

Надтай хамт яваа сайд, төлөөлөгчид энэ айлчлалаар хоёр орны харилцаанд чухал түлхэц үзүүлэх ажлуудыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Газар тариалан, мод бэлтгэлийн салбарт ажиллах өргөн боломж байна.

Манай орны 60 орчим хувь ой модоор бүрхэгдсэн учраас бид энэ салбарт хуримтлуулсан туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад бэлэн байна.

Түүнчлэн загасны аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж ирснийг манай далайн бүтээгдэхүүнээр мэдэх байх. Эдгээр болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа цаашид эрчимжинэ гэдэгт найдаж байна. Бид хамтран ажиллах аливаа саналыг нээлттэй хүлээн авч, идэвхитэй дэмжих болно” гэв.