
Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, ерөнхий байцаагч Ю.Нямжаргалтай уулзлаа.
-Өнөөдөр /өчигдөр/ олон улсын гармын өдөр тохиож байна. Энэ өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон бэ?
-UIC гэж Францад төвтэй олон улсын байгууллагын холбоо бий. Энэ холбоо гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Манай Улаанбаатар төмөр зам 2011 онд UIC байгууллагын гишүүнээр элссэн.
Олон улсын гармын өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил гармаар аюулгүй зорчуулах гэсэн чиглэлээр зохион байгууллаа.
Улаанбаатар төмөр замын хэмжээнд гармын аюулгүй байдлын талаар хийсэн бүх ажлаа сурталчлах зорилгоор Зүүнхараа, Эрдэнэт, Толгойт, Сайншандад нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Төмөр зам болон аймаг, орон нутгийн цагдаагийн байгууллагууд оролцсон.
Гарман дээр аюулгүй зорчих асуудлыг дэлхийн хэмжээнд авч үздэг. Аюулгүйн дохиоллууд ажиллуулаад байхад төмөр замын гарман дээр гарах зөрчил нэмэгдэж байна. Замын түгжрэл ихтэй учраас онцгой анхаарал татаж байдаг.
-Төмөр замын гарман дээр гарч байгаа осол жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болдог гэж ойлгож болох уу?
-Судалгаанаас харахад гарч байгаа нийт ослын 99 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг. Тиймээс олон улсын байгууллага хүмүүсийг гармын талаар мэдлэгтэй болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан.
Цэцэрлэгийн наснаас нь эхлээд гармын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн үг. Энэ жил бид цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гармын талаар гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлсэн зургийг Франц руу явуулсан. Нэлээн дээгүүр байрт явж байгаа сураг сонсогдлоо.
-Гарман дээр камер суурилуулж болдоггүй юм уу?
-Гармыг эрсдэлгүй болгох зорилгоор техникийн байдлыг сайжруулсан. Иргэдийн анхаарлыг хандуулах зарлан мэдээлэх төхөөрөмж суурилуулсан. Энэ төхөөрөмжийг манай инженерүүд зохион бүтээсэн юм.
Галт тэрэг ирэх чиглэл заагч төхөөрөмжийг инженерүүд хийж тавьсан. Тухайлбал, галт тэрэг ирж байгаа чиглэлийг электрон самбар дээр заах юм. Мөн 10 орчим гармыг камержуулсан. WiFi мэдээлэл дамжуулагчтай камер суурилуулаад байгаа. Түүнчлэн автобаазын 300 гаруй жолоочид гармын талаар сургалт явуулсан.
-Төмөр замын автобус үйлчилгээнд гаргахтай холбогдуулаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Шинэ вагон үйлчилгээнд гаргахтай холбоотой зургаан буудал тохижуулж байгаа. Хоёрыг нь ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Зорчигчийн аюулгүй байдлыг хангахын тулд тусгай зурвас байгуулж байгаа.
Бууж суух хэсэг рүү очих зам талбайн асуудлыг хот шийдвэрлэнэ. Үйлчлүүлэгчид маш дэг журамтай байх ёстой. Бид камераар хяналт тавина. Хэн нэгэн зөрчил гаргавал тухайн бичлэгийг цагдаагийн газарт өгнө. Зорчигчийн тавцан дээр шар шугамаар аюултай бүс гэж бичсэн байгаа.
Галт тэрэг явж байхад энэ бүсээс дотогш нэвтрэх ёсгүй. Хувь хүн өөрийн сахилга батыг нарийн чанд сахих хэрэгтэй.
Бид мөн эмнэлгийн тусламж хүргэх ажлыг зохицуулахаар ярьж байна. 400 гаруй хүн үйлчлүүлэх учраас ямар ч асуудал гарч болзошгүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!