Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Ц.Лхавга-Очир, М.Нуржал, байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нар өнгөрөгч тавдугаар сарын 2-ны орой хойд солонгосчуудад зодуулан биедээ хүнд гэмтэл авчээ.
Уг хэрэг цэргүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин констракшн” ХХК-ны барилга дээр ажиллаж байхад гарсан байна.
Эх сурвалжийн хэлснээр, Хойд солонгосчууд тухайн өдрийн 01:24-01:47 цагийн хооронд монгол байлдагчдын амарч байсан өрөөний цонхыг хагалж, үзүүртэй төмөр, тоосгоор зодож дээрх зургаан цэргийн биед хүнд гэмтэл учруулсан байна.
6 цэрэг зодуулсан хэргийг “Номин констрашн”-ы гүйцэтгэгч компани болох “Эрдэнэт-Орчлон” ХХК-ны захирал н.Султан нуун дарагдуулжээ.
Гэмтлийн улмаас 23 настай байлдагч Б.Отгонзаяа толгойн орой хэсэгтээ 2:0:5 см зүсэгдсэн шархтай, 19 настай байлдагч Г.Амгалан бүсэлхий нурууны баруун талаар 7 см, 4 см зулгарсан шархтай, тархины гэмтэлтэй, 20 настай байлдагч М.Баатаржуу 20 настай толгойн зүүн оройн хэсэгт 4:0,5 см шархтай,21 настай байлдагч Г.Эрхэмбаяр 21 настай толгойн зүүн оройн хэсэгт 6:1 см зүсэгдсэн зургаан оёдол тавиулжээ.
Гэмтсэн цэргийн өгсөн мэдүүлэгт дурдснаар,
“Эрдэнэт орчлон” ХХК-ны камерт бичигдсэн Хойд солонгосчууд тэр орой биднийг бүлэглэн зодсон бичлэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр офицерт бий. “Номин констрашн”-ы гүйцэтгэгч компани болох “Эрдэнэт-Орчлон” ХХК-ны захирал н.Султан хугацаат цэргийн алба хаагчдыг бусдад төмөр, мод, тоосгоор зодуулсныг мэдсэн хэр нь тав хоног нуун дарагдуулсан.
Гэмтсэн байлдагч нарыг хувийн эмнэлэгт үзүүлэн оёдол тавиулж, ар гэртээ хэлж болохгүй хэмээн дарамт үзүүлсэн” гэжээ.
Хэрэг явдал гарсны дараа тус ангийн МББ-ны захирагч хошууч, н.Баттүвшин “Эрдэнэт орчлон” компанийн захиралтай уулзаж гэмтсэн цэргүүдийг автобусаар анги руугаа хүргэжээ. Гэтэл гэмтсэн цэргүүдийг хүлээн авсан ангийн жижүүр хошууч н.Бодьхүү,туслах ахлах дэслэгч н.Сүхбаатар нар уг хэргийг нуун дарагдуулсан аж.
Баттай эх сурвалжийн хэлж буйгаар 016 дугаар ангийн захирагч, бргиадын генерал н.Онцгойбаяр нь удаа дараа хууль бусаар цэргүүдийг барилгын компаниудад ажиллуулж мөнгийг завшдаг байсан гэнэ.
Тухайлбал, дээрх гэмтсэн цэргүүд өнгөрөгч хоёрдугаар сараас хойш “Номин констакшн”-ы барилга дээр ажиллажээ. Уг хууль бус үйлдлийг мэдсээр байж ЗХЖШ-аас тодорхой арга хэмжээ авахгүйгээр барахгүй нуун дарагдуулахаар зэхэж байна.
Уг хэрэг явдлын дэлгэрэнгүй сурвалжлагыг “Содон” иргэдийн эрх зүйн сэтгүүл нийтэлсэн байна.
Сэтгүүлч Н.Түвшинжаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!